Солонгос хөлбөмбөгчнийг Хятадад баривчилжээ


Солонгос хөлбөмбөгчнийг Хятадад баривчилжээ 
Өмнөд Солонгосын шигшээ багийн хагас хамгаалагч Сон Жун Хо авлига авсан хэргээр Хятадын зүүн хойд нутгийн Ляонин мужид саатуулагджээ.  Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин хэлэхдээ, солонгос хөлбөмбөгчин Сон Жун Хог "саяхан" баривчилсан бөгөөд мөрдөн шалгагдаж байгаа гэв. Түүнийг өнгөрсөн Баасан гаригт гэр бүлийнхээ хамтаар нутаг буцах гэж байхад нь Хятадын нисэх онгоцны буудлаас баривчилсан байна. 

Шэньян муж дахь Өмнөд Солонгосын консулын газраас Сон Жун Хог саатуулсныг баталсан бөгөөд олон улсын гэрээний дагуу хөлбөмбөгчинтэй уулзахыг нь зөвшөөрсөн гэжээ. Мөн Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лим Сүн Сук хэлэхдээ, Сөүлийн талаас Хятад дахь төлөөлөгчийн газраараа дамжуулан түүнд "шаардлагатай консулын тусламж" үзүүлж байгаа бөгөөд хувийн нууцтай холбоотой шалтгаанаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 

Сон Жун Хо нь Хятадын супер лигийн Шаньдун Тайшан багт тоглож байгаа аж. Хонгконгийн "South China Morning Post" сонинд мэдээлснээр түүнийг хятад дасгалжуулагч Хао Вэйгийн нэр холбогдсон тоглолтын тохироотой холбоотой авлигын хэрэгт сэжиглэн саатуулсан байна.

Өдгөө 31 настай Сон Жун Хо Өмнөд Солонгосын "Поханг Стилерс" болон "Жонбук Хьюндай Моторс"-д долоон улирал тоглож, 2021 онд Шандонг Тайшан багт дөрвөн жилийн гэрээгээр элссэн гэж "transfermarket.com" сайт мэдээлжээ. Өнгөрсөн жил Катарт болсон ДАШТ-ийг оролцуулаад Өмнөд Солонгосын шигшээ багийн төлөө 18 удаа тоглосон.

Цар тахлын хязгаарлалт дор удаан хаагдсаны эцэст хөлбөмбөгийн лиг дөнгөж эхэлмэгц эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч асан Ли Ти зэрэг арав орчим нэр хүндтэй хүн авлигын хэргээр баривчлагджээ. Хятадын засгийн газраас хөлбөмбөгийн дасгалжуулагчид, багийн эзэд, тоглогчид, шүүгчид болон төрийн спортын албан тушаалтнуудыг авлигын хэргээс ангижруулж, нэр хүндийг нь сэргээх гэж олон жилийн турш тэмцсээр ирсэн.

Түүнчлэн Ши Жиньпин Хятадыг хөлбөмбөгийн супер гүрэн болгохын тулд их хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ гэж амласантай авлигын эсрэг тэмцэл ч холбоотой.

Хятадын эрэгтэйчүүдийн шигшээ баг дэлхийн чансааны 81-д бичигдэж, мэргэжлийн багууд үзэгчдийг татахын тулд өндөр үнэтэй гадаадын тоглогчдод ихээхэн найддаг болсон. 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.