Зургаан ажлын өдөртэй долоо хоногт шилжихийг Оросын бизнесийнхэн эрх баригчдадаа уриалжээ


Зургаан ажлын өдөртэй долоо хоногт шилжихийг Оросын бизнесийнхэн эрх баригчдадаа уриалжээ 
Өрнөдийн эдийн засгийн хоригийн сөрөг нөлөөг бууруулахын тулд зургаан ажлын өдөртэй долоо хоногт шилжих шаардлагатай гэж Оросын бизнесийн салбарынхан үзэж байна.

Оросын бизнес эрхлэгчдийн Аванти клубээс ийм утгатай захидлыг ОХУ-ын хөдөлмөрийн сайдад илгээжээ.

Тус клубт Оросын нэр нөлөө бүхий бизнесмэнүүдээс гадна парламентын хэд хэдэн гишүүн багтдаг юм байна.

"Засгийн газар, төв банкны авсан тодорхой арга хэмжээний ачаар Оросын эдийн засаг, үндэсний мөнгөн тэмдэгт хоригийн цохилтыг тэсвэрлээд зогсохгүй эсэргүүцэх чадвартайгаа харууллаа. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар манай эдийн засаг, санхүүгийн тогтолцоонд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай байна” гэж Аванти клубийн захидалд өгүүлжээ.

Ажлын өдрийн тоог нэмснээр ерөнхийлөгч Владимир Путиний 2023 онд тавьсан зорилтыг биелүүлэхээс гадна тус улсын технологи, аж үйлдвэрийн чадавхыг сайжруулж, бие даасан байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтойг мөн тайлбарласан байна.

Украины дайны улмаас Орос улс хөдөлмөрийн хүчний нэлээд хомсдолтой болсон гэж ажиглагчид үздэг. Энэ нь ажлын өдрийн тоог нэмэхэд хүргэж байж болзошгүй юм.

Тухайлбал 2022 онд 300,000 бэлтгэл хүчийг хамруулсан цэргийн тусгай дайчилгаа болсон ба үүнээс зугтсан олон мянган хүн гадаад руу дүрвээд байгаа.

Өрнөдийн орнууд 2022 оны наймдугаар сард Оросын нүүрсний, арванхоёрдугаар сард түүхий газрын тосны, энэ оны хоёрдугаар сард нефтийн бүтээгдэхүүний экспортод тус тус хориг тавьсан юм.

Үүний улмаас сүүлийн нэг жилийн хугацаанд Оросын эдийн засаг Хятад, Энэтхэг зэрэг Азийн орнуудаас ихээхэн хамааралтай болоод байна.

Бээжин хотод айлчилсан ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин энэ онд Хятадтай хийх худалдаа түүхэн дээд хэмжээндээ хүрч, $200 тэрбумыг давахаар байгааг Мягмар гарагт мэдэгдсэн юм.

Өнгөрсөн онд энэ хэмжээ $190 тэрбумд хүрч байжээ.

 

Эх сурвалж: Business Insider



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.