ХНХ-ын сайд Х.Булгантуяа намтраа хуурамчаар бичиж, ардын намыг ч, ард түмнийг ч хуурч байсан уу


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Х.Булгантуяа томилогдлоо. Түүнийг Боомтын сайдаар ажиллаж байх үед нь ил болгож байсан дараах баримтыг сэргээн нийтэлж байна.  
   Ардын намын эмэгтэйчүүдээс "алга урвуулах”-ын төдийд албан тушаал ахиж яваа нь Х.Булгантуяа. Намын Нарийн бичгийн даргаар гурван жил ажиллаад Сангийн дэд сайдын сэнтийд заларсан. Улмаар 2020 онд УИХ-ын гишүүн болж, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргын албыг давхар хаших болсон. Харин өнгөрсөн сард Боомтын сайдаар томилогдож, өнгөрөгч долоо хоногт Ардын намын дэргэдэх "Социал демократ эмэгтэйчүүдийн холбоо”-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Товчхондоо, ганцхан сарын дотор гурван давхар дээлтэй болчихоод байгаа. Ардын намынхнаас албан тушаалын аз, од нь гийж байгаа хүн одоогоор түүнээс өөр алга. 

Тэгвэл Х.Булгантуяа Сангийн дэд сайд, УИХ-ын гишүүн, Боомтын сайд болтлоо дэвшихдээ намтраа хуурамчаар бичиж, намынхнаа ч, нийт сонгогчдыг ч хуурч байсан байж болзошгүй ноцтой баримтыг дэлгэж байна. 

Тодруулбал, Засгийн газрын албан ёсны цахим хуудаст Боомтын сайд Х.Булгантуяагийн намтрыг танилцуулахдаа "2008-2010 онд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх” гэж бичсэн байдаг. Мөн Х.Булгантуяа өөрөө 2022 оны гуравдугаар сарын 1-нд "Tomyo outliers” нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Би 2008 онд АНУ-ийн Иелийн их сургуулийг төгссөн. Төгсмөгцөө АНУ-д хэсэг хугацаанд ажилласан. Вашингтонд төвтэй Дэлхийн банканд зөвлөхөөр ажиллаж байсан. Ингэхдээ хөгжиж буй орнуудын Сангийн яаманд нь зөвлөхөөр очиж ажилладаг байсан. Жишээ нь, Израйл, Этиоп, Палестин, Зүүн Тимор гэх мэт улсуудад очиж ажилласан. "Палестинд бөмбөг дэлбэрлээ” гэхэд ээж, нөхөр хоёр маань "Хүүе ээ, амьд уу” гэж залгадаг байлаа. Би тийм орнуудад явж байхдаа "Би маш сайхан улсад төрж, өсжээ” гэж боддог байсан” гэж ярьсан байдаг. 
       Түүний "Дэлхийнд банканд зөвлөх байсан” гэх энэхүү намтар нь түүнийг Сангийн дэд сайдаар томилогдоход гол нөлөө үзүүлсэн буюу намтрынх нь хамгийн чухал хэсэг. Харамсалтай нь, "Дэлхийн банканд зөвлөх байсан” гэдэг намтар нь хуурамч байж болзошгүй ажээ. 
 

ЭЭЖ Г.ОЮУНГЭРЭЛ НЬ ДЭЛХИЙН БАНКНААС МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛИЙН МЕНЕЖЕРЭЭР АЖИЛЛАЖ БАЙХДАА Х.БУЛГАНТУЯАГ ДУР МЭДЭН ЗӨВЛӨХӨӨР АЖИЛД АВСАН ГЭЖ ХОЁР ЖИЛИЙН "САХИЛГЫН” ШИЙТГЭЛ АВЧ БАЙЖЭЭ 

      Х.Булгантуяагийн ээж Гончигийн Оюунгэрэл нь Эдийн засагч мэргэжилтэй, Сангийн яаманд ахлах эдийн засагч, газрын даргаар ажиллаж байсан. Ялангуяа сүүлийн 20 гаруй жил Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд Сангийн яамыг төлөөлөн удирдагч, зохицуулагчаар нь ажиллаж ирсэн нэгэн ажээ. 
 
Тодруулбал, Засгийн газар 2003 оны зургадугаар сард Дэлхийн банктай нийт 5.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Улмаар Дэлхийн банктай хамтран "МОG-3803: Эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх техник туслалцаа” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тус төслийн менежер буюу зохицуулагчаар нь Х.Булгантуяагийн ээж Г.Оюунгэрэл ажиллажээ.  

Хамгийн ноцтой нь, Г.Оюунгэрэл нь Дэлхийн банкнаас Монголд хэрэгжүүлсэн төслийн зохицуулагчаар ажиллаж байхдаа охин Х.Булгантуяагаа хууль бусаар зөвлөхийн албан тушаалд ажилд авч, төслийн мөнгөөр цалинжуулж байсан гэж буруутгагдаж, улмаар хоёр жил Дэлхийн банкнаас Монголд хэрэгжүүлэх ямар нэг төсөлд оролцохгүй байх сахилгын шийтгэл авсан байжээ. 

ТАЙЛБАР: ДЭЛХИЙН БАНКНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАСТ БАЙРШУУЛСАН МЭДЭГДЭЛ

Тодруулбал, Дэлхийн банкны Шийтгэлийн зөвлөлийн 2015 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 78 дугаар шийдвэрээр Г.Оюунгэрэл нь хоёр жилийн хугацаатай сахилгын шийтгэл авчээ. Тус шийдвэрт дурдсанаар "Г.Оюунгэрэл Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлсэн "3803-MOG” төслийн зохицуулагчаар ажиллаж байхдаа өөрийн охиныг цалинтай дадлагажигчаар ажилд авч, улмаар зөвлөхөөр ажиллуулах гэрээ хийж, цалинжуулж байсан нь Дэлхийн банкны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журмуудыг зөрчиж байна” гэжээ. Улмаар Г.Оюунгэрэлд "Хоёр жилийн хугацаанд Дэлхийн банкнаас Монгол улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт оролцохгүй байх" сахилгын шийтгэл оноосон ажээ. 
ТАЙЛБАР: ДЭЛХИЙН БАНКНЫ ШИЙТГЭЛИЙН ЗӨВЛӨЛ Г.ОЮУНГЭРЭЛД ШИЙТГЭЛ НОГДУУЛСАН ШИЙДВЭР
 
     Эндээс харвал, Боомтын сайд Х.Булгантуяагийн "Дэлхийн банканд зөвлөхөөр ажиллаж, Израйл, Палестин, Этиоп улсуудад томилогдон ажиллаж байсан” гэдэг нь хуурамч намтар болж таарч байна. Харин Дэлхийн банкнаас Монголд хэрэгжүүлсэн төсөл ээж Г.Оюунгэрэлээрээ дамжуулан цалинтай дадлагажигчаар ажиллаж, хууль бусаар "зөвлөх” гэх албан тушаалд түр ажилласан нь дээрх баримтаас харагдаж байна. 
 
Сонирхуулахад, Г.Оюунгэрэл нь дээр дурдсан шийтгэлийн хугацаа дууссанаас хойш Дэлхийн банкны CGAP буюу Ядууст туслах зөвлөлдөх бүлэг төсөл, Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөлд тус тус ажиллаж байгаа ажээ. 
 

ААВ С.ХҮРЭЛБААТАР НЬ "МИАТ” ТӨХК-ИЙН АНХНЫ ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ, ИНЕГ-ЫН ДЭД ДАРГА, "ИЗИНИС ЭЙРВЭЙЗ” ХХК-ИЙН ДЭД ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, МАН-ЫН НӨЛӨӨ БҮХИЙ ХУУЧЧУУЛЫН НЭГ АЖЭЭ 

       Боомтын сайд Х.Булгантаа Австралийн дунд сургуульд суралцаж, Хятадын "Хуазонг” их сургуульд бакалавр, АНУ-ын Иелийн их сургуульд магистр хамгаалсан. Мөн Японд суралцаж байсан намтартай. "Дэлхийн дөрвөн оронд боловсрол эзэмшсэн” гэх энэ намтраараа тэр Ардын намынхандаа "Асар өндөр боловсролтой” гэж сайшаагддаг. Харин гадаадын их дээр сургуулиудад хэрхэн суралцсанаа тайлбарлахдаа "Би жирийн л нэг айлын жирийн л нэг охин. Их хичээж, их сургуулиудын тэтгэлэг хөөцөлдөж байж энэ боловсролыг эзэмшсэн” гэж тайлбарладаг. Тэгвэл Х.Булгантуяагийн аав Сандагийн Хүрэлбаатар нь "МИАТ” ТӨХК-ийн анхны Ерөнхий захирал ажээ. Тодруулбал, 1993 оны наймдугаар сарын 12-нд тухайн үеийн Зам, тээвэр, холбооны сайдын тушаалаар "МИАТ” ТӨХК-ийг байгуулж, ерөнхий захирлаар нь С.Хүрэлбаатарыг томилж байжээ. Түүнээс хойш С.Хүрэлбаатар нь "МИАТ” ХК-ийн дэд захирал, ИНЕГ-ын дэд дарга, "МИАТ” ТӨХК-ийн Япон дахь төлөөлөгч зэрэг бүхий л өндөр албан тушаалуудыг хашиж байжээ. Сонирхуулахад, аав С.Хүрэлбаатар нь Японд Төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байх үед Х.Булгантуяа тэнд сурч байсан аж. 
 
Түүнчлэн, С.Хүрэлбаатар 2012 онд "МИАТ” ТӨХК-ийн дэд захирлаар томилогджээ. Харин дараа жил нь Х.Булгантуяа МАН-ын Нарийн бичгийн дарга болсон аж. Учир нь аав С.Хүрэлбаатар нь МАН-д асар их нөлөөтэй, хууччуулынх нь нэг ажээ. С.Хүрэлбаатарыг МАН-ын томчуудын нэг гэдгийг батлах нэг баримт нь, тэр "Изинис эйрвэйз” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байжээ. "Изинис эйрвэйз” ХХК нь Хөгжлийн банкны 22 тэрбум төгрөгийн зээл авсан ч эргүүлж төлөөгүй гэгдэн шүүхдэж байгааг сануулах нь зүйтэй биз ээ. 
 
     Эцэст нь нэгтгэж харвал, Х.Булгантуяа намын нарийн бичгийн даргаас Боомтын сайд болтлоо  "томорсон” нь Ардын намд нэр нөлөөтэй аавтай нь холбоотой байж болзошгүй гэж харагдаж байна. Харин "Дэлхийн банканд зөвлөх байсан” гэх "хуурамч" намтраар Сангийн дэд сайд болсон нь Сангийн яаманд насаараа ажилласан ээжийнх нь "лобби” гэж харагдаж байгаа юм. 
ТАЙЛБАР: Х.БУЛГАНТУЯА ААВ С.ХҮРЭЛБААТАР, ЭЭЖ Г.ОЮУНГЭРЭЛИЙН ХАМТ, 2020 ОНЫ СОНГУУЛЬ
 
 
https://ergelt.mn/news/175/single/30338

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.