Улс төрийн намуудыг төсвөөс санхүүжүүлж байгаа нь авлигыг бууруулах уу? Энэ асуултад тийм гэж хариулах шалтгаан багагүй бий. Намууд санхүүжилтийнхээ багагүй хэсгийг төсвийн эх үүсвэрээс авдаг тохиолдолд намуудын хууль ёсны болон хууль бус хувийн хандиваас хамаарах хамаарал багасна. Энэхүү шалтгааны улмаас эрдэмтэн, нэр хүндтэй байгууллагууд, намууд болон нэр дэвшигчдэд зориулсан төсвийн санхүүжилтийг илүү нэмэгдүүлэхийг санал болгодог. Тухайлбал, Европын Зөвлөлийн Сайд нарын хороо нь авлигатай тэмцэх арга хэмжээ болгон улс төрийн намууд болон сонгуульд нэр дэвшигчдийг төрөөс санхүүжүүлэхийг санал болгож байгаа бол ЭЗХАХБ нь авлигыг онцгойлон дурдаагүй боловч бодлого төрийн санхүүжилтийг улс төрийн санхүүгийн зохицуулалтын цогц системийн нэг хэсэг болгохыг зөвлөсөн.
Гэвч намуудад олгох төсвийн санхүүжилт авлигыг бууруулсан үр нөлөөг харуулсан эмпирик нотолгоо нь хангалттай байдаггүй бөгөөд дийлэнхдээ итгэл төрүүлэхүйц байдаггүй. Бид саяхан Дэлхийн банкны судалгаанд хамрагдсан, коммунист байсан 27 улсын мэдээллийг ашиглан улс төрийн намуудад төсвөөс өгөх санхүүжилтийн түвшин нь аж ахуйн нэгжийн менежерийн төрийн албан хаагчдад төлөх төлбөрийн талаарх төсөөлөлд хэрхэн нөлөөлж байгаа тухай судалгаа нийтэлсэн. Хэдийгээр бид төсвийн санхүүжилт өндөр байх үед авлига буурч байгааг олж тогтоосон ч энэ үр дүн нь бага зэргийн өөрчлөлтөд маш мэдрэмтгий байсан тул авлигыг бууруулах бодлогын хүрээнд төсвийн санхүүжилтийг санал болгоход тохиромжгүй гэж үзлээ.
Энэхүү эмпирик судалгаагаар төсвийн санхүүжилтийн зүгээс авлигад нөлөөлөх үр нөлөөг тогтоож чадаагүйн нэг шалтгаан нь улстөрчдөд олгосон хууль бус төлбөрүүдийн ихэнх нь улс төрийн зорилгоор бус хувийн хэрэгцээнд зарцуулагдаж байгаатай холбоотой гэж бид таамаглаж байна. Дээр дурдсанчлан, төсвийн санхүүжилт авлигыг бууруулдаг гэсэн эдийн засгийн логик нь намууд сонгуулийн кампанит ажил болон улс төрийн бусад хууль ёсны зардлыг төсвөөс санхүүжүүлвэл авлига авах сонирхол багасаж, авлигын хэрэгцээ буурна. Харин улстөрчдөд өгсөн хууль бус мөнгөний ихэнхийг улс төрийн зорилгоор биш, харин хувийн таашаалд зориулчихвал сонгуулийн сурталчилгааг төсвөөс санхүүжүүлэх нь тийм ч их үр нөлөөтэй байж чадахгүй.
Энэ нь улс орнууд улс төрийн намуудад өгөх төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх ёсгүй гэсэн үг биш юм. Авлига бол асар их хор хөнөөлтэй зүйл бөгөөд намууд төсвөөс санхүүжилт авах нь ихэнхдээ улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл бага байдаг тул үүний үр дүнд авлига буурч, зарим тохиолдолд энэ нь хөрөнгө оруулалт ч болж болзошгүй юм. Түүнчлэн энэ нь авлигатай тэмцэхээс гадна улс төрийн кампанит ажлыг төрөөс санхүүжүүлэхийг дэмжих шалтгаан болно. Судалгааны үр дүнг дүгнэж үзвэл өнөөдрийг хүртэл төрийн санхүүжилт авлигыг эрс бууруулна гэсэн нотолгоо сул, таамаглал багатай байгаа тул үүнийг авлигатай тэмцэх арга хэмжээ болгон хэрэглэхэд арай хөнгөн хуумгай хэрэг болно.
Бергений их сургуулийн доктор Сергиу Липсеан, Дублин хотын их сургуулийн профессор Иайн Макменамин
Сэтгэгдэл