Режеп Таиип Эрдоан энэ долоо хоногт Вашингтонд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж магадгүйг ойрын эх сурвалж мэдээлэв
Бүгд Найрамдах Турк Улсыг Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ) гишүүн болгох хүсэлтэйгээ тус улсын Ерөнхийлөгч Режеп Таиип Эрдоан илэрхийллээ.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Узбекистаны Самарканд хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай уулзсаныхаа дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. Хэрэв энэ нь амжилтад хүрвэл Турк улс ШХАБ-д элссэн NATO-ийн гишүүн анхны орон болох юм.
"Эдгээр орнууд болон Турк улсын хоорондох харилцаа энэ алхмын дараа шинэ түвшинд хүрэх юм” хэмээн Режеп Таиип Эрдоан сэтгүүлчийн асуултад хариулахдаа онцолсныг Туркийн Төрийн хэвлэлийн агентлаг "Anadolu” мэдээлсэн байна.
Харин АНУ болон NATO-ийн зүгээс энэ талаар хараахан мэдэгдэл хийгээгүй байна. Режеп Таиип Эрдоан хувьд энэ долоо хоногт Вашингтонд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж магадгүй байгааг ойрын эх сурвалж мэдээлжээ.
"Анкарагийн энэхүү алхам нь барууны орнуудыг орлох холбоотон хайж байгаа гэсэн үг биш, харин дэлхийн бүх оронтой тэнцвэртэй харилцааг бий болгож буй хэрэг юм” хэмээн Туркийн Ерөнхийлөгчийн Батлан хамгаалахын зөвлөх Жагри Эрхан "Twitter” хуудастаа "жиргэжээ”.
Сүүлийн үед дорнын нөхөрсөг харилцаатай орнуудтайгаа хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр чармайж буй Турк улс 2013 оноос хойш ШХАБ-ын Яриа хэлэлцээний түншийн статустай болсон юм.
Харин тус байгууллагын жинхэнэ гишүүн болсноор Режеп Таиип Эрдоан барууны орнуудын эсрэг хүчирхэг хөшүүрэг бий болгож, ирэх жил болох сонгуулийн өмнө эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх боломжтой болох ажээ.
Сэтгэгдэл