КАИР. /BBC/. Египетийн археологичид 4300 жилийн туршид нээгдээгүй чулуун авснаас алтан навчаар бүрхсэн занданшуулсан шарил олсноо өчигдөр мэдэгджээ.
Хекашепес гэдэг нэртэй эрэгтэй хүний энэхүү шарил нь Египетээс олдсон шарилуудын дотроос хамгийн эртний бөгөөд хааны удмын бус хүний хамгийн бүрэн бүтнээрээ хадгалагдаж үлдсэн занданшуулсан шарилд тооцогдож байгаа аж.
Уг шарилыг Каир хотоос өмнө зүгт орших Саккара хот дахь эртний оршуулгын газраас 15 метрийн гүнд байх бунхнаас олжээ. Энэ бунхнаас бас өөр гурван булш олдсон байна.
Археологичдын хэлснээр, гурван булшны нэг нь тайлгач, хянан шалгагч, язгууртнуудыг хянах үүрэгтэй, "хааны нууц хадгалагч” Хнумжедеф гэдэг эрэгтэй хүнийх бөгөөд эртний оршуулгын газраас олдсон булшнуудаас хамгийн том нь ажээ.
Хоёр дахь нь Мери гэдэг эрэгтэй хүнийх бөгөөд тэрбээр тусгай зан үйл үйлдэх үүрэг бүхий бас "нууц хадгалагч” ордны том түшмэл хүн байжээ.
Фатек хэмээх шүүгч, зохиолч хүнийх гэж таамаглаж байгаа гурав дахь булшийг өөр бунханд оршуулсан байжээ. Уг бунханаас мөн Египетийн эртний энэ оршуулгын газраас урьд өмнө олдож байсан чулуун хөшөөнүүдийн хамгийн томд тооцогдох чулуун хөшөөнүүд олдсон байна. Бунхнаас мөн ваар сав зэрэг өөр хэд хэдэн эд өлгийн зүйлс олджээ.
Египетийн эртний эд өлгийн сайд асан, археологич Сахи Хавасын хэлснээр, энэхүү олдвор нь МЭӨ 25-22-р зууны үед хамаарна. "Энэ олдвор нь хаад болон тэдний ойрын тойрон хүрээлэгчдийнх учраас чухал ач холбогдолтой” гэж малтлагад оролцсон өөр нэг археологич Али Абу Дешиш хэлсэн байна.
Саккара нь 3000 жилийн турш оршуулгын ёслол үйлддэг томоохон оршуулгын газар байсан бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн Соёлын Өвд бүртгэгджээ. Египетийн эртний нийслэл Мемфис хотын нутаг дэвсгэрт байх энэ оршуулгын газрын арав гаруй пирамидын нэг болох Алхамтын хажуухнаас дээрх бунхныг олсон аж.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл