Зогсонги байдалд ороод буй орон сууцны борлуулалтыг нэмэх, иргэдийг орон сууцжуулахын тулд Засгийн газраас ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгааг 10 хувь болгон бууруулах шийдвэр гаргасан. Ажил, мэргэжил заагаагүй энэ зээлийн гол шалгуур нь тогтмол орлоготой, нийгмийн даатгал нь тасралтгүй төлөгдсөн, урьдчилгаа төлбөрийн 10 хувийг бэлэн мөнгөөр төлөх чадвартайгаас гадна ХАХНХЯ-наас гаргасан "Өрхийн мэдээллийн сан” болон бусад холбогдох мэдээллийн санд бүртгэгдэж 7-15 дугаар ангилалд багтсан байх ёстой гэсэн үг.
Эхний ээлжинд өөрийн харьяалагдаж буй хороо болох Баянзүрх дүүргийн 8 дугаар хороог зорилоо. 4180 өрх, 14785 суурин хүн амтай, гэр хороолол зонхилсон тус хорооны иргэдийн хувьд нийслэлээс явуулж буй гэр хорооллыг дахин төлөвлөн орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдахыг хүсдэг ч, одоохондоо байршил нь хотын даргын сонирхлыг татаагүй. Тиймээс ч өдрийн бодол, шөнийн зүүд болоод буй ипотекийн зээлийн урьдчилгаа 10 хувь болсонд олон иргэний магнай тэнийсэн нь ойлгомжтой. Халамжийн мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэд хэрэг зоригоо учирлавал "Орон сууцны 10 хувийн урьдчилгааны сураг гарсанаас хойш олон иргэн энэ талаар асууж ирсэн. Гэхдээ нэг л зүйл ажиглагдаж байна. Өмнө нь, иргэд аль болох амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуурх орлоготой, ядуу гэсэн ангилалд орж, нийгмийн халамж хүртэх сонирхолтой байсан бол одоо орон сууцны зээлийн сургаар гомдол, саналаа их хэлж байна. Жишээ нь, манайх тэгж яадгаа барсан айл биш, хоёр, гурван жилийн өмнө манайхаас ганц аав л ажилтай байсан бол одоо бүгд төр, хувийн хэвшилд хөдөлмөр эрхэлдэг, би тухайн үед гадаадад ажиллаж, амьдарч байсан, томилолтоор хөдөө орон нутаг явсан, хаяг дээрээ амьдардаггүй гэдгээс үүдэн энэ судалгаанд багтаагүй байх тохиолдол олон. Өрхийн мэдээллийн сан үүсгэхийн тулд энэ судалгааг 2013 онд хорооны өрх айл болгоноор орж хийсэн. Би санаж байна. Хорооныхоо бүх өрх, иргэний мэдээллийг гаргаж өгөхөд зарим айл та нарт бидний амьдрал ямар хамаатай юм гээд гэртээ оруулаагүй, хөөж туусан хүмүүсийн бүртгэл ч надад бий. Энэ бүхнээс үндэслээд хоер, гурван жилийн дотор нэг айлын амьдрал дээшилсэн эсвэл уруудсан байхыг ч үгүйсгэхгүй. Тэгэхээр ангилал тогтоох судалгааг дахин хийх шаардлагатай байх гэж бодоод байгаа” хэмээв. Сурвалжлагч миний бие мэдээллээ шүүлгэхэд томилолтой хөдөө орон нутаг явсанаас хамрагдаагүй болж таарав. Хүсэлт гаргавал ангиллаа тогтоох судалгаанд хамрагдах боломжтойг халамжийн мэргэжилтэн онцоллоо.
Хүн ам ихтэй Баянзүрх дүүрэгтэй зовлон нэгтэй нь Сонгинохайрхан дүүрэг. Хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд ихээр төвлөрдөг тус дүүргийн 20 дугаар хороог сонголоо. Засаг дарга Х.Нэмэхбаяртай холбогдоход "Өрхийн мэдээллийн сангийн программ ажиллахгүй байж байгаад өчигдрөөс ажиллаж эхэлсэн. Манай хорооны бүх өрх хамрагдсан. ХАХНХЯ-наас томилогдсон судалгааны баг ажилласан учраас бүх өрхөө хамруулахыг зорьсон, хамрагдсан ч гэж бодож байна. Харин тухайн үед иргэн гадаад эсвэл хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байгаад хамрагдаагүй, сүүлд хөдөө орон нутгаас шилжиж ирсэн иргэд харьяалагдаж буй хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандсанаар эрх нь үүсэх боломжтой гэсэн. Нийгмийн халамжийн ерөнхий газарт ангилал тогтоох судалгаа хийлгэх хүсэлтээ уламжилбал эрх нь үүсэх юм. Одоогоор манай хорооны иргэдээс урьдчилгаа 10 хувийн зээлтэй холбоотой асуудлаар ирж, асуусан хүн алга байна” гэв.
Хотоос алслагдмал Багахангай дүүргийн 2 дугаар хорооны Засаг дарга М.Өсөхдэлгэртай холбогдвол "Одоогоор орон сууцны урьдчилгаа 10 хувийн зээлд хамрагдах гэсэн юм, тодорхойлолт авъя гээд хандсан иргэн алга. Манай хороо 512 өрхтэй. Амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой 57 өрх бий. Тухайн үед судалгаа хийж байхад хаяг дээрээ амьдардаггүй байснаас хоцорсон ганц, хоёр хүн бий. Тэдгээр хүн хорооны халамжийн мэргэжилтэнд хандвал нийслэлийн Халамжийн Ерөнхий газрын холбогдох албаны хүнд уламжилсанаар ангиллаа тогтоох боломжтой” гэлээ.
М.Лхагвасүрэн: Тогтоосон ангиллаар 294 мянга гаруй өрх орон сууцны зээлд хамрагдах боломжтой
Тэгэхээр тухайн үед оршин суугаа хороондоо байгаагүй эсвэл хөдөө гадаа томилолтоор явсан, хотод шилжин ирсэн орон нутгийн иргэд орон сууцны 10 хувийн урьдчилгаатай зээл авъя гэвэл эхний бэрхшээл нь өрхийн мэдээллийн санд бүртгэгдээгүй нь асуудал үүсгэх нь. Энэ талаар НХҮЕГ-ийн Хүн амын хөгжил нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга М.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Жилийн өмнө ХАХНХЯ-наас өрхийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх судалгаа хийнэ гэхэд иргэд ач холбогдол өгөөгүй. Гэтэл өнөөдөр орон сууцны 10 хувийн урьдчилгаатай зээлийн сургаар олон нийтийн анхаарлыг их татаж байна?
-Засгийн газраас дундаж орлоготой хүн амыг орон сууцжуулах зорилгоор орон сууцны 10 хувийн урьдчилгаатай зээл олгох гэж байна. Урьдчилгаа төлбөрийн 20 хувьд нь баталгаа гаргаж байгаа учраас Өрхийн мэдээллийн нэгдсэн санг ашиглахаар болсон юм. Өнөөгийн байдлаар бид иргэдээс хүлээж авах маягтаа шивээд үүнээс гарах бүлгийн тодорхойлолтыг гаргах модулийг бэлэн болгосон. Өнөөдрийн байдлаар 2,4 сая иргэн энэ судалгаанд хамрагдаж, 720 мянган өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлсон байна.
-Судалгааг хэзээ хийсэн юм бэ?
- 2013 оны арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сард хийсэн. Өрхийн мэдээллийн энэхүү сангийн ангилал тогтоосон тоо баримтыг гурав, дөрвөн жил ашиглах боломжтой.
-Өнөөдрийн байдлаар 7-15 дугаар бүлэгт багтан зээлд хамрагдах боломжтой хэдэн өрх байна. Ер нь, өрхийн орлого нь хэд байх ёстой вэ?
-Одоогоор энэ ангилалд 294 мянга гаруй өрх хамрагдах боломжтой байна гэсэн тоо гарсан. Нэг л зүйлийг иргэд ойлгох хэрэгтэй. Энэ судалгааг хийхдээ бид ямар нэгэн орлогын тухай мэдээллийг аваагүй. Яагаад гэвэл, орлого өндөр байх тусмаа хүний хэрэглээ өндөр байдаг, бага байх тусмаа хэрэглээ багасдаг.Тийм биз. Тэгэхээр манай улсад орлогоор нь амьжиргааны түвшинг тодорхойлох боломжгүй. Учир нь, иргэд орлогоо үнэн зөв мэдээлдэггүй. Энэ нь, татвараас зайлсхийдэг байх. Үүнээс болоод манайд далд эдийн засаг их, бага хэмжээгээр байсаар байна. Жишээлбэл, нэг компани хоёроос гурван тайлантай байна шүү дээ. Захиралдаа болон татварт өгөх тайлан байх жишээний.
-Хоёр, гурван хорооны мэргэжилтнээс мэдээлэл авахад өрхийн мэдээллийн санд хамрагдаж чадаагүй хоцорсон хүмүүс мэр сэр байна. Ангилал тогтоолгох хүсэлттэй иргэн хэнд, хандах ёстой вэ?
-Тэгэлгүй яахав. Эрх нь нээлттэй. Жишээ нь, та долоогоос доошоо эсвэл 15-аас дээшээ бүлэгт багтсан байвал би дахин тодорхойлуулна гэвэл асуудалгүй. Би 7-15 дугаар бүлэгт хамрагдах ёстой гэж бодож байвал аймаг, дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний газарт хүсэлтээ гаргах хэрэгтэй. Хүсэлтийн тань дагуу манай мэргэжилтнүүд дахин үнэлгээнд оруулах эсэхээ зөвлөлдөн шийдээд, орж болохоор бол мэдээллийг нь шинэчлэх боломжтой. Огт судалгаанд хамрагдаагүй бол мөн аймаг, дүүргийн халамжийн хэлтэст хүсэлтээ өгнө. Хүсэлтийнх нь дагуу судлаач мэргэжилтэн гэрт нь очиж үнэлгээ хийж, оноо бодох ажил эхэлнэ дээ.
-Одоогоор өрхийн мэдээллийн санд мэдээллээ оруулж, ангиллаа тогтоолгох хүсэлтэй хэдэн иргэн хандав?
-Анхан шатны хэлтсүүдэд ийм санал ирсэн. Энэ ажлын нэг гол үр дүн нь өмнө машинтай хэрнээ нуусан, газартай хэрнээ нуусан, малынхаа тоог дарсан хүмүүсийн амьжиргааны түвшин доошилж бүртгэгдсэн. Харин одоо ипотекийн зээлийн сургаар бүх мэдээллээ үнэн зөвөөр өгч эхэлсэн эерэг дүн гарч байна.
-Өрхөөс гадна ганц бие хүмүүс орон сууцны эл зээлд хамрагдах хүсэлтэй байгаа. Тэгэхээр тэдгээр хүний орлогын түвшинг нь яаж бодож гаргадаг юм бэ?
-Үүнийг статистикийн хэмжээс буюу өгөгдлөөр тооцдог. Өөрөөр хэлбэл, тухайн иргэний хариулсан мэдээллийг оруулахад программ өөрөө оноог нь бодож гаргадаг. Тэгэхээр гурван дэд бүлэгтэй 100 гаруй үзүүлэлтэд тухайн иргэн үнэн зөв хариулсанаар ангилал нь зөв гарна гэсэн үг.
-Гадаадад байгаа иргэн энэ судалгаанд хамрагдах боломжтой юу?
-Гадаадад байгаа хүн энэ судалгаанд хамрагдах боломжгүй. Учир нь, судалгаа хэрэглээнд нь тулгуурладаг тул боломжгүй. Тэр хүн Монголд ирээд амьдрах орчноо бүрдүүлээд судалгаанд хамрагдах бүрэн боломжтой.
-Иргэн орон сууцны зээл хөөцөлдөж эхэллээ гэхэд ангиллаа тогтоох хүсэлтээ гаргавал гэхэд хэд хоногийн дотор ангиллыг нь тогтоож өгөх вэ?
-Хүсэлтээ хэр хурдан өгөхөөс л шалтгаална. Хоёрдугаарт, судалгаа хийхийн тулд тодорхой хэмжээний мөнгө санхүү шаардлагатай, тэрийг нь улсын төсөвт суулгаж өгдөг. Ер нь, иргэн хүсэлтээ хэр хурдан хугацаанд өгнө, хариу нь хурдан гарна гэсэн үг. Уг нь, манай улсын өргөдөл гомдол шийдвэрлэх тухай хуульд 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой гэж заасан. Гэхдээ энэ 30 хоногийг хүлээлгүйгээр тухайн хэлтэст хүсэлтээ өгчихвөл НХҮЕГ-аас хурдан хугацаанд ангиллыг нь бодож гаргах боломжтой.
-Гэхдээ нэг хороонд хоёр, гурван хүн өрхийн мэдээллийн сангийн судалгаанд хамрагдаагүй гэхээр нийслэлийн хэмжээнд өндөр тоо гарах байх. Орон сууцны 10 хувийн урьдчилгаатай зээл олгож эхлэхээр судалгааны багийн ачаалал нэмэгдэх байх даа?
-Хүсэлтээ хэр хурдан өгөхөөс л шалтгаална гэж хэлмээр байна. Тэгээд бэлэн 100 гаруй асуумжиндаа үнэн зөвөөр бөглөөд өгвөл программ өөрөө бодоод гаргачихна. Иргэдэд чирэгдэл гарахгүй байх аа.
О.Сод
Г.Мөнхгэрэл
newscom.mn
Сэтгэгдэл