"Саарал ордон" хорих 1-р анги


"Саарал ордон" хорих 1-р анги

 

Чингисийн музейгээс хэдэн жуулчин гарч ирэв. Хөтөч:
 
- Одоо бид дэлхийд цор ганц байдаг, та бүхнийг Монгол руу татсан гол газар луу явах гэж байна. Энэ бол "Саарал ордон" хорих 1-р анги.
 
Жуулчид "үү, үү" гэж алга ташин баярлацгаав. 
 
Хөтөч тэднийг дагуулан нэгэн цагт төрийн ордон байгаад одоо хамгийн хүнд гэмт хэрэгтнүүд хоригддог болсон 4 давхар саарал байшингийн гадаа ирэв. Энэ шоронг барьснаас хойш Монголд ирэх жуулчдын тоо огцом өсч, өнгөрсөн жил 40 сая жуулчин хүлээн авч "дэлхийн нүдийг хойд туйл дээр гаргасан" юм. 
Хорих ангийн гадаа ирэхэд хоригдлууд нь хашаан дотроо нарлаж байв. Зарим нь барилдана, төмөр өргөнө, шохойгоор цээмэнтэн дээр зураг зурна, зарим нь нэгнийхээ үсийг засна, амандаа лекц, шүлэг уншина, зарим нь бясалгал, иог хийж маань, мэгзэм уншина, цагтаа цалгиж явсан бололтой хэдэн эмэгтэйчүүд тамхи татаж, секс ярин, шоронгийн хананд хумсаа засаж, хөлийнхөө уланд массаж хийнэ, амьтай, голтой хэдэн хөгшчүүл тэргэнцэр дээр салганан суух агаад өглөөний талхныхаа мааслаар үсээ тосолсон төчнөөн залуу залгасан шингэнийг нь барин зогсоно. 
 
Хөтөч: За энэ хорих ангид Монгол улсаас урвасан, гадаадын гар, хөл болж улсынхаа эрх ашгийн эсрэг ажилласан, эх орноо тонон дээрэмдсэн, ард түмнээсээ хулгайлсан, авлигын бузар, шуналын тулам болсон ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-н дарга, УИХ-н гишүүд, сайд болон шүүх, цагдаа, тагнуул, прокурор, гааль, цэргийнхнийг хорьдог юм гэхэд
 
Нэг жуулчин: Эд нар яагаад өөр, өөр өнгийн хувцастай байгаа юм бэ? гэв.
 
Хөтөч: Улаан хувцастай нь МАН-ын гишүүд, цэнхэр хувцастай нь АН-ын гишүүд юмаа. Улаан нь  илүү олон юм гэж олны дундаас нэг нь хэлэхэд хөтөч:
 
- Тийм ээ. Энэ нам Монголд илүү олон жил засагласан юм гэв. Цэнхэр хувцастнууд ч бас цөөнгүй байна шүү гэж нэг эмэгтэйг ёжтой хэлэхэд
 
- Хоёр, гуравхан удаа засаг барьсан ч нөгөөхөөсөө дутахгүй хулгайчид байгаа биз дээ хэмээн хөтөч гунигтай хариулав. 
 
- Улаан, цэнхэрээсээ дутахгүй тооны хар хувцастай нь ямар намынхан бэ?
 
Хөтөч: Монголын түүхэн дэх хамгийн том хулгайг хийсэн хулгайчид. Тэд бол "Нүүрс" намынхан. Төрийн ордонг төрийн шорон болгоход хүргэсэн хулгайч нар даа. Хохирогч нь Монгол улс, Монголын ард түмэн, Монголын ирээдүй, бас Монголын өнгөрсөн...
 
- Өөр шоронд хорьж болоогүй юмуу?
 
Хөтөч: Шоронд орж өгөхгүй болохоор нь энд нь хорьчихсон юмаа.
 
Жуулчид жиг жуг, шивэр авир хийлцэн соёмботой хашаанд холхих хүмүүсийг сонирхон харна. Хашаан дах "хүмүүс" ирсэн гийчдийг нүднийхээ булангаар хялалзан харна. 
 
Гэтэл нэгэн хөгшин "хоригдол гишүүн": 
 
- Би эх орныхоо төлөө, тусгаар тогтнолынхоо төлөө, газар шорооныхоо төлөө амь биеэ үл хайрлан шудрага, зарчимтай зүтгэсэн. Яалаа гэж энэ вэ? хэмээн арван хуруугаа гозолзуулан бархирч, хашаа давахыг оролдов. Хуяг түүнийг чирэн одоход бусад нь түүнийг дооглон инээв.
 
Нэг засгийн сайдууд байсан нөхдүүд гал хамууд болоод цээж, шуу, гуя, шилбэн дээрээ "Эх орон-Ардчилал эвсэл", "Шударга ёс-Эвсэл", "Эвтэй байх даа хүчтэй", "Түмнээ ядуурлаас гаргана", "Их өр-Мянганы зам",  "Үндэсний эв нэгдэл", "Шинэчлэлийн ЗГ", "Мэргэжлийн ЗГ", "Бид зүтгэнэ" гэх үгсийг шивүүлсэн байх ба хоорондоо чи хулгайч, танай нам хулгайч хэмээн хэрэлдэцгээнэ. 
 
Хашааны буланд залуус голдуу нөхдүүд суух бөгөөд нэг, нэг хижээл насны гишүүнийг хорссон нүдээр ширтэн, гаслан сууцгаана.
Хөтөч: За явах цаг боллоо. Хүсвэл та нар олимпын нээлт болох цэнгэлдэхийн барилгын явцтай танилцаж болно гэлээ. Жуулчид дуртайяа хүлээн зөвшөөрөөд явцгаахад тэдэнтэй зөрөн их сургуулийн хуулийн ангийн оюутнууд ирэв. Багш нь:
 
Өнөөдрийн хичээл ингээд дууслаа. Эцэст нь "Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн адгийн зүйл бол эх орноо тонон дээрэмдэх явдал" гэж Г.В.Гегель хэлсэн юм шүү гэв...
 
Ч.Явуухүү
https://www.sonin.mn/news/peconomy/134368

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.