Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн хэмжээнд ганц ч хүүхэд цоожтой хаалганы цаана үлдэхгүй. Бүгдийг нь цэцэрлэгт хамруулна хэмээн мэдэгдлээ. Тодруулбал тэрбээр, "Баянзүрх дүүргийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах ёстой 35277 хүүхэд амьдардаг. Үүнээс 2021-2022 оны хичээлийн шинэ жилд 28979 хүүхэд цэцэрлэгт хамрагдсан. Тэгвэл 2022-2023 оны хичээлийн шинэ жилд 35277 хүүхдийг 100хувь цэцэрлэгт хамруулна. Харин харьяалал, түр оршин суудаг гэх зэрэг шалтгаантай 4650 хүүхдийг цэцэрлэгт хамруулахад хүндрэлтэй байгаа юм. Үүнийг дүүргээс Боловсролын яамд мэдээлэл хүргүүлж цомцог гэрийн тоог нэмэгдүүлэх, түрээсийн байр ашиглах, шаардлагатай цэцэрлэгийн барилга худалдан авах зэрэг зохицуулалтаар хийж шийдвэрлэнэ. Ингэснээр Баянзүрх дүүргийн бүх хүүхэд багачууд цоожтой хаалганы цаана үлдэхгүй. Үүнийг дагаад цэцэрлэгт хандив нэрээр элсдэг авлига, эцэг эхийн аль нэг хүүхдээ харж үлддэг байдал зогсож эцэг эхчүүдэд ажил хийх боломж бололцоо олдож, хүүхэд бүр хүртээмжтэй сургуулийн өмнөх боловсролыг эзэмших боломж бүрдэнэ.
Гэхдээ нэг зүйлийг иргэддээ мэдээлэхэд, тухайн цэцэрлэгт хамрагдахад хүндрэлтэй байгаа 4650 хүүхдийн хүртээмжний асуудлыг есдүгээр сарын 1-нд багтаан шийдвэрлэхэд хүндрэлтэй. Учир нь цомцог гэр барих, түрээсийн байр ашиглахдаа шаардлагатай тохижилт засвар хийх гэх мэт дор хаяж 1-2 сарын хугацаа зарцуулагдана. Тиймээс хамгийн уртдаа гэхэд 2022 оны 12 сар гэхэд дээрх хүүхдүүдийн асуудлыг бүрмөсөн шийдвэрлэнэ гэж та бүхэн ойлгох хэрэгтэй.
Ер нь цомцог гэр, түрээсийн байр ашиглах нь түр зуурын зохицуулалт. Тиймээс дүүргийн Засаг даргын хувьд баг хамт олонтойгоо хамтраад 8 дугаар сарын 12-нд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч нартай уулзаж ирэх жилүүдэд шаардлагатай сургууль, цэцэрлэгийн мэдээллийг өгч, нэг ойлголттой болж, улс нийслэлийн төсөвт суулгах ажлыг хамтраад хийнэ. Монгол улсын ирээдүй бол бяцхан үр хүүхдүүд, дүү нар маань учраас боломжит бүх арга хэмжээг авч, шаардлагатай ажлыг зохион байгуулах болно" хэмээлээ.
Сэтгэгдэл