Баярлах хэрэггүй, тэтгэвэр 10%, татвар ч 10%


Баярлах хэрэггүй, тэтгэвэр 10%, татвар ч 10%

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар төсөвт хийх тодотголын тоонуудаа эцэслэн батална гэж дөнгөж өчигдөрхөн УИХ дахь МАН-ын гишүүд, сайдууд ам уралдан ярьж байна.

Бүр уралдаж ирээд Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох, нэмээд өнгөрсөн хугацааны мөнгийг нөхөж олгох, тэтгэврийг 10 хувь нэмнэ гэж ярьсан.

Мэдээж сайхан мэдээ.

Гэхдээ үүний тулд 1.3 их наяд төгрөгийн нэмэлт төсөв шаардлагатай. Одоохондоо Засгийн газрын зүгээс “Эдийн засгийг тогтворжуулахын тулд нүүрсний худалдааг ил тод болгож 2022 оны төсөв оны төгсгөл рүү 1.5 их наядаар сайжирсан. Төсвийн алдагдал буурсан, валютын нөөц нэмэгдсэн. Гадаад өрийн эрсдлээс болж, дефольт болохоос бүрэн гарсан. Эхний улирлын байдлаар 36 сая тонн нүүрс экспортолно гэж байсан бол 60 хувийг буюу 19.6 сая тонн нүүрс гаргасан. Энийгээ цаашид хадгалах нь чухал гэж үзсэн” гэж тайлбарлаж байгаа.

Үнэндээ энэ нь тийм ч эерэг үзүүлэлт хийгээд тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс нэмэх хангалттай төсөв биш.

Харин ч эсрэгээрээ татвар нэмж, эргээд цар тахлаас хойш сэргэх гэж хичээж яваа хувийн хэвшлээ элгээр нь хэвтүүлэх гэсэн башир арга болж хувирна. Хамгийн наад зах нь өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний импортын татварыг нэмэхээр зэхэж байгаагаа хэрхэн тайлбарлах бол.

Засгийн газар татвар нэмэхээр зэхэж байгааг ХХААХҮЯ-ны газрын дарга Д.Довчинсүрэн баталсан. Тэр “Өндөг, тахианы мах, сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг импортын гол нэрийн бүх бүтээгдэхүүний татвар одоо 5 хувь байгааг энэ ондоо багтаан 10 хувь болгож нэмэгдүүлнэ. Дотооддоо үйлдвэрлэдэг импортын 47 нэрийн бүтээгдэхүүний импортын татварыг нэмнэ” гэдгийг мэдэгдсэн.

Тэгэхээр тэтгэврийг 10 хувь нэмнэ гэж амлаад эргэж хараад татвар нэмэх байдлаар буцаагаад халаас суйлах арга хэрэглэх гэж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.