Л.Очир: Таны мөнгийг богино хугацаанд өсгөж өгнө, баян болгоно гэдэг үг үлгэрт л гардаг


Л.Очир: Таны мөнгийг богино хугацаанд өсгөж өгнө, баян болгоно гэдэг үг үлгэрт л гардаг

 

Цахим орчинд "FT group”, "familymart”, "wayfair” гэх нэршилтэй хэрэглээний программ ашиглан иргэдээс 60-20000 ам.долларын барьцаа байршуулж, залилсан үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тодруулбал, "FT group”, "Familymart”, "Wayfair” гэх нэршилтэй хэрэглээний программ гар утсандаа татан ашиглаж, олон улсын арилжааны биржээр дамжуулан цахим хэтэвч нээж, иргэдээс 60 ам.доллараас 20,000 ам.долларын барьцаа байршуулж, дээрх аппликейшнийг нэг жилийн хугацаанд нээлттэйгээр ашиглан сурталчилгаа түгээж, элссэн үнийн дүнгээс хамаарч, өдөр бүр 2-50 ам.долларын урамшуулал олгоно гэх үйл ажиллагаагаар иргэдэд их хэмжээний хохирол учруулж залилаад буй. 

 

Бусдад залилуулсан байж болзошгүй иргэд нь өөрсдийн болон бусдын орон сууц, тээврийн хэрэгслийг зарах, барьцаалах, өөрсдийн болон хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж зээл авах, хамаарал бүхий хүмүүсээ элсүүлэх, эмчилгээнд хадгалсан мөнгө зэргээ оруулж, залилуулсан байжээ.

 

 

"FT group” аппликейшн нь манай улсын иргэдэд зориулан монгол хэлний тайлбартайгаар цэс нээж, онлайн худалдааны сайт руу хандан даалгавар биелүүлж, урамшуулал авах байдлаар үйл ажиллагаа явуулсан. Дээрх залилах хэрэг нь 2022 оны арваннэгдүгээр сард Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлж, 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр үйл ажиллагаа явуулахаа больж, хаагдсан байна.


Залилуулсан байж болзошгүй иргэд өөрсдийн болон бусдын орон сууц, тээврийн хэрэгслийг зарах, барьцаалах, өөрсдийн болон хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж зээл авах, хамаарал бүхий хүмүүсээ элсүүлэх, эмчилгээнд хадгалсан мөнгөө тэдгээр аппликэйшнд шилжүүлэх зэргээр хохирчээ. 

 

 Хохирогчдын нэг болох иргэн Б 


Энэ бол ердөө л амар аргаар мөнгөтэй болох гэсэн санаа минь байсан. Ойр дотнын хүмүүс нэгдээд бага хэмжээгээр мөнгө аваад байсан болохоор үнэхээр болох юм шиг санагдаад  хоёр сарын цалингаа ойролцоогоор 1500 орчим доллар хийсэн. Гэтэл төд удалгүй нөгөө аппликейшн нь хаагдаад миний мөнгө хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болчихсон. 


Нэгэнт мөнгөө өгөөд орчихсон учраас одоо яаж ч чадахгүй сууж байна. Санхүүгийн хувьд болон сэтгэл санааны хувьд их хүндээр туслаа. Ерөнхийдөө энэ залилангийн хохирогчид гэртээ суудаг, аль эсвэл ойр тойрныхондоо ятгагдаж орсон хүмүүс харагдсан. Одоо бол ядаж мөнгөнийхөө талыг ч болтугай олоод авчих юм сан гэсэн л бодолтой байна. 

 

 

Харин залилан гэж чухам юу болох, ямар зарчмаар явагддаг тухай эдийн засагч  Л.Очироос тодруулсан юм. 

 


-Иргэдийн хувьд Залилангийн гэмт хэрэг гэж яг ямар үйлдлийг ойлгох ёстой  юм бол. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?


- Залилан гэдэг нь зохиомол байдлыг зориуд бий болгох, сүсэг бишрэлийг ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэх, урьдын бий болсон харилцаа, итгэлийг урвуулан ашиглах замаар хуурч, мэхлэх гэмт хэргийг хэлнэ. Энэ төрлийн гэмт хэргийн хамгийн гол аюул нь иргэд, олон нийтэд хуурамч сэдэл төрүүлэх, донтуулах шинжтэй байдаг. Манай улсын хувьд залилантай холбоотой маш олон төрлийн гэмт хэргүүд гарч байна.

 

Тухайлбал, өргөн тархсан интернэт сүлжээг ашиглан гадаадын гэмт этгээдүүд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг залилах, тэдний итгэлийг олж аван хуурч мэхлэх аргаар эд хөрөнгийг нь өөрийн болгох, дансаар мөнгийг нь шилжүүлэн авах зэрэг гэмт хэргийн олон төрлүүд бүртгэгдэж байна. Залилан мэхлэх гэмт хэрэгт бага насны хүүхдээс эхлээд ахмадууд хүртэл бүх насныхан өртөж байна. Хэн ч хохирогч болохыг үгүйсгэхгүй ийм орчин үүссэн байна.

 

- "FT group”, "familymart”, "wayfair” зэрэг aппликейшнээр цахимаар залилуулсан гэсэн иргэдийн гомдол нэлээн гарч байна. Цахим залилангийн гэмт хэргийн нийтлэг төрх ямар шинжтэй байдаг вэ. Энэ талаар иргэдэд тодорхой хэмжээний ойлголт өгөх цаг болсон юм шиг санагдаж байна?

 

-Сүүлийн үед цахим залилангийн төрлийн гэмт хэргүүд иргэдийг ихээр хохироож байна. Хотжил, хүн амын хэт төвлөрөл, хүмүүсийн сэтгэхүйг дагаад сүүлийн жилүүдэд гэмт хэргийн шинж нарийсч байгаа нь үнэн. Хэдэн хэдэн төрлийн залилангийн хэлбэр байдаг. Үүнд:

 

Романс залилан Энэ төрлийн гэмт хэрэг нь иргэдийн сошиал хаягуудыг судлан ганц бие эмэгтэйчүүдийг онцлон харилцаа тогтоодог. Ихэнх тохиолдолд гэмт этгээд нь өөрийгөө АНУ-ын армид удирдах албан тушаалтай хэмээн танилцуулан удаан хугацааны туршид харилцаж итгэлийг нь олж авч, улмаар Монгол Улсад очно, хамт амьдарна гэж итгүүлдэг. Энэ тохиолдолд гэмт этгээд нь аль нэг гадаад улсын дансанд гацсан их хэмжээний мөнгөө Монгол Улс руу гуйвуулахад гарах зардал, шимтгэл гэх нэрийдлээр их хэмжээний мөнгө гадаад улсын данс руу шилжүүлэн авч байна. Хамгийн багадаа 1000, 2000 аажмаар ихсээд  8000, 9000 ам.доллар  хүртэл шилжүүлэн авсан тохиолдлууд байна.

 

Цахим хаягт хууль бусаар нэвтэрч буй залилан Энэ төрлийн гэмт хэрэг нь худалдаа, бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад их тохиолдож байна. Учир нь ААН, байгууллагууд гадаадаас бараа материал оруулж ирж худалдана гэсэн санал тавин гэрээ байгуулж хамтран ажилладаг. Гэмт этгээдүүд тухайн байгууллагын цахим шуудангийн мэдээллийг хуулж аваад тусгай програм ашиглан, цахим хаягт бага зэрэг өөрчлөлт бий болгоно. Дараа нь материал, бараа явуулахаар тохиролцож, тодорхой дансанд  мөнгө шилжүүлэн авдаг. Энэ төрлийн залилангийн хэрэг цагдаагийн байгууллагад маш их бүртгэгддэг. Хохиролын хувьд 7000-аас 100 гаруй мянган ам.долларыг залилж байсан тохиолдол байна.

 

Сугалааны залилан Энэ төрлийн гэмт хэрэг нь харьцангуй бага үйлдэгддэг. Учир нь сугалааны залилангийн талаар иргэд харьцангуй сайн ойлголт, мэдээлэлтэй болсон. Энэ төрлийн гэмт хэрэг нь жишээ нь, и-майл хаяг ашиглан 50 доллар хожлоо гэрийн хаяг, утас, регистрийн дугаараа явуулна уу гэсэн мессеж ирдэг. Сонирхсон хүн бол мэдээллээ шууд  явуулдаг. Дараа нь утас руу  ярина. Та мөнгө хожсон байна. Та карт захиалах хэрэгтэй. Карт захилах бол тэдэн төгрөг. Анхандаа картыг захиалаад мөнгө шилжүүлж итгэл төрүүлж эхэлдэг. Тэгээд бага багаар хураамж татвар гээд 2000-8000 ам.доллар гэж нэхэн залилан хийдэг.

 

Монгол хүмүүс бие биенээ цахим орчныг ашиглан залилан Жишээ нь  гэмт этгээд таны фэйсбүүк руу код хуулах програм явуулж, энэ линк руу ороод лайк дараад дэмжээд өгөөрэй гэсэн хэлбэрээр илэрдэг. Сонирхож байгаа хүн ороод лайк дарангууд таны код шууд тусгайлан бэлдсэн програмаар хуулагддаг. Дараа нь таны фэйсбүүк хаягны кодыг чинь өөрчлөөд мессенжэр чатыг шалгаж байгаад хэнтэй их харилцдаг байгааг судлан мэссэж бичиж найз 200 мянга төгрөг зээлэх үү долоо хоногийн дараа өгнө гэх хэлбэрээр 10-20 хүн руу бичнэ.  Энэ хүмүүсээс дөрвөн хүн тутмын нэг нь заавал мөнгө өгч байгаа нь шалгалтын явцад харагдсан.
 

Нэг жишээ дурдахад, мөнгөө богино хугацаанд өсгүүлэх, үржүүлэх зорилготой залилуулсан хүмүүсийн 70 хувь нь өөрийнхөө мөнгөөр биш, хүнээс зээлж авсан мөнгөө өгч залилуулсан байдаг. Өөрөөр хэлбэл нэг хохирогч хохироод өнгөрөх биш зээлсэн, зээлүүлсэн хүмүүс давхар залинлангийн гэмт хэрэгт хохирсон байдаг. Дээр дурдсан хохирогчид нь ихэнх тохиолдолд өөрөө мөнгөгүй байсан ч хүнээс авч зээлэн богино хугацаанд өсгүүлээд, дундаас нь ашиг олно хэмээн бодож залилуулсан байдаг.

 

-Иргэд, олон нийт залилангийн гэмт хэргээс өөрсдийгөө хэрхэн хамгаалж, урьдчилан сэргийлэх ёстой вэ? 

 

-Залилангийн гэмт хэрэг нь хуурч мэхлэх, итгэл эвдэх, гэрээгээр халхавчлах, хуурамч бичиг баримт ашиглах, хүний шуналыг хөдөлгөх, донтуулах зэрэг шинж тэмдэг дээр тулгуурладаг. Тиймээс иргэд, олон нийт маань таны мөнгийг хэд дахин өсгөөд өгье гэсэн сүлжээний бизнесд хууртахгүй байх, судлаагүй таньж мэдээгүй хүмүүстэй гэрээ хийхдээ мэргэжлийн хуулийн байгууллагаас зөвлөгөө мэдээлэл авах зэргээр судлаж үзэн, шалгахыг хэрэгтэй. Ер нь зах зээлийн эдийн засгийн нийгэмд богино хугацаанд ямар нэгэн тодорхой эдийн засгийн эргэлтгүйгээр таны мөнгө хэд дахин үржих, эсвэл гэнэт баяжих боломжгүй гэдгийг иргэд маань ухаармаар байна. 


Иргэн таны хөдөлмөрөөрөө олсон мөнгийг хэн нэгэн худал дүр эсгэн, богино хугацаанд өсгөж өгнө, баян болгоно гэдэг үгэнд нь автсанаар амь, амьдралаараа хохироод зогсохгүй, тухайн гэмт этгээд цааш олон хүнийг мэхлэх тэр боломжийг бий болгож өгч байгаа гэдгийг хүмүүс маш сайн ойлгох хэрэгтэй юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.