Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль зөрчин томилгоо хийжээ


Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль зөрчин томилгоо хийжээШүүгч, шүүхийн Ёсзүйн хорооны гишүүдийг Ерөнхийлөгчийн зарлигаар томилдог. Тэгвэл өнгөрсөн сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүхийн Ёсзүйн хорооны гишүүнийг томилохдоо хууль зөрчин томилсон байна. Тодруулбал, шүүхийн Ёсзүйн хороо нь есөн гишүүнтэй байдаг бөгөөд шүүхийн захиргааны тухай хуулийн 32.3-т ёсзүйн хорооны гишүүнд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос гурав, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гурван хүний нэрийг дэвшүүлнэ. Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнд шүүгч, Ерөнхий зөвлөлийн болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор орохыг хориглоно гэсэн заалт байдаг. Энэ дагуу шүүхийн Ёсзүйн хорооны гишүүд томилогдсон байжээ.

Харин одоогоос хоёр сар гаруйн өмнө давж заалдах шатны шүүхээс төлөөлөл болон томилогдон ажиллаж байсан гишүүн нас барсан байна. Тиймээс түүний орны хүнийг томилох шаардлага гарчээ. Энэ дагуу сонгон шалгаруулалт явуулж, н.Цэцэгээ, н.Сэлэнгэ, н.Доржготов, С.Нямжав нарын дөрвөн шүүгчийг нэр дэвшүүлсэн байна. Улмаар давж заалдах шатны 21 шүүхийн шүүгч нар С.Нямжавд итгэл хүлээлгэн сонгосноор ШЕЗ С.Нямжавыг нэрийг Ерөнхийлөгчид өргөн барьсан аж.

Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгон шалгаруулалтад тэнцэж, нэрийг нь өргөн барьсан С.Нямжавыг бус шалгаруулалтад оролцоогүй өөр хүнийг шүүхийн Ёсзүйн хорооны гишүүнээр томилсон байна. Тодруулбал, Ерөнхийлөгч өнгөрсөн аравдугаар сарын 29-нд зарлиг гарган, шүүхийн Ёсзүйн хорооны гишүүнээр Б.Үнэнбатыг томилжээ. Хэдийгээр энэ нь хууль зөрчсөн ноцтой үйлдэл болсон ч Ерөнхийлөгчийн зарлиг учраас ШЕЗ-ийнхөн хэл ам хийлгүй Ерөнхийлөгчийн зарлигийг дагасан байна.

Б.Үнэнбат нь Хууль зүйн сайд Д.Дорлигжавыг Ерөнхий прокурор байх үед Улсын Ерөнхий прокурорын газарт Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Харин Улсын Ерөнхий прокуророор М.Энх-Амгалан томилогдонгуутаа Б.Үнэнбатыг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Улмаар Б.Үнэнбат эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Улсын дээд шүүхээс Иргэний танхимын хуралдаанаар Б.Үнэнбатыг ажилд нь буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалинг эргүүлийн олгох шийдвэр гаргаж байсан билээ. Гэвч Б.Үнэнбат нь өдгөө Хууль зүйн яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байгаа юм.

Юутай ч давж заалдах шатны шүүхээс шүүхийн Ёсзүйн хорооны гишүүнд нэг төлөөлөгч байх ёстой. Уг төлөөлөгчөөр давж заалдах шатны 21 шүүхийн шүүгчид С.Нямжавыг сонгосон. Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийнхүү хууль зөрчин, Б.Үнэнбатыг томилоод байна.

Г.Лхагваа

    /Шүүхийн Ёсзүйн хорооны гишүүнийг томилсон Ерөнхийлөгчийн зарлиг/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.