-Халтирч унаснаасаа болж зөөлөн эдээ гэмтээвэл хамгийн багадаа зургаан cap,
Хөдөлмөрийн чадвартай болох хүртэл 1-1.3 жилийн хугацаа шаардлагатай-
Улсын нийслэл Улаанбаатар хот маань цасаар хучигдаж, өвлийн улирлын өнгө төрх бүрдлээ. Цас орсноор агаар цэвэршиж, тоосжилт багасдаг ч замын стандарт гэж байдаггүйгээс үүдэж иргэдийн халтирч унах, бэртэх тохиолдол нэмэгддэг. Учир байгууллагууд өнгө үзэмжид хэт анхаарч гялгар пилтагаар хийсэн зам эсвэл барзгар цементэн замын цас ховхрохгүй тогтож халтиргаа гулгааг үүсгэж байна. Ийнхүү манай хот "Уртын харайлтаас уран гулгалтын улирал”-д шилжлээ.
Явган хүний замыг өвлийн улиралд эрсдэл багатай байлгах үүднээс бага зэргийн товруутай, барзгар байдлаар хийдэг байна. Гэтэл манайд хиймэл, гялгар гантиг хавтангаас болж өвлийн өвөлд гэмтэх, бэртэх тохиолдол эрс нэмэгддэг. Цас ороод удаагүй байгаа ч өдөртөө гэсэж, шөнөдөө хөлдөн мөстсөн зам дээр унасан төрөл бүрийн гэмтэлтэй хүмүүс Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр үйлчлүүлж байлаа. Тус эмнэлэгт өглөө, оройн ээлжид 16 эмч ажиллаж байгаа ч гэмтсэн, бэртсэн, сандарсан, айсан хүмүүсийн хөлд дарагдаж, ачаалал их байв. Аравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар тус эмнэлэгт халтирсны улмаас хүнд, хөнгөн зэргийн бэртэлтэй 102 хүн иржээ.
"Хүмүүс халтирч унахдаа хөлөөрөө хазгай гишгэж гараараа тулж унасан байдаг учраас дийлэнхдээ хөл гарын бэртэл, цаашлаад унах үедээ толгойгоороо юм мөргөх, дагзаараа савж унаснаас болж тархины битүү гэмтэл авдаг байна. Эмнэлгийн тусламж авч буй хүмүүс ихэвчлэн гудамж, зам талбай, аж ахуйн нэгж байгууллагын орчим явж байхдаа унаж бэртдэг. Ахмад настнуудын хувьд унахдаа хүнд зэргийн бэртэл авдаг аж. Тиймээс аж ахуйн нэгж байгууллагууд цас орсон үед болон дараа нь ойр орчмынхоо 50-100 метр газрын цасаа цэвэрлэвэл иргэд халтирч унах эрсдэл багасна. Иргэд ч бас халтирдаггүй зөөлөн ултай гутал өмсөж анхаарал болгоомжтой байх хэрэгтэй”-г ГССҮТ-ийн Хүлээн авахын яаралтай түргэн тусламжийн тасгийн эмч Ч.Түмэнбаяр зөвлөсөн юм.
Халтирч унаснаасаа болж зөөлөн эдээ гэмтээвэл хамгийн багадаа зургаан cap, хөдөлмөрийн чадвартай болох хүртэл 1-1.3 жилийн хугацаа шаардлагатай байдаг аж.
Б.МӨНХЦЭЦЭГ: ЕСӨН УДАА ЦАС ОРОХОД НӨӨЦӨЛСӨН БОДИС, ДАВС ДУУСНА
Нийслэлийн есөн дүүргийн нийт 13.2 сая м.кв гол гудамж, зам талбай, алслагдсан зам замын байгууламж, хорооллын доторх туслах замын цэвэрлэгээ үйлчилгээг тохижилт үйлчилгээний 17 компани, аж ахуйн нэгж, байгууллага хариуцдаг. Нийслэлийн есөн дүүргийн нийт Тохижилт үйлчилгээний компаниудад давс бодисын үлдэгдэл, нөөц бүрдүүлэлт 4874.1 тонн давс, 3000 тонн бодис байна.
Өнгөрсөн ням гарагт Улаанбаатар хотод 04.30 цагаас эхлэн цас орсон. Дүүргийн ЗДТГ, ТҮК бэлтгэлтэй байж, 06.00 цагаас цэвэрлэгээг эхлүүлсэн байна. 1099 хүн тусгай зориулалтын 103 машин, техниктэй ажиллаж, 344.9 тонн давс, 111.2 тонн бодис цацжээ.
Энэ жилийн тухайд Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс үүрэг болгосны дагуу зам талбайн цэвэрлэгээний байгууллагууд давс бодис цацах зориулалтын техник шинээр суурилуулж, тусгай зориулалтын авто машинуудыг худалдан авч үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн байна. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэгээс цаг үеийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Тэрбээр "Манай байгууллагын тухайд 2077 тонн бодис, 385 тонн давсны нөөцтэй байснаас 195 тонн бодис, 42 тонн давсыг саяын орсон цасанд цацсан. Бодис цацах 13 машин байдаг. Одоо ч бодис цацах ажил үргэлжилж байна. Үүн шиг их хэмжээний цас есөн удаа ороход нөөцөлсөн давс, бодис дуусна. Манай хариуцсан 186.3 км зам дээр нийтдээ 3000 гаруй ААН байдаг. Эдгээр ААН-үүд цас ороход 50 орчим метр замаа цэвэрлэхэд бидний ажилд их нэмэр болно. Дөрвөн тэрбум төгрөгөөр 28 ширхэг бичил машин авахаар төлөвлөсөн. Эдгээр машин ороод ирвэл зам талбайн ажилчдын ачаалал багасна. Одоогоор 17 бичил машин ажиллаж байна. Мөн шүүрний машин 14 байдаг. Үүнийг нэг дахин нэмэх хэрэгцээ шаардлага байна” гэлээ.
СҮХБААТАР, ХЭНТИЙ, ДОРНОД ЧИГЛЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААНД ЗОГСООСОН
Автотээврийн үндэсний төвөөс цаг агаарын нөхцөл байдлын улмаас автозамуудад мөстлөг үүссэн тул түр хугацаанд хөдөлгөөн хязгаарлаж байгааг мэдээллээ. Цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн урьдчилсан мэдээллээр баруун таван аймагт ойрын өдрүүдэд их хэмжээний цас орохыг анхааруулсан. Мөн төвийн болон зарим аймгийн нутгаар өнгөрсөн амралтын өдрүүдэд их хэмжээний цас орсон тул зам даваанд халтиргаа үүсжээ.
Одоогийн байдлаар Сүхбаатар, Хэнтий, Дорнод чиглэлийн нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаанд зогсоосон байна. Мөн Архангай аймгийн Цагаан давааны авто замын зорчих хэсэгт цас их орсны улмаас тээвэрлэлт гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Иймд АТҮТ-ийн шуурхай бүлэг хуралдан зарим аймаг руу зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож эхэлжээ. Урьдчилсан мэдээгээр Хөвсгөл, Булган, Архангай, Хэнтий, Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр их хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх юм. Тиймээс АТҮТ-өөс шаардлагатай зохицуулалтыг шуурхай хийж, мэдээллийг дор бүрнэ өгнө гэлээ. Иймд онцын шаардлагагүй бол орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахыг албаныхан анхаарууллаа.
Халтиргаа үүссэн орон нутгийн замуудад Тээврийн цагдаагийн алба, АТҮТ, ОБЕГ-ын алба хаагчид ажиллаж байгаа аж. Албаныхны өгч байгаа мэдээллээр иргэд жолоочдыг замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж заавал өвлийн дугуй солихыг шаардаж байна. Өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа ч замын нөхцөл байдалд хурдаа тохируулж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж даваа болон шалгах постууд дээр хяналт тавьж байгаа гэлээ.
СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ЯВГАН ЗОРЧИГЧИЙН ЗАМЫГ АШИГЛАЛТЫН ХУГАЦАА ДУУССАН ҮЕД СОЛИНО
Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Нийслэл болон дүүргийн хот тохижилтын ажилчид сүүлийн хоёр хоногт тасралтгүй ээлжээр ажиллаж байна. Байгаа нөхцөл байдалдаа тааруулаад халтиргаа гулгаанаас сэргийлж, автозам болон явган зорчигчийн замын цэвэрлэгээ үйлчилгээг бүхий л чадлаа дайчлан ажиллаж байгаа.
Төсвийн мөнгөөр, тохижилт үйлчилгээний ажилчдын хөдөлмөрөөр бүх замыг халтиргаагүй болгоход тун хүндрэлтэй. Тийм учраас ААН, иргэд хариуцлагатай байх хэрэгтэй. Хэрэв хариуцлага алдаж цэвэрлээгүйн улмаас хэн нэгэн унаж бэртвэл тухайн ААН-ээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй.
Явган хүний зам өмнө нь стандартын бус хийгддэг асуудлууд гардаг байсан. Энэ онд 40 гаруй мянган м.кв талбай явган хүний замыг шинэчлэх ажил хийгдсэн. Үүнд 50 метр хүрэхгүй өргөнтэй замыг зургаан метр хүртэлх өргөн болгосон. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчих, халтирч гулгадаггүй стандартаар хийгдсэн. Өмнө нь хийгдсэн халтирч гулгадаг материалтай явган хүний замыг ашиглалтын хугацаа нь дууссан үед үе шаттайгаар, стандартад нийцүүлэн солино” гэсэн юм.
Нэг ёсондоо стандартын шаардлага хангаагүй явган хүний замаар "Оцон шувууны алхалтаар яв, чадахгүй бол унаж, бэрт” гэсэн дүрэм үйлчилж байна.
ХАЛТИРЧ УНАСАН БОЛ ХОХИРЛОО БАРАГДУУЛАХ БОЛОМЖТОЙ
Албан байгууллага аж ахуйн нэгжүүд гадна орчныхоо 50 метр зайд халтиргаа, гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмчилгээний зардал, энэ хугацаанд олох байсан орлогыг тухайн байгууллага хариуцна.
Хэрэв тухайн байгууллага хохирлыг барагдуулахаас татгалзвал Иргэний шүүхэд хандах юм. Та албан байгууллагын ойролцоо халтирч гэмтсэн бол хамгийн түрүүнд тухайн унасан газраа баталгаажуулан зураг дарах, бичлэг хийх хэрэгтэй. Харин та ганцаараа явж байгаад халтирч хүнд гэмтсэн бол эмнэлэг, цагдаагийн тусламж дуудаж уг газарт унаж бэртсэн гэдгээ баримтжуулж болно. Энэ нь тухайн байгууллагаас хохирлоо бүрэн гаргуулах эхний баримт болох юм. Харин үүнийхээ дараа хэр их бэртсэн, эмчилгээний зардал хэдэн төгрөг болсон талаар эмнэлгийн магадалгаа гаргуулж, түүнийгээ тухайн дүүргийн Мэргэжлийн хяналтын байцаагчид хүргүүлэх ёстой. Ингэснээр тус байцаагч таны эмчилгээний зардлыг тухайн байгууллагаас гаргуулж өгөх бөгөөд тухайн байгууллагын удирдлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлэн торгож хариуцлага тооцох үүрэгтэй юм. Харин олон нийтийн эзэмшлийн зам, талбайг хот тохижилт үйлчилгээнийхэн хариуцах ёстой тул та гомдлоо хотын захиргаанд гаргаж болох юм байна.
Учир нь нийтийн эзэмшлийн зам, талбайд халтиргаа үүсгэхгүйн тулд цасыг цэвэрлэхэд зориулж улсаас мөнгө төсөвлөдөг. Үүгээр нь хот тохижилтынхон цас хайлуулах бодис, давс цацах үүрэгтэй юм. Ер нь бүх аж ахуйн нэгж байгууллагыг хараад байхад шат гишгүүртээ гөлгөр чулуун материал их хэрэглэдэг. Энэ нь халтиргаа гулгаанаас бэртэж гэмтэх хамгийн том шалтгаан болдог учраас аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор халтирдаггүй гишгүүр, наалт нааж өгөх шаардлагатай байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл