Нүүрсний уурхайнуудад шаардлагатай дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлэхийг үүрэг болголоо


Нүүрсний уурхайнуудад шаардлагатай дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлэхийг үүрэг болголоо

 

Аймаг, нийслэл, орон нутгийн удирдлагууд оролцсон Улсын онцгой комиссын өргөтгөсөн V хуралдаанаар эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, Хүнс, хөдөө аж ахуй, Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл болон Мал, амьтны гоц халдварт өвчнөөс сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай хэлэлцлээ. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 15-ны байдлаар 92.4 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээллээ. Тус салбарт 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засварт 1186 нэр төрлийн ажил төлөвлөснөөс 95.5%-ийн гүйцэтгэлтэй байгаа аж.

 

Түүнчлэн шахмал түлшний нөөц энэ сарын 15-ны байдлаар баруун бүсийн үйлдвэрт 8, зүүн бүсийн үйлдвэрт 4 шугамаар хоногт 2,000-2,200 тн түлш үйлдвэрлэж, нийт 106 мянган тонн түлш нөөцөлжээ. Дизель түлшний нийлүүлэлт буурснаас “Багануур” ХК 3 хоногийн, “Шивээ овоо” ХК 11 хоногийн нөөцтэй байгаа тул Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлж, нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд байлгахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт үүрэг болголоо.

 

Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийн хувьд малчид 1.1 сая тн өвс хадлан бэлтгэсэн нь нийт бэлтгэвэл зохих өвсний 94.0 хувийг бэлтгэсэн байгаа талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдээллээ. Гол эрсдэл нь энэ жил улсын хэмжээнд нийт 71.2 сая толгой мал өвөлжиж, хаваржих тооцоолол гарсан нь өвөл, хаврын бэлчээрийн даац нийт малын 40.0 хувьд л хүрэлцээтэй байгаа аж. Өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгаа учраас махны экспортыг нэмэгдүүлж малчид, ААН, байгууллагуудыг дэмжиж ажиллах шаардлагатай байгааг аймгийн Засаг дарга нар энэ үеэр хэлж байлаа. Энэ асуудалд салбарын яамнаас онцгойлон анхаарч, үхрийн махнаас бусад экспортод гаргаж буй махны квотыг цуцалж махны экспортыг бүх талаар дэмжин ажиллаж байгааг хэллээ.

УИХ, Засгийн газрын гишүүн, УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний дүнгээс харахад Ховд аймаг “Маш их”, Өмнөговь, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Завхан аймгууд “Их”, Архангай, Говь-Алтай, Увс аймгууд “Дунд” эрсдэлтэй дүгнэгдсэн байна. Үнэлгээгээр эрсдэлтэй дүгнэгдсэн, өвөлжилт хүндрэх нь нэгэнт тодорхой болсон зарим аймгуудаас судалгаа авч үзэхэд 2022 оны 11 дүгээр сард Засаг даргын нөөц хөрөнгийн үлдэгдэлгүй болсон байна. Энэ нь аймаг орон нутагт эрсдэлд суурилсан гамшгаас хамгаалах, менежмент муу байгааг илтгэн харуулж байна” хэмээгээд хурлын төгсгөлд 21 аймгийн удирдлага болон Эрүүл мэнд, Эрчим хүч, ХХААХҮ-ийн сайдад дараах үүрэг чиглэл өглөө.

 

Коронавируст халдварын мутацилагдсан шинэ хувилбаруудын талаарх судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг нэн даруй бүрдүүлэх, халдвараар өвчилж, эдгэрсэн иргэдэд сэргээн засах, тусламж үйлчилгээ үзүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах;

2022-2023 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй аймгуудад өвс, тэжээл нэмэлтээр худалдан авах, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх үйл ажиллагаанд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүүлэх;

 

Малчид, мал бүхий айл өрхүүд өвөлжөөндөө буусан, малын шилжилт хөдөлгөөн бүрэн зогссон 2023 оны 1-3 дугаар сард малын гоц халдварт өвчний тандалт, эмнэлзүйн үзлэг хийх ажлыг Мал эмнэлгийн ерөнхий газраас хэрэгжүүлэх тул орон нутгийн түвшинд бэлтгэл ажлыг хангах, ажиллах хүний нөөц, санхүүжилтийг шийдвэрлэх;

Эрчим хүчний үйлдвэр, компаниуд болон нүүрсний уурхайнуудад өвлийн их ачааллын үед шаардагдах дизель түлшний нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд байлгахыг тус тус даалгалаа.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.