С.Зориг агсны төрсөн өдөр тохиож АН-ын гишүүд болон талийгаачийн төрөл төрөгсөд түүний хөшөөнд цэцэг өргөж, дурслаа. Энэ үеэр төрсөн дүү С.Оюун "Өнөөдөр миний ах Санжаасүрэнгийн Зориг 61 нас хүрэх байлаа. Төрсөн өдрөөр нь Зориг сангийнхан, найз нөхөд нь хөшөөнд нь цэцэг өргөдөг. Харамсалтай нь бас хэргийн талаар ярьдаг. Би гадаадад амьдарч байгаа, цөөн хэд хоног ирсэн. Алсаас мэдээ сонссон, уншсан. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг зөв гэж бодож байгаа. 2016 оны 9, 10 дугаар сард анх энэ хэрэг шүүх рүү явах болж байгаа, хэргийн материалтай танилцаж болно гэсний дагуу танилцаж байсан. Анхан шатны шүүх хурал 2016 оны арванхоёрдугаар сард болсон. Тэр үед итгэл үнэмшилгүй байна гэдгийг хэлж байсан. Гол нь бүх хавтаст хэргийг төрийн нууцад аваад, шүүх хурлыг хаалттай явуулсан учраас бид гэр бүлийн зүгээс эсэргүүцээд оролцоогүй. Эргэлзэж байгаагаа хэлж байсан. Хамгийн гол нь төрийн нууц гээд яагаад итгэл үнэмшилгүй байгаагаа хэлж болдоггүй байсан. Энэ хэргийг нууцаас гаргах ёстойг УИХ-ын тусгай хяналтын дэд хорооноос шаардаж байсан. Харамсалтай нь энэ хэрэг гурван шатны шүүхээр шийдэгдэж, хүмүүс шоронд орсон нь хэлмэгдсэн гэж боддог. Хэргийн материалыг нууцаас гаргах асуудлыг хоёр, гурван жилийн өмнө Нямдорж гишүүн урагшлуулсан. Манай өмгөөлөгч ч анхнаасаа нууцаас гаргах шаардлагыг тавьж байсан. Нууцаас гаргаж байж үндэслэл байна уу гэдгийг мэднэ. Хэдийгээр материалыг нууцаас гаргах Засгийн газрын тогтоол гарсан ч прокурор дээр шат шатандаа хэрэгжиж дуусаагүй, үүнийг хэрэгжүүлэх ёстой. Ний нуугүй хэлэхэд, энэ хэргийг захиалсан, гүйцэтгэсэн хүнийг илрүүлж чадахгүй олон жил явлаа. Бидний зүгээс сүүлдээ хүнийг битгий хэлмэгдүүлээсэй гэж бодож байсан. Хэрэг гараад 25 жил боллоо. Бидний хувьд насан туршдаа гомдолтой байна, илрүүлээсэй гэж дотроо маш их хүснэ. Гэхдээ хүмүүсийг битгий хэлмэгдүүлээсэй. Хууль хяналтын байгууллагынхан үргэлжлүүлээд учрыг нь олохын төлөө явах л ёстой. Энэ хэрэг буруу явж байна, шударгаар явах ёстой, хэлмэгдэлт байх ёсгүйг хэлж Ц.Нямдорж, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ сайд нар тууштай явсанд дотроо баяртай байдаг" гэв.
Эх сурвалж: www.polit.mn
Сэтгэгдэл