'Нүцгэн'-ээр нь үзсэн нүүрсний шүүх


 'Нүцгэн'-ээр нь үзсэн нүүрсний шүүх
Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч хуульд заасан хариуцлага хүлээнэ. (Шүүгчийн тангараг)
 
 
Сүүлийн хэд хоног Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг Eagle TV шууд дамжуулснаар улс даяараа үзэж сонирхож байна. Эрх зүйч хүний хувьд энэ шууд дамжуулалтаас төрсөн санаа, бодлоо та бүхэнтэй хуваалцмаар санагдсан юм. Гэхдээ үүгээрээ шүүхийн шийдвэрт нөлөөлөх, шүүхийн нэр хүндэд халдах зорилго тавиагүй болохыг зориуд тэмдэглэж байна.
 
Л.Гансүх нарыг прокуророос Эрүүгийн хуулийн 263.2.-т зааснаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн 166.2.-т зааснаар татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа юм байна.
 
 
 
Сонирхлын зөрчил
 
Энэ хэргийг шүүх бүрэлдэхүүний шүүгч, хуралдаан даргалагч Х.Идэрийн төрсөн ах Х.Тамир нь Тээврийн прокурорын газарт прокуророор ажилладаг бөгөөд мансуурах буюу сэтгэцэд нөлөөлөх "мөс” хэмээх бодис хууль бусаар олж авсан асуудлаар Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байна. Л.Гансүх нарын хэргийг Авилгатай тэмцэх газар мөрдөн шалгаж прокурорт шилжүүлсэн байна. Шүүгдэгч Л.Гансүх нарын өмгөөлөгчид энэ хэргийг улс төрийн шалтгаанаар үүсгэсэн гэж үзээд байдаг. Мөн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэг удаа шүүх хуралдааныг хойшлуулахдаа шүүх бүрэлдэхүүн гадуур батлан даалтад байсан шүүгдэгч нарыг гэнэт, маш эргэлзээтэй үндэслэлээр цагдан хорьсон байдаг.
 
Өөрсдөө сайн дураараа, ямар нэгэн албадлагагүйгээр шүүх хуралдаандаа ирж байгаа хүмүүсийг цагдан хорино гэдэг бол эрүүдэн шүүлтийн л нэг хэлбэр гэж үзэхээс өөрөөр тайлбарлахад хэцүү юм. Эдгээр нөхцөл байдлуудад үндэслээд шүүгдэгч нарын өмгөөлөгчид шүүгч Х.Идэрийг болон шүүх бүрэлдэхүүнийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт удаа дараа тавьсан боловч шүүх тэдний санал, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож хүлээн авсангүй. Шүүх ингэж "улайрснаараа” шүүхийг маш муухай харагдуулав. Энэ хэрэг яаж ч шийдвэрлэгдсэн Х.Идэр шүүгч зөв харагдаж чадахгүйгээс гадна олон нийт болон хэвлэл мэдээллийнхэн энэ хэргийн дараа түүний ах Х.Тамирын хэрэг хэрхэн шийдвэрлэх бол гэж нүдээ бүлтийлгэн анхааралтай ажиглах болно. Би энэ залууг танихгүй. Ийм залуугаараа шүүгч болсныг бодоход муу хуульч биш байх. Ямар ч "шахалт”, "захиалга”, шалтгаан байсан гэсэн энэ хэргээс өөрөө татгалзан гарчихгүй яав даа гэсэн харамсал төрсөн.
 
Шүүгчийн ёс зүй
 
"Шүүгчийн ёс зүй” гэж том ухагдахуун байдаг. Дээрх үйл явдалд анализ хийхэд төрсөн ах нь хар тамхины хэрэгт холбогдон хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа аль ч шатны, ямар ч шүүгч албан тушаалаасаа түдгэлзэж байх нь зөв жишиг юм. Яахав, түдгэлзээд, эсвэл чөлөө аваад эрдмийн ажил ч юм уу хийж байгаад ахтай нь холбоотой эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа шүүгчийнхээ ажилд эргэн орж болно. Гэтэл шүүгч Х.Идэр түдгэлзээгүйгээр үл барам нийгмийн анхаарлын төвд байгаа хэргийг шүүж, хууль зүйн үндэслэл нь эргэлзээтэй шийдвэр гаргаж болзошгүйг байгааг нь яаж ч сэтгээд зөвтгөх аргагүй юм. Дээх нь үед нэг шүүгчийн төрсөн ах нь бага насны хүүхэд хүчиндсэн хэрэг үйлдсэн байдаг. Тэр үед ч ялгаагүй тэр шүүгч эмэгтэй албан тушаалаасаа түдгэлзээгүй. "Өөрөө хэрэг хийчихсэн биш, шууд түүнд хамаатуулах ёсгүй" гэж маргах хүмүүс гарах л байх.  
 
Энэ бол хэн нэг нь тухайн албан тушаалтанд хөндлөнгөөс хариуцлага тооцох, үйлдлийг нь хязгаарлах биш, харин тухайн албан тушаалтны өөрийнх нь ухамсар, ёс зүй, хандлагын тухай яриа. Шүүгчийн ёс зүй бол заавал хуульчлагдах, дүрэмжих гэхээсээ илүү тухайн хувь хүний ёс зүй, төлөвшил, ёс суртахуун, ухамсар дээр оршин тогтнодог юм. Өөрөөр хэлбэл хэн нэгний аливаа ёс зүйн үйлдэл нь тухайн хүний ёс зүйтэй байдал, ёс суртахуунтай байдалд үндэслэж байдаг. Шүүгчийн албан тушаал маш өндөр ёс зүй шаарддаг учраас анхнаасаа хууль батлахдаа тухайн албан тушаалтанд аливаа хэрэг, маргаан шийдвэрлэх үйл явцаас өөрөө татгалзах боломжийг нь олгосон байдаг юм. Заавал хөндлөнгийн хэн нэгний хүсэлт, шахалт, шаардлагаар биш харин өөрөө нөхцөл байдлыг ухамсарлан тухайн хэргээс татгалзлаа илэрхийлээд гарч болдог. Би үүнийг л ёс зүйтэй шүүгч, өндөр ёс суртахуунтай хүн гэж тодорхойлох гээд байгаа юм.
 
Шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах
 
Шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг хянан шийдвэрлэх Ерөнхий шүүгч М.Алдар маш шуурхай ажилладаг болохыг энд дурьдах хэрэгтэй. Өмнө нь тогтсон практикаар бол хэрэв шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг оролцогчдоос татгалзвал шүүх хуралдааныг тодорхой бус хугацаагаар хойшлуулж Ерөнхий шүүгч татгалзлыг хүлээн авах эсэхийг шийдвэрлэчихээд хуралдаанаа зарладаг байсан. Энэ хэрэгт М.Алдар шүүгч өрөөндөө шүүгчдийн татгалзлыг хүлээгээд сууж байдаг бололтой. Татгалзлаа. Тэр дор нь татгалзлыг хэрэгсэхгүй болголоо. Шүүх хуралдаан үргэлжиллээ. Шүүх дандаа ийм шуурхай ажилладаг бол муу зүйл биш л дээ. Гэхдээ энэ үзэгдэл зөвхөн Л.Гансүх нарын хэрэг дээр ажиглагдсан нь сонирхолтой.
 
2000 оны эхээр Улсын Дээд шүүхээс дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч нарт чиглэл өгсөн нэгэн бичиг ирж байсан. Уг чиглэлийн агуулга нь 
 
"олон нийтийн анхаарлын төвд орсон, их маргаантай, хүнд, хэцүү эрүү, иргэний хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч даргалж хуралдуулж байвал зохилтой”
гэсэн утгатай байсан. Энэ нь Ерөнхий шүүгч өөрийн шүүхийн шүүгчдийг мэргэжлийн удирдлагаар хангах, мэдлэг, туршлагаа өвлүүлэх, хуваалцах, алдаа мадагтай шийдвэр гарахаас сэргийлэх гэсэн олон чухал ач холбогдолтой байсан юм. Өөрөөр хэлбэл тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар энэ хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд сонирхлын зөрчилтэй байж болзошгүй шүүгч томилохын оронд өөрөө даргалж явуулах нь хаа хаанаа зөв шийдвэр байх байлаа. Ерөнхий шүүгч гэдэг албан тушаалтан бол өөрийн шүүхийн шүүгчдийг гадны ямар нэгэн шахалт, дарамт, нөлөөнөөс гаргаж, хамгаалж чаддаг, шаардлагтай нөхцөлд "цохилт”-ыг өөр дээрээ хүлээн авах чадвартай, эрх зүйн өндөр мэдлэг, боловсролтой, ёс зүйтэй, туршлагатай хуульч байх ёстой. Харамсалтай нь байдал ямар байгааг та бүхэн өөрсдөө харж байна. Нэг асуудал гарахаар л өөрөө шийдвэрлэх толгойгүй, дээд шатныхаа шүүгч рүү хэргээ, асуудлаа "сугавчлаад” гүйдэг Ерөнхий шүүгч байх ёсгүй. Шүүх бол босоо биш хэвтээ тогтолцоотой байгууллага юм.
 
Онлаин шүүхийн гол дүрүүд
 
Шүүх хуралдаанд телевизийн камер, дуран ажиллаж шууд дамжуулалт хийж байгаа явдал нь шүүх хуралдааны уур амьсгалд нөлөөлж байгаа нь мэдрэгдэж байлаа. Шүүгч нарын зүгээс хэргийн оролцогчид, шүүгдэгч нарт ханддаг дээрэнгүй, зандрангуй байдал бараг ажиглагдсангүй. Харин мэргэжлийн гэмээр алдаанууд гаргасаар л байна. Жишээ нь, улсын яллагч, өмгөөлөгч нар
 
"Шүүх хуралдааныг өнөөдөр завсарлаж маргааш явуулах саналтай байна”
гэхээр даргалагч шүүгч нь
 
"Би өнөөдөр үргэлжлүүлэх саналтай байна”
гэх юм. Шүүгч саналаа хэлэх биш, бусдын саналыг сонсоод шийдвэрлэх л үүрэгтэй. Өөр жишээ. Шүүх хуралдааныг даргалагч шүүгч удирдан чиглүүлж явуулах үүрэгтэй. Гэтэл шүүх бүрэлдэхүүний шүүгч байн байн даргалагчийн урдуур орж шүүх хуралдааны үйл явц, ажиллагааг зохицуулаад байгаа зохимжгүй байдал ажиглагдсан. Хамгийн "хөгжилтэй" гэмээр нэг зүйл,  шүүгч, өмгөөлөгч хоёр мэтгэлцээд, маргаад байх юм. Шүүгч, өмгөөлөгч нар хоорондоо мэтгэлцэх тухай ямар ч хуулинд байдаггүй. Өмгөөлөгч, улсын яллагчийн санал, тайлбарыг сонслоо, шийдвэрээ гаргаад алхаа цохиод цаашаа явлаа. Ерөөсөө л энэ. Гэтэл маргалдаад өөрийнхөө зөв эсэхийг өмгөөлөгчид батлах гээд байгаа нь хошин харагдсан.
 
Миний бодлоор хэрэг хүлээн авсан шүүгч хэрэгтэйгээ уншиж танилцаад шүүхэд шилжүүлэхээс өмнө нэмэлт мөрдөн байцаалтад буцаавал буцаачихмаар л байсан юм шиг санагдсан. Харваас л дахиж тодруулж үзэх, шалгах зүйлс байж л байна билээ. Одоо тав хоног зурагтаар хуралдаад хэрэг хэлэлцэхээс өмнө тодорхой мэдэгдэж байсан нөхцөл байдлуудад үндэслээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаавал шууд хэрэг уншиж шүүхэд шилжүүлсэн шүүгчийн ур чадвар, мэргэжлийн шаардлага хангаж байгаа эсэх тухай асуудал тавигдах ёстой.
 
Прокурор Ш.Баярбилэг гэгч бүсгүйг бас өмгөөлөгчид татгалзсан. Учир нь тэрээр хэрэг шалгаж эхлэх үед Л.Гансүх нарыг улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн мэтээр орон даяар телевизээр ярьж мэдээлсэн байдаг. Энэ үйлдэлд нь би Ш.Баярбилэг прокурорыг буруутгахгүй байгаа. Прокурорын байгууллага харьцангүй босоо тогтолцоотой тул удирдлага нь "явж телевизэд мэдээлэл өг, хэвлэлийн хуралд оч” гээд үүрэг өгчихөөр яалт ч үгүй оролцсон байх. Прокурорын байгууллагын удирдлага ийм зүйл дээрээ цаашид анхаарах ёстой. Яагаад гэвэл тэдний өгсөн эргэлзээтэй үүрэг даалгаврууд нь шүүхэд улсын яллагчийн яллах үйл ажиллагаанд саад, бэрхшээл учруулж болзошгүй үр дагавартай байна.
 
Өмгөөлөгчид муу биш байлаа. Хэргийн материалтай сайн ажилласан байна. Харин үйлчлүүлэгчид болон өөрийн талын гэрчүүдтэй илүү тулж ажиллах байсан юм шиг санагдсан. Гол нь шүүхэд хүргэх гээд байгаа "мессэж”-ээ ил гаргаж ирэх гэж улайрахдаа нэг асуултыг гэрч, шинжээчид 7-9 удаа тавьж, улмаар улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгч нартай мэтгэлцэх биш хэрэлдэж, сэтгэлийн хөдлөлөө барьж чадахгүй байгаа нь үндсэн гол зорилгыг нь бүдэгрүүлж, "мессэж” маань эзэндээ хүрч очиж чадахгүй байх нөхцөл байдал үүсгээд байгааг шүүмжлэхгүй орхих аргагүй.
 
Энд харин нэг эшлэл оруулая. Хуульч Б.Алтангэрэл шүүх хуралдааныг үзээд
 
"Хуульч, өмгөөлөгчийн ажил амаргүй гэдгийг хүмүүс харлаа. Юм л бол үнэгүй зөвлөгөө авах гэдэг хүмүүс оюуны хөдөлмөрийг үнэлдэг болох байхаа”
гэжээ.
 
Мөрдөн байцаагчдаас хэрэг шалгах явцад томилж байгаа санхүүгийн шинжээчдэд тавих мэргэжлийн шаардлагыг эргэж харахгүй бол болохгүй санагдсан. Гаргасан дүгнэлтээ тайлбарлаж мэдэхгүй, өөртөө итгэлгүй, мэргэжил мэдлэгийн хувьд эргэлзээтэй, оролцогчдын асуултад ойлгомжтой хариулт өгч чаддаггүй этгээдийг шинжээчээр томилсон болохыг бид бүгд харлаа. Шинжээчийн дүгнэлт гэдэг нотлох баримт бол хүний хувь заяаг шийдвэрлэх маш чухал үүрэгтэй зүйл юм. Гэтэл түүнийг гаргаж байгаа шинжээчийн байж байгаа царай нь ийм байхад гаргасан дүгнэлтээр нь хэн нэгнийг яллаж болох уу?   
 
Та шүүхэд итгэж байна уу?
 
Шүүх хуралдааныг шууд дамжуулах үеэр EagleTV Твиттер хэрэглэгчдийн үзэл бодлыг дэлгэцээр харуулж байсныг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шаардлагаар болиулсан байсан. Шүүн таслах ажиллагааг мэргэжлийн бус хүмүүс өөрсдийн сэтгэлийн хөдлөлөөр дүгнэж шүүхийн нэр хүндийг шавар шавхайтай холиод байхаар эмзэглэсэн биз. Ер нь шүүх хуралдааныг телевизээр дамжуулах нь зөв эсэх тухай сэдэв бол тусдаа том сэдэв тул ингээд орхие.
 
Шүүхийн нэр хүнд, шүүхийн үйл ажиллагааны үр дүн нь шүүгчдийн мэргэжлийн өндөр ур чадвар, хараат бус байдал, ёс зүйтэй, шудрага байдлаас шууд шалтгаалдаг юм.
 
Шүүхийн шийдвэр шударга байх нь шүүх эрх мэдлийг үнэлэх нэг үзүүлэлт нь байдаг бол иргэд шүүхэд итгэдэг, шүүхийг хүндэтгэдэг байх нь төрд итгэх, төрийг хүндэтгэх нэг гол чухал, тулгуур багана нь байдаг. Шүүгчид авилгад өртөх, хүнд суртал гаргах, мэргэжлийн бүдүүлэг алдаанууд гаргах нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг алдахаас гадна төрд итгэх иргэдийн итгэлийг сулруулдаг юм. Шудрага ёсыг тогтоох үйл ажиллагаанд том жижиг ямар ч алдаа гарах ёсгүй.
 
Тухайн улс орны ардчилсан гэх параметрийг хэмжих нэг үзүүлэлт нь иргэдийн шүүхэд итгэх итгэл байдаг. Иргэд ядуу байж болно, хямарсан байж болно, гэхдээ итгэл найдварын сүүлчийн хөлөг онгоц болох шүүх нь шударга, түүндээ иргэд нь итгэдэг бол төр түвшин, түмэн амгалан тайван байх болно.  
 
Өмнө нь бид Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт холбогдох шүүх хуралдааныг шууд дамжуулалтаар үзсэн. Телевизээр гаргасан баримтын хүрээнд түүнийг гэм буруутай гэж үзэх ямар ч нотлох баримт гарч ирээгүй. Гэхдээ л тэрээр хорих ялаар шийтгүүлсэн.
 
Л.Гансүхийн хэрэг телевизээр цацагдсанаар бид шүүхийг "нүцгэн”-ээр нь харлаа. Хэрэв шүүх хуралдааныг телевизээр гаргаагүй бол одоо дуусчихсан байж мэдэх юм...
 
"Шүүгч нар авилга авдаг, сүлжээнд орсон, "дээрээс” захиалга биелүүлдэг” гэх мэт явган яриа сүүлийн үед их сонсогдох боллоо. Би ийм ярианд итгэхийг хүсэхгүй байна. Гэхдээ бодит байдал ямар байна вэ? Та шүүхэд итгэж байна уу?
 
Жиргээч Mr. Citizen

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.