“Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх асуудлыг тогтоож байна


“Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх асуудлыг тогтоож байна

 

Японы эрх баригчид Хирошима хотноо 10 хоногийн дараа эхлэх “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх асуудлуудыг эцэслэн тогтоох шатандаа оржээ. Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах Японы Ерөнхий сайд Кишида Фүмио даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Долоогийн бүлэг” Украинтай эв санааны нэгдэлтэй байгааг энэхүү уулзалтаар дахин нотлох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

 

Тэрбээр мөн удирдагчид Энэтхэг-Номхон далай, тэр дундаа, Зүүн Азид тулгарч буй сорилтуудын талаар хэлэлцэнэ гэдгийг хэлжээ. Түүнчлэн “Долоогийн бүлэг”-ийн удирдагчдын дэлхий дахинд илгээх "мессежийг" эцсийн мөчид эцэслэн шийднэ гэсэн байна. Японы эрх баригчид Украин, Хятад, БНАСАУ болон цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх асуудлыг хэлэлцэх асуудлын эн тэргүүнд тавихаар төлөвлөж байна.

 

Мөн коронавирусний цар тахлын дараах дэлхийн эдийн засаг, санхүүгийн байдал, уур амьсгалын өөрчлөлтөөс гадна хиймэл оюун ухаан зэрэг дижиталчлалтай холбоотой асуудлуудыг авч үзэж байна. Хиймэл оюун ухаант технологийн хэрэглээний тухай дүрэм журмыг боловсруулах нь шинээр урган гарч ирж буй сорилт болоод байгаа юм. Гадаад хэргийн яам мөн удирдагчдын гэргий нарт зориулсан хөтөлбөрүүдийг танилцуулсан бөгөөд үүнд Хирошима хотын ойролцоох Мияжима аралд зочлох ажиллагаа багтжээ. Энд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ Дэлхийн өвд бүртгэгдсэн Ицүкүшима сүм байдаг. Мөн нутгийн зоогийн жишээ болгон “окономияки” амсах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.