Нэр дэвших эрх олгохдоо барьцаа, дэнчин авахыг хориглоно


Нэр дэвших эрх олгохдоо барьцаа, дэнчин авахыг хориглоно

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр /2023.04.14/ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Улс төрийн намын тухай хууль 5 бүлэг, 24 зүйлтэй. Шинэчилсэн найруулгад үүнийг 7 бүлэг 45 зүйлтэй байхаар тусгажээ.

Уг ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулах хүрээнд парламентад суудалтай намууд болон бусад намууд, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөллийг хангасан олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг, уулзалт, ярилцлага хийсний зэрэгцээ хуулийн төслийн талаарх санал авахаар Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн бүх намуудад 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр илгээж хуулийн төсөлд Улсын Их Хурал суудал бүхий бүх намуудаас болон бусад улс төрийн намуудын саналыг авчээ.

Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар хуулийн төсөл, түүнийг дагалдах хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэн холбогдох саналыг авч төсөлд тусгасан гэлээ.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын шинжтэй дараах зүйлийг тусгажээ. Үүнд:

Хуулийн төслийн нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, хуулийн үйлчлэх хүрээ, нэр томьёоны тодорхойлолт, улс төрийн намын эрх, үүрэг, намд эвлэлдэн нэгдэх иргэний эрх, намын дотоод зохион байгуулалт ардчилсан байх, нам цахим орчинд үйл ажиллагаа явуулах, намын үйл ажиллагаанд хориглох зүйл;

Хуулийн төслийн хоёрдугаар бүлэгт улс төрийн намыг үүсгэх байгуулах, бүртгүүлэх, сонгуулийн төв байгууллагын уламжилснаар Улсын дээд шүүх улс төрийн намыг бүртгэх, бүртгэхээс татгалзах зохицуулалтын талаар;

Хуулийн төслийн гуравдугаар бүлэгт намын бүтэц зохион байгуулалтыг дэлхийн чиг хандлага, дотоод ардчилал, хүний эрх, жендерийн тэгш эрхийг хангах зарчмуудын дагуу уян хатан бүтэцтэй, хүний эрхийг дээдэлсэн, гишүүдийн оролцоо, эмэгтэйчүүд, залуучууд, ахмад үе, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгүүдийн оролцоог дэмжсэн, бодлогын нам болж ажиллах асуудлыг;

Хуулийн төслийн дөрөвдүгээр бүлэгт намын үйл ажиллагааг идэвхгүйд тооцох, өөрчлөн байгуулах, намын үйл ажиллагааг зогсоох, намыг тараах зохицуулалт;

Хуулийн төслийн тавдугаар бүлэгт улс төрийн намуудад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөл шалгуур, түүний мөнгөн болон мөнгөн бус хэмжээ, хуваарилалт, шилэн санхүүжилтийн зарчим, зарцуулалтын зориулалт, гишүүний татвар, хандив, намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлогын талаар;

Хуулийн төслийн зургадугаар бүлэгт намууд санхүүгийн тайлан гаргах, тайланг мэдүүлэх, аудит хийлгэх, сонгуулийн төв байгууллага тайланг нягтлан шалгах, нийтэд мэдээлэх, улмаар намын тайлантай холбоотой алдаа зөрчилд тооцох хариуцлагын талаар, долдугаар бүлэгт бусад асуудлыг тусгасан байна.

Хуулийн төслийн онцлох заалтуудаас дурдвал:

  • Улс төрийн 35 нам бий ч 10 гаруй нь л сонгуульд идэвхтэй оролцдог байна. Иймд УИХ-ын ээлжит сонгуульд хоёр удаа дараалан оролцоогүй бол тухайн намыг сонгуулийн төв байгууллага идэвхгүйд тооцно.
  • Нэг хуулийн этгээд улс төрийн хүчинд нэг жилд 27 сая төгрөгөөс дээшгүй хандив өгнө. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээ. Иргэн 6 сая төгрөгийн хандив өгнө. Энэ нь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин үржүүлсэнтэй тэнцүү.
  • Улс төрийн нам нэг данстай, тэр нь шилэн байна.
  • Намын дансанд хүлээж авсан хандивын болон бусад мэдээллийг Шилэн дансны тухай хуульд заасны дагуу намын цахим хуудаст байршуулна. Хандивлагчдыг мэдээлэхдээ хувь хүний хуулиар хамгаалбал зохих мэдээллээс бусад мэдээллийг ил тод мэдээлнэ.
  • Нам жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж, жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан цахим хуудсандаа байршуулж олон нийт, гишүүд, дэмжигчдэдээ нээлттэй танилцуулж байна.
  • Сонгуульд нэр дэвших эрх олгохдоо намын гишүүн, дэмжигчээсээ барьцаа, дэнчин болон бусад аливаа хэлбэрээр мөнгө болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ өгөхийг шаардах, авахыг хориглоно гээсэн заалтууд оржээ.

Мөн нам дараах этгээдээс хандив авахыг хориглоно:

  • Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас,
  • Үйлдвэрчний эвлэл, шашны болон бусад ТББ, мэргэжлийн холбооноос,
  • Дампуурсан хуулийн этгээдээс,
  • Байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээдээс
  • Олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжээс
  • Даатгал, татварын өртэй нь шүүхээр тогтоогдсон байгууллагаас

Дээрх цогц улс төрийн намын шинэтгэлийг хэрэгжүүлснээр Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын үндэс болсон иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөө баталгаажиж, намд итгэх иргэдийн итгэл дээшилж, төрийн бодлого, шийдвэр гаргах явцад ард иргэдийн шууд оролцоо нэмэгдэж, улс төрийн намуудад өрсөлдөөний ижил нөхцөл бий болгож, авлигын түвшин бууруулахад эерэг үр дүн авчирна гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар илэрхийллээ.

 

Эх сурвалж: eguur.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.