Умардын дронуудыг эсэргүүцэх Өмнөд Солонгосын цэргийн ажиллагаа таван цаг орчим үргэлжилжээ


Умардын дронуудыг эсэргүүцэх Өмнөд Солонгосын цэргийн ажиллагаа таван цаг орчим үргэлжилжээ

 

СӨҮЛ. /Yonhap/. 
Өмнөд Солонгосын агаарын орон зайд нэвтэрсэн Умард Солонгосын дронуудыг эсэргүүцэх цэргийн ажиллагаа таван цаг орчим үргэлжилсэн байна.  Энэ тухай "Yonhap” агентлаг БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны мэдэгдлээс эш татан мэдээлэв. 
 
Өмнөд Солонгосын цэргийнхний мэдээлснээр, даваа гарагт орон нутгийн цагаар 10:25 цаг орчимд Умард Солонгосын таван дрон хил давж орж ирсэн байна. 
 
Нийслэл Сөүл хотын захад хүрээд буцсан дронуудын нэг нь Өмнөд Солонгосын тэнгэрт гурав орчим цаг ниссэн байна. Үлдсэн дөрвөн дрон нь радараас алга болжээ. Өмнөд Солонгосын цэргүүд Ганхвадо арлын ойролцоо нисэж байсан дроныг унагах оролдлого хийсэн боловч чадаагүй аж. Умард Солонгосын дронууд Өмнөд Солонгосын агаарын орон зайд дор хаяж долоон цаг байсан гэж өмнө нь мэдээлж байв. "Умардын дронууд хувийн байшин, хотуудын төвүүдийн дээгүүр нисэж байсан тул иргэдэд учирч болох хохирлыг тооцон унагаж чадахгүй байсан" гэж Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний төлөөлөгч хэлжээ.
 
БНСУ хариуд нь нисэх онгоцууд, нисдэг тэргүүд болон нисэхийн бусад техник хэрэгслүүдээ хөөргөж, анхааруулах гал нээснийхээ дараа "дронуудыг устгах ажиллагааг" эхлүүлжээ. Үүнээс гадна, тагнуулын хэрэгслээ хилийн бүс рүү, тодруулбал хоёр Солонгосын цэрэггүй бүсийн хойд хэсэг рүү илгээж, "адил хариу арга хэмжээ" авсан байна.
 
Хариу арга хэмжээнд оролцсон Өмнөд Солонгосын "KA-1" байлдааны хөнгөн нисэх онгоц хөөрснийхөө дараа тодорхойгүй шалтгаанаар 11:39 цагийн орчимд осолдсон байна. Уг онгоцны хоёр нисэгч шүхрээр эсэн мэнд газардаж чаджээ.  БНАСАУ-ын дронууд хамгийн сүүлд 2017 онд хил зөрчиж байсан байна. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцома" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.