Монголчуудын Youtube хайлтын 90 хувь нь дуу, хошин шог байдаг


Монголчуудын Youtube хайлтын 90 хувь нь дуу, хошин шог байдаг

 

Мэдээллийн технологийн дэвшил, орчин үеийн хөгжлөөс хоцрохгүй гэсэн хүн бүрийн хэрэглээ хил хязгааргүй интернэтийн орон зай гэдэгтэй маргах хүн үгүй. Тиймдээ ч өдгөө дэлхийн найман тэрбум хүний 5.2 тэрбум нь интернэтийг өдөр тутамдаа хэрэглэж байна.

Дэлхий нийтээр интернэтийн хэрэглээ жил ирэх бүр нэмэгдэж, тэр дундаа цар тахлын улмаас онлайнд өнгөрөөх цаг эрс нэмэгдсэн нь ковидын дараа ч үргэлжилж байгааг энэ төрлийн мэдээллийг задлан шинжилдэг бүхий л сайт, мэдээллийн хэрэгслүүд онцлон дурдсан байдаг. Тухайлбал, Digitalreport.com сайтаас албан ёсоор гаргадаг судалгааны 2023 оны тайлан бэлэн болжээ. “Digital 2023” нь дэлхийн хэмжээнд интернэтийн хэрэглээнд дүн шинжилгээ хийж мэдээлэл бэлтгэдэг. Хамгийн сүүлд гарсан тайланд мэдээлснээр интернэт хэрэглэгчдийн тоогоор БНХАУ, Энэтхэг улсууд тэргүүлсэн хэвээр байгаа бол АНУ гуравдугаарт оржээ. БНХАУ-д гэхэд нэг тэрбум хүн өдөр тутамдаа интернэт хэрэглэдэг бол Энэтхэгт 692 сая хүн, АНУ-д 311 сая интернэтийн идэвхтэй хэрэглэгч байна. Дэлхийн дунджийг авч үзэхэд энгийн хүний өдөрт интернэтэд зарцуулдаг хугацаа 6 цаг 48 минут байгаа юм.

Харин манай улсын хувьд 2023 оны эхний хагасын байдлаар, 2.8 сая интернэт хэрэглэгч буюу хүн амын 84 хувь нь өдөр тутамдаа интернэт хэрэглэдэг гэсэн тоо гарчээ.

 

Интернэтийг яагаад хэрэглэдэг вэ?

Монголын хүн амын 86.6 хувь нь сошиал медиагийн идэвхитэй хэрэглэгч.
Эх сурвалж: https://datareportal.com/

Интернэтийг яагаад хэрэглэдэг вэ гэсэн ерөнхий асуултын хариултад “мэдээлэл олж авах”, “ойр дотныхонтойгоо холбогдох”, “цаг үеийн мэдээллээс хоцрохгүй байх”, “видео үзэх” гэсэн дөрвөн голлох шалтгааныг дурдсан байсан. Мэдээж хандалтаараа дэлхий нийтэд нэгдүгээрт бичигддэг, мэдээллийн асар том нөөц болох хайлтын “мангас” google хамгийн их зочилдог хуудас юм. Харин монголчуудын интернэт хэрэглээнд google-ийн дараа орох том суваг фэйсбүүк болжээ. Сонирхуулахад, манай улс хэдийгээр гурван сая гаруй хүн амтай ч сошиал хэрэглээгээрээ Азидаа тэргүүлж, дэлхийд нэлээд дээгүүр давхидаг. Үүний тод илрэл нь сошиал суваг ашиглагчдын нийт тоо интернэтийн идэвхтэй хэрэглэгчдийн тооноос давсан үзүүлэлттэй байдаг сонирхолтой баримт гарчээ.

Statistica сайтаас үзэхэд нийт интернэт хэрэглэгчдийн тоо 2.5 сая боловч фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 2.8 сая хэмээн бүртгэгдсэн байна. Мэдээж үүнд нэг хүний олон аккаунт, тролл хаяг зэргийг тооцоод хассан ч сошиал хандалтаар яах аргагүй хүн ам ойролцоо бусад улс орнуудаас хэд дахин өндөр байгаа юм.

 

Youtube хэрэглэгчдийн 90 хувь нь энтертаймент хайлт хийдэг

 

Youtube бол зөвхөн монгол ч бус дэлхий нийтийн хамгийн их зочилдог платформын нэг. Ялангуяа дуу хөгжим, тоглоом, энтертайнмент төдийгүй бизнесийн асар том суваг болсон. Тэгвэл Монголоос youtube-д хандаж буй хайлтын 90 шахам хувь нь дуу, хошин шог зэрэг эзэлдэг байна. Монголчуудын мэдээллийн аюулгүй байдлын нэгэн судалдааны танилцуулгын үеэр ч “Монголчуудын интернэт хэрэглээний 90 хувь нь энтертэйнмэнт чиглэлд байдаг” гэдгийг онцолж байсан.

Өөрөөр хэлбэл, youtube сувгийг хэрэглэж байгаа монголчуудын олонх нь дуу сонсч, тоглоом тоглож буй бичлэг үзэх, эсвэл хошин шог үзэхээс хэтэрдэггүй байх нь. Гэтэл youtube гэдэг мэдээллийн зах хязгааргүй нөөцөөс зөвхөн өөрсдийгөө хөгжөөх, нэг талаар цаг нөхцөөх бичлэг контентуудыг голлон үзэж байгаа нь бас л нэгийг хэлж байна. Youtube хэмээх дүрст мэдээллийн зах хязгааргүй эх сурвалжийг ядаж л хэл сурах, танин мэдэхүйн бичлэг үзэх зэргээр өөрсдийгөө хөгжүүлэх чиглэлд ашиглаж болох ч энэ талаарх мэдээллийг сонирхох сонирхол бага байгаа нь харамсалтай. Мөн гар утсанд татаж буй аппликэйшнийн хувьд ч pubG видео тоглоом эхний гуравдугаарт бичигддэг аж.

Мэдээж орчин үед видео тоглоом нь esport болтлоо хөгжсөн гэж өмөөрөх хэсэг бий. Үнэхээр ч тоглоом тоглож өөрийгөө хөгжүүлж, олон улсын уралдаан тэмцээнд оролцож байгаа тамирчид байдгийг үгүйсгэхгүй. Гэвч нийтээрээ монгол залуус esport-оор хичээллээд, бүгд амжилт олоод байна уу гэвэл бас өрөөсгөл. Харин ч гэр бүлдээ зориулах цаг заваа тоглоомонд зарцуулж, хэрэгцээгүй мэдээлэлд хэт их цаг гаргаж байгааг дээрх судалгаа нотолж байна.

Мэдээж интернэтийн эрх чөлөөг хязгаарлаж, онлайнд юу үзэх, юу үзэхгүй заах эрх хэнд ч байхгүй боловч үзэж ашиглаж байгаа контентдоо цензуртай хандах нь хувь хүний өөрийн ухамсрын асуудал. Тиймээс ч сонирхлоо тэлсэн, хувь хүний хөгжлөө анхаарсан мэдлэг болох мэдээллийг голлож, цаг үрсэн, зугаа төдий онлайн хэрэглээг багасгах нь эргээд нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах зөв эхлэл болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.