Засгийн газрын мөнгөний эх үүсвэр "Эрдэнэс Тавантолгой" засаглалын хямралд орсон уу?


Засгийн газрын мөнгөний эх үүсвэр "Эрдэнэс Тавантолгой" засаглалын хямралд орсон уу?

 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоох шийдвэр лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаас гарсан. Энэ талаарх мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.

Тэрбээр "Засгийн газрын аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаас гарсан 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Эрдэнэс Таван толгой ХК-д онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргалаа. Монгол Улсын хувьд төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаатай холбоотойгоор валютын нөөцийг нэмэгдүүлэх онцгой арга хэмжээ авах үүрэг чиглэл уг тогтоолын хүрээнд өгөгдсөн. Тус тогтоолоор Эрдэнэс Таван Толгой хувьцаат компани энэ оны эцэст 500 сая ам.долларыг улсын төсөвт татан төвлөрүүлэх, үүрэг чиглэл өгөгдсөн байдаг. Харин Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрт 300 сая ам.доллар төвлөрүүлэх үүрэг чиглэл өгөгдсөн байдаг. Мөн уул уурхайн бусад компаниуд борлуулалт хийсэн уул уухайн бүтээгдэхүүнийхээ мөнгийг татан төвлөрүүлж оруулж ирэх үүргийг өгсөн байдаг. Үүнтэй холбоотойгоор Эрдэнэс Таван толгой ХК дээр Засгийн газрын тогтоол гарсан” хэмээн тогтоолыг уншиж танилцуулсан юм.

Тогтоолд, Эрдэнэс Тавантолгой ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилов. "Эрдэнэс Таван толгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, тус компанид тогтоосон онцгой дэглэмийн үр дүн, явцын байдлыг сар бүр Засгийн газарт танилцуулж, тодорхой чиглэл авч ажиллахыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд даалгасан юм.

Нийтийн анхаарлыг татсан энэхүү Засгийн газрын өчигдрийн хуралдааны үеэр Засгийн газрын танхим хоёр хуваагдсан байна. Тодруулбал, Эрдэнэс Таван толгой ХК-ийн захирал Б.Ганхуягийг буулгана, буулгахгүй, Эрдэнэс Таван толгой компанид онц байдал тогтооно, тогтоохгүй гэдэгт танхим хоёр хуваагджээ. Түүнчлэн Засгийн газрын хуралд Цагдаагийн Ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцож, мэдээлэл өгсөн гэнэ. Энэ бол Эрдэнэс Таван толгой ХК онц байдал үүсч компанид засаглалын хямрал үүссэний илрэл болж таарлаа гэж зарим эх сурвалж ярьж байна. Тиймээс Б.Ганхуягийг албан тушаалаас нь авч хаях нь тодорхой.

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Ж.Ганбат Засгийн газрын хуралдаанаас гарч ирснийхээ дараа ордны хоёр давхрын баруун жигүүр дэх Сангийн сайдын өрөөнд багагүй хугацаанд уулзалт хийсэн. Энэ үеэр Эрдэнэс Таван толгой компанид эхлээд ямар асуудал шийдэх талаар ярилцсан болов уу. Нөхцөл байдал цаашид яаж үргэлжлэх талаар янз бүрийн мэдээлэл байх. Б.Ганхуягийг Эрдэнэс Таван толгой компанид лоббидож томилсон хүнийг саяхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон Т.Аюурсайханыг гэж ярьдаг. "Эрдэнэс Тавантолгой"-н нөхцөл байдал нь гэнэт бий болсон үйл явц биш байх. Өнөөдөр Засгийн газрын хурлаар шийдвэрлэж байгаа нь Эрдэнэс Таван толгой компанийн захирал Б.Ганхуягийн улаан хамгаалагч болох Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүнээр томилсны дараа түүнд "Б.Ганхуягийг чинь явуулахад гомдолгүй биз дээ гэсэн томчуудын тохироо үргэлжилж байна” гэж эх сурвалж мэдээллээ. Магадгүй Т.Аюурсайхан сайд болохын тулд Б.Ганхуягийг зольж байгаа улс төрийн найруулга байх.

Ойрын хугацаанд Эрдэнэс Тавантолгой компанид үүссэн энэ нөхцөл байдлыг анх нийгэмд мэдээлж шүгэл үлээсэн хүн бол Эдийн засаг, хөгжлийн сайд болоод удаагүй байгаа Ч.Хүрэлбаатар. Ч.Хүрэлбаатарын маш ойрын хүн бол "Эрдэнэс тавантолгой"-д Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр өчигдөрхөн томилогдсон Сангийн яамны ТНБ-ын дарга Ж.Ганбат. Ингэснээр нүүрсчдийн дайнд Ч.Хүрэлбаатар санаачилгыг гартаа авч, нэг талаар ялалт байгуулж эхэлж байгаа үйл явц болж эхэлж байна. Бүр цаашлаад харвал нөгөө талд Ерөнхийлөгч асан Женкогийн хүмүүс бий.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэж байсан ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга асан, Тагнуулын ерөнхий газрын дарга асан, Улсын Ерөнхий прокурор асан нөхдүүдийг маргааш (2022.10.28) албан ёсоор зарлана гэдгээ мэдэгдсэн. Эдгээр хүмүүс бүгд Женко талынхан гэж нийгэмд яригдаж байгаа. Ингээд логикоор нь харахаар ойрын хугацаанд улс төр, бизнесийн салбарт бүлэглэл хоорондын сөргөлдөөн хүчээ авах нь. Эхлэл нь энэхүү Эрдэнэс Таван толгой компанид онц дэглэм тогтоосноор хурцадмал байдалд өрнөх шинжтэй боллоо. Юу болохыг харцгааж л байя даа.

Ж.Ганбат: Оптик гэрээг ил болгоно

Сангийн яамны ТНБ-ийн дарга Э.Ганбатыг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсоны дараахан нь түүнээс дараах тодруулгыг авлаа.

-Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" компанид онцгой дэглэм тогтоолоо. Яг ямар асуудал үүсчихэв ээ. Үүссэн асуудлыг шийдвэрлэх чиглэлд та нэн тэргүүнд ямар ажил хэрэгжүүлэх гэж байна?

-Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлнэ. Би яг одоо Эрдэнэс Таван толгой ХК руу очих гэж байна. Эхний ээлжинд нөхцөл байдал, үйл ажиллагаатай танилцчихаад хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө. Мэдээллүүдийг нэгтгэх хэрэгтэй байна. Засгийн газраас гарсан саяны шийдвэр бол төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд нэн яаралтай валютын нөөц нэмэгдүүлэх, ил тод нээлттэй болгох чиглэлд ажиллахыг даалгаж байгаа юм. Нэгэнт Засгийн газрын тогтоол гарчихлаа. Тиймээс Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Эрдэнэс Таван толгой компанид очихоор гарч яваа маань энэ.

-Эрдэнэс Таван толгойн одоогийн үйл ажиллагаатай холбоотой та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Тэнд бүх юмнууд нь явж л байгаа л даа. Гэхдээ яг нарийн доторх асуудлыг нь сайн мэдэхгүй байна.

-Гэхдээ Сангийн яаманд санхүүгийн талаарх мэдээлэл нь очиж л байгаа шүү дээ?

-Улсын төсөвт төлөх татвараа бүрэн төлж байгаа эсэх мэдээлэл Сангийн яам дээр байгаа.

-Нүүрсний оптик гэрээ яригдаад байгаа шүү дээ...

-Тэрийг ил болгоно. Үзэж байгаад дараа нь би аяндаа мэдээлэл өгнө. "Эрдэнэс Тавантолгой" ХК-д очиж мэдээлэлтэй танилцана.

-Онцгой дэглэм тогтоосноор валютын нөөцийг бүрдүүлэх чиглэлд хэр ахиц гарна гэж үзэж байгаа юм бэ?

-Засгийн газраас 300-500 сая ам.доллараар нэмэгдүүл гэсэн үүрэг өгч байгаа юм.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.