Америкийн тагнуулчид 2030 онд дэлхий ертөнц ямар байхыг таамаглажээ


Америкийн тагнуулчид 2030 онд дэлхий ертөнц ямар байхыг таамаглажээ

 

АНУ-ын Үндэсний тагнуулын зөвлөл дэлхий ертөнц 20 жилийн дараа ямар байх талаар илтгэл нийтэлжээ. Дөрвөн жил тутамд нэг удаа нийтлэгддэг энэ судалгаа “Дэлхий дахины чиг хандлага 2030 он: Боломжит дүр зургууд” гэсэн нэртэй ба түүнийг Америкийн 16 тагнуулын байгууллагаас авсан мэдээлэлд үндэслэн бэлтгэжээ. Судалгаанд дурдсан таамаглалуудыг тус улсын ерөнхийлөгч болон бодлого боловсруулагчид гадаад, дотоод бодлогоо төлөвлөхөд ашигладаг гэнэ. Тэгэхээр 2030 он гэхэд дэлхий дээр ямар өөрчлөлтүүд гарна гэж Америкийн тусгай албад үзэж байна вэ? Энэ талаар АНУ-ын  цахим хуудсанд нийтлэгдсэн байна. 

 

Эдийн засаг

АНУ “дэлхийн цагдаа”, хэт их гүрэн гэсэн статусаа алдана. Үүнтэй мөн адилаар Европ, Орос болон Япон дэлхий дахинд эзэлж байсан урьдын байр сууриа алдах аж. Ази болон Ойрх Дорнодын орнууд хамгийн тогтворгүй бүс нутаг гэж тооцогдохоор байна. Эдгээр бүс нутагт олон тооны мөргөлдөөн гарч, цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй. Төв болон Зүүн Азийн орнууд ч мөн адил ийм асуудалтай тулгарна.

 

Өндөр хөгжилтэй орнууд нь хурдтай хөгжиж буй Хятад, Бразил, Энэтхэг, Колумб, Индонез, Нигери, Турк болон Өмнөд Африкийн орнуудад тэргүүлэгчийн байр сууриа алдана. Эдгээр орнуудад ойрын 15-20 жилийн хугацаанд шинээр бий болох технологиудын ихэнхийг зохион бүтээнэ гэсэн таамаглал бий.

 

2030 онд Хятадын эдийн засаг цар хэмжээгээрээ АНУ-ын эдийн засгийг гүйцэж түрүүлнэ. Ази тив Европ болон Хойд Америкийг нийлүүлснээс ч илүү хүч нөлөөтэй болох ажээ. Америкчууд эрчим хүчний эх үүсвэр импортолдог байснаа экспортолдог болон хувирах ба судлаачдын таамаглаж байгаагаар, АНУ-д “занарын хувьсгал” гарч магадгүй бололтой.

 

Хойд хөршийн эдийн засаг эрчим хүчний эх үүсвэр болон ашигт малтмалын экспортоос хараат хэвээр байх аж. Хөдөлмөрийн чадвартай хүн амын тоо хөгширч байгаа үед дээрх байдал нь эдийн засгийн өсөлт удаашрахад хүргэнэ.

 

Улс төрийн бодлого

 

Хэдийгээр эдийн засаг нь уналтад орох боловч АНУ дэлхийн улс төрийн тавцан дахь нэр хүнд, нөлөөгөө хадгалсан хэвээр байна. Үүний учир хэмээвээс, Америк бол дэлхий нийтийг хамарсан томоохон асуудлыг шийдэхийн тулд эвслийн хүчнийг дайчлан бүрдүүлж чадах цорын ганц гүрэн байх юм. Харин Орос улсын хувьд гадаадын шинжээчид дараах гурван нөхцөл байдал бий болно гэж үзжээ.

 

Нэгдүгээрт, тус улс барууныхны хувьд эрх тэгш түнш нь болох боловч энэ нь нийтлэг үнэт зүйлс дээр суурилсан бус харин практик сонирхлоос үүдэлтэй.

 

Нөгөөтээгүүр, Орос болон бусад орнуудын харилцаа одоогийнхоос илүү хурцадмал, зөрчилдөөнтэй болно. Мөн тус улс цэрэг зэвсгийн хувьд давуутайгаа ашиглан хөрш орнуудаа дарамталж түрэмгий улс орон болон хувирна.

 

Технологи

 

Лалын хэт туйлширсан үзлийн аюул мэдэгдэхүйц багасах боловч бүрмөсөн алга болохгүй. Дэлхий даяар салангид тусдаа террорист ажиллагаанууд болох ажээ. Террористууд биологийн болон кибер зэвсэг ашиглахгүй гэсэн баталгаа алга. Олон улс орон ийм төрлийн зэвсгээр улайран хөөцөлдөж эхэлнэ.

 

Харамсалтай нь, 20 жилийн дараа “Ирээдүйд буцаж очсон нь” гэдэг кинонд дүрсэлсэн шиг нисдэг машинууд бий болохгүй нь. Одоо нэгэнт бий болчхоод байгаа нисгэгчгүй онгоцнууд нь ирээдүйд зам тээврийн аюулгүй байдлыг хангах, замын түгжрэлийг бууруулах, ослын улмаас амиа алдах тохиолдлыг эрс багасгахад тун их ач холбогдолтой байх болно.


Гүүгл, Фейсбүүк зэрэг томоохон интернэт-компаниуд манай гарагийн бүх хүмүүсийн хувийн мэдээллийг цуглуулан, цаг тухай бүрд нь шинэчилж чаддаг болох учраас тусгай албадтай энэ тал дээр тун ширүүн өрсөлдөх бололтой. Төрийн зүгээс иргэдээ хянах боломж улам нэмэгдэнэ. Гэхдээ энэ “мэдээлэл, харилцаа холбооны дайн”-нд хэн ялах нь тодорхой бус. Төрийн хувьд ч тэр, жирийн иргэдийн хувьд ч тэр энэхүү хүчирхэг “зэвсгийг” ашиглах боломж бололцоо ижилхэн байна.

 

Хүн амзүйн байдал

 

20 жилийн дараа дэлхийн хүн ам 1.2 тэрбумаар нэмэгдэх тул энэ хэрээр эрчим хүчний эх үүсвэрийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэнэ. Хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ 35 хувь, усны хэрэглээ хоёр дахин өсөхөөр байна. Ойрх Дорнод болон Африкийн улс орнууд хоол тэжээл, усны хомсдолд асар ихээр өртөнө. Орос улсын хүн ам 2030 онд 10 сая хүнээр буурах ба энэ нь дэлхий дахинд хүн амзүйн хамгийн том "уналт" болно. Ингэснээр хойд хөрш ажиллах хүчний дутагдалд орохоор байна.

 

http://www.shuud.mn/a/543509


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.