Хаан Банк 70 сая ам.долларын зээлийн багц гэрээг байгууллаа


Хаан Банк 70 сая ам.долларын зээлийн багц гэрээг байгууллаа

 

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EСБХБ)-аас Жижиг дунд бизнес /ЖДБ/ эрхлэгчдийг дэмжих, худалдааны санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор 70 сая ам.долларын зээлийн багц гэрээг Монгол улсын арилжааны тэргүүлэх банк болох ХААН Банктай байгууллаа.

 

Зээлийн багц гэрээнд гарын үсэг зурах ёслолд  ХААН Банк болон EСБХБ-ны удирдлагын төлөөлөл оролцож , EСБХБ-ны төлөөлж Монгол дахь Суурин төлөөлөгч Матю Дэ Лэ Блан болон ХААН Банкыг төлөөлж Гүйцэтгэх захирал Норихико Като  нар гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.

 

Энэхүү багц гэрээнд ЖДБ эрхлэгчдэд урт хугацааны санхүүжилт олгох, Нэмүү өртөгийн сүлжээг сайжруулах зориулалттай 30 сая ам.долларын гэрээ, Тогтвортой эрчим хүчний төслийг санхүүжүүлэх 10 сая ам.долларын гэрээ, ЖДБ эрхлэгчдийн зээлийн эрсдэлийг хуваалцах, эх үүсвэрийг олгох зориулалттай 10сая ам.долларын зээлийн гэрээ болон худалдааны санхүүжилтын бизнесийг өргөжүүлэх зээлийн эрхийг 20 сая ам.доллараар нэмэгдүүлсэн хэлцлүүд багтаж байгаа юм.

 

Зээлийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын үер ХААН Банкны Гүйцэтгэх захирал Норихико Като хэлэхдээ ”Бид харилцагчдынхаа бизнесийг дэмжих урт хугацааны санхүүжилт EСБХБ-аас авч байгаагаас гадна нэмүү өртөгийн сүлжээнд хамрагдаж буй харилцагчдад шаардлагатай санхүүжилтыг олгох, эрчим хүчний хэмнэлтийг зохистой хэрэглээг дэмжих, зээлийн эрсдэлийг хуваалцах замаар харилцагчдыг хэрэгцээ шаардлагыг хангасан шинэлэг санхүүжилтын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаадаа баяртай байна.” гэж онцлов.

 

EСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Матю Дэ Лэ Блан "ЖДБ эрхлэгчдийг дэмжих зээл болон Нэмүү өртөгийн сүлжээг өргөжүүлэх зээл нь зөвхөн Улаанбаатар хот төдийгүй орон нутгийн ЖДБ-ийг өргөжүүлэхэд бизнес эрхлэгчдэд урт хугацаатай санхүүжилт олгох боломжийг бий болгох юм. Харин тогтвортой эрчим хүчний төсөл санхүүжүүлэх эх үүсвэр нь эрчим хүчний хэмнэлт гаргах хөрөнгө оруулалтыг дэмжих шинэлэг бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, түүнчлэн ХААН Банкны эрчим хүчний төслийг судлах чадамжийг нэмэгдүүлэх болно. Зээлийн эрсдэлийг хуваалцах, санхүүжүүлэх хөтөлбөр нь ХААН Банкны томоохон бизнес эрхлэгчдийн урт хугацааны ссанхүүгийн хэрэгцээг хангах боломжийг олгож байгаагаараа банкны зах зээлд өрсөлдөхүйц давуу талыг олгох юм. Мөн түүнчлэн худалдааны санхүүжилтын эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлснээр банк өөрийн гадаад худалдаа эрхлэгч харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээг хангах, өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг өргөжүүлэх зэрэг ач холбогдолтой юм.  

 

Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, эдийн засгийн хөгжил удааширсан энэ цаг үест  олон улсын нэр хүнд бүхий банк санхүүгийн байгууллагаас ийнхүү томоохон дүнтэй санхүүжилтийг авсанаар ХААН Банк  харилцагч бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд  урт хугацаат зээлийн бүтээгдэхүүнийг  үргэлжлүүлэн олгох мөн бусад олон талт үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой боллоо.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.