Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Шүүхийн тухай багц хуулийг өнгөрсөн 2013 оны дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжүүлж эхэлсэн. Багц хуулийн хүрээнд шүүгчийн бие даасан, хараат бус байдлыг хангах тодорхой механизмуудыг хуульчилж, улмаар шүүгчдийн цалинг шинэчлэн тогтоосон билээ. Өөрөөр хэлбэл, сая хүрэхтэй үгүйтэй төгрөгийн цалин авдаг байсан шүүгч нар сард 2.7-3.5 сая төгрөгийн цалинтай болсон нь яах аргагүй томоохон шинэчлэлийн нэг байв. Энэ нь шүүгч нарыг авлига, хээл хахуулаас ангид байж, хэн нэгний эрх ашгийн төлөө хууль бус шийдвэр гаргахаас сэргийлсэн төр, засгийн зүгээс авсан арга хэмжээ ч гэж ойлгож болно.
Харамсалтай нь, өндөр цалин авлаа гээд бүгд шударга, үнэний дуу хоолой болж чадсан эсэх нь эргэлзээтэй. Учир нь, өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон нийтийн зүгээс "Шүүгч нарын цалинг нэмлээ гээд шударга ажиллаж чадах уу" гэх асуултыг тавьж, өнөөг хэр нь хариултыг нь хайсан хэвээр байгаа юм.
Тэгвэл эдийн засгийн хүндхэн цаг үед төрийн эрхийг хүлээж авсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын толгойлсон Засгийн газар 2016 оны төсвийн тодотголдоо шүүгч нарын цалингийн асуудлыг хөндсөн нь багагүй шүүмжлэл дагуулаад байна. Сангийн яамны тооцоолсноор шүүгч нарын цалинг тодорхой хэмжээнд хассанаар энэ онд 3.2 тэрбум, цаашид жилд 7.7 тэрбум төгрөгийг хэмнэх гэнэ. Ингэснээр элгээрээ хэвтсэн эдийн засгийг сэрээхэд жаахан ч гэсэн хөшүүрэг болно гэж тэд үзэж байгаа аж. Харин дээрх тооцооллыг шүүгч нар, тэдний толгой байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хүчтэй эсэргүүцэж байгаа сурагтай. Мэдээж хэрэг авч байгаа цалинг нь хасаж, халаасанд нь гар хүрэхэд хэний ч бухимдал төрнө. Ялангуяа эдийн засгийн байдал тогтворгүй, иргэдийн худалдан авах чадвар муу байгаа одоо цагт бол хүлээн зөвшөөрөхөд хэцүү байх нь ойлгомжтой. Нөгөө талаас "Шүүгч нарын цалинг хассах нь ухралт болно. Тэд авлига, хээл хахуулын эзэд болж, үнэний талд бус хэн нэгэн эрх мэдэлтний гар хөл болно" гэж ярих ч хүн байна.
Гэхдээ жирийн иргэний сард авдаг цалинг хэд дахин нугалж авдаг тэдний цалингаас хасах нь элгээрээ хэвтсэн эдийн засгаа сэрээхэд жаахан ч гэсэн нэмэртэй гэвэл тэдний халаасанд нь гараа хийхэд юу нь болохгүй гэж. Үнэндээ шүүгч нар "Шүүгч би аливаа хэрэг, маргааныг зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ, шударга ёсыг чанд сахиж явахаа батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал хуульд заасан хариуцлага хүлээнэ" хэмээн төрийнхөө сүлдний өмнө тангараг өргөдөг биз дээ. Шуудхан хэлэхэд, тэд цалингаа их, бага гэж гололгүй өргөсөн тангарагтаа үнэнч байхад л болоод явчих юм биш үү. Тэгээд ч шүүхийн танхимд алх цохих төдийд хүний амьдралын дэнсэлдэг болохоор нь шүүгч нараар тангараг өргүүлдэг болохоос авсан цалингийнх нь хэмжээгээр алх цохих эрх тэдэнд олгоогүй юм шүү.
Эх сурвалж:
|
Сэтгэгдэл