Лхагва гарагт АНУ-ын Умард Каролина мужид бага насны хүүхдийн эсрэг галт зэвсэг хэрэглэсэн хэрэг гарч, цагдаа нар сэжигтнийг эрэн сурвалжилж эхэлжээ.
Тухайн өдөр 6 настай охин аавтайгаа тоглож байгаад сагсны бөмбөгөө санамсаргүй хөрш айлынхаа эзэмшлийн талбайд оруулсан байна.
Хэргийн дараа тэр гэрээсээ оргон зайлсан байна. Сэжигтэн өмнө нь найз эмэгтэйгээ зодсон хэрэгт шалгагдаж байсныг орон нутгийн цагдаагийн газар мэдээлжээ.
Буудуулсны дараа аав, охин хоёр шархадсан байна. Мөн тэдэнд туслахаар ирсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн суманд оногдон хөнгөн шархаджээ.
Охины шарх хөнгөн байсан бол аав нь хүнд шархдаж, Шэрлот хотын эмнэлэгт байгааг гэр бүлийнхэн нь мэдээлсэн байна.
"Ийм төрлийн хүчирхийлэл хэрхэвч гарах ёсгүй. Бид ноён Синглтэрийг өргөн хүрээнд эрэн сурвалжилж байна. АНУ-ын Маршаллын албаны бүс нутгийн эрэн сурвалжлах тасагтай хамтран ажиллаж байгаа” гэж Гастон дүүргийн цагдаагийн ахлагч Стивен Зилл өчигдөр мэдэгджээ.
Сүүлийн өдрүүдэд АНУ даяар ялихгүй шалтгаанаар бусдын эсрэг галт зэвсэг хэрэглэсэн хэргүүд дараалан гараад байна.
Өнгөрсөн долоо хоногт айлаас дүү нараа авахаар явсан 16 настай хар арьст хүү хаяг андуурч, өөр айлын хонхыг дараад гэрийн эзэнд нь буудуулж, шархадсан хэрэг Миссури мужид гарсан.
Бямба гарагт Нью-Йорк мужид 20 настай эмэгтэй бас айл андуураад буудуулж алагдсан юм.
Мягмар гарагт зогсоол дээр найзынхаа машиныг андуурч бусдын машинд суусан 18 настай бүсгүй бусдад буудуулж хүнд шархадсан хэрэг Техас мужийн Остин хотын ойролцоо гарсан байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл