“Улс төрийн намд улсын төсвөөс мөнгө өгнө” гэвэл дургүйцэх хүн олон гарах байх. Угтаа тэд та бидний “татвар” гэж төлсөн мөнгөнөөс авч ирсэн. Хүчин төгөлдөр үйлчилж буй Улс төрийн намын тухай хуулийг 2005 онд баталсан бөгөөд 2008, 2012, 2016 оны ээлжит сонгуулийн дараа парламентад суудалтай болсон намууд төрөөс тодорхой хэмжээний санхүүжилт авсан гэж ойлгож болно. Мэддэггүй заримд нь хэлэхэд, УИХ-д суудалтай намуудын сонгуулиар авсан санал тус бүрийг 1000 төгрөгөөр үнэлж, нэг удаа олгодог. Зөвхөн намд өгдөг учраас бие дааж сонгогдсон С.Жавхлан гишүүн ийм мөнгө авахгүй гэсэн үг. Тухайлбал, 2012 оны сонгуулиар МАН 353 923, АН 399 247, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 252 115 санал авсан. Ингээд МАН 353.9, АН 399.2, “Шударга ёс” эвсэл 252.1 сая төгрөг төсвөөс авчээ. 2016 оны сонгуулиар үнэмлэхүй олонх болсон МАН-д 635.7 сая (нийт 635 778 санал авсан) төгрөг төсвөөс өгсөн байх жишээтэй.
Төсвөөс авах намуудын мөнгө үүгээр дуусахгүй. УИХ-д авсан суудлынх нь тоогоор буюу гишүүн тус бүрт жилд 10 сая төгрөгөөр тооцож, намуудад улсын төсвөөс санхүүжилт олгох хуулийн заалт бий. Өөрөөр хэлбэл, анх 65 гишүүнтэйгээр үнэмлэхүй олонх болсон МАН жилд 650 сая буюу 2016 оноос хойш бараг хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт аваад байна. Сонгуулиар авсан саналын тоонд үндэслэж олгодог, нэг удаагийн санхүүжилтээс гадна гишүүдэд өгдөг “10 сая”-ыг нь оролцуулаад тооцвол өнөөгийн эрх баригчдад өгсөн мөнгө хэдийн хоёр тэрбумыг давжээ. “Суудлын мөнгө” гэж жил бүр 760 сая төгрөгийг намуудад хуваарилдаг гэж тооцоход л өнгөрсөн 10 жилд 7.6 тэрбумыг улсын төсвөөс тэдэнд зориулсан байх нь. Эдгээр санхүүжилтийг намд нь өгдөг. Ямар сайндаа л МАХН-ыг “УИХ-д суудалтай” гэх тодотголтой болгож буй О.Баасанхүүг Н.Энхбаяр тэргүүтэй удирдлага нь намаасаа хөөж, туух атлаа “суудлын 10 сая”-аа авмаар байна, нам руу яаралтай шилжүүл” гэж дарамтлах вэ дээ.
Үүнийг оршил болгох нь манайд л “муусайн намууд” хэмээн АН, МАН тэргүүтнийг муулж, “Мөнгө өгч болохгүй” гэж буйгаас бус, дэлхийн хэмжээнд намуудад олгох төсвийн санхүүжилт энэ мэт хэлбэрээр улам өсөж байгаатай холбоотой. Ардчилал, сонгуульд туслах олон улсын хүрээлэн (International IDEA)-гийн хийсэн судалгаанд хамрагдсан 180 орноос намууддаа улсын төсвийн дэмжлэг тогтмол олгодог нь 64, сонгуулийн үр дүнд үндэслэн өгдөг нь 40 байгаа талаар дурджээ. Ингэж намуудад төсвөөс дэмжлэг үзүүлэх нь тэднийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын нөлөөнд автахаас сэргийлэх, бие даасан, хараат бус байдлыг нь нэмэгдүүлэх, авлигын мөнгийг намуудаар дамжуулан “угаах” нөхцөлгүй болгох, цаашлаад бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлоос төрийг хамгаалах зэрэг олон ач холбогдолтой талаар ярьдаг л болохоос бодит үр дүн харсангүй ээ, бид. “Суудлын мөнгө”-ийг нь сул асгаж байгаа аятай, хяналтгүй, хариуцлагагүй хандаагүй бол улс төрийн намууд авлига их тархсан байгууллагуудыг тэргүүлж, улстөрчдөд өгөх олон нийтийн итгэл унтрахгүй байсан биз. УИХ-д суудалтай намууд “суудлын” болон “саналын” мөнгөө нэхэж л мэдэхээс, хариуцлагатай, хяналттай зарцуулж ирээгүйн гор гарч байгаа нь энэ.
Гэвч Улс төрийн намын тухай хуулийн 19 дүгээр зүйл буюу “Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг”-т дээр дурдсан хоёр төрлийн санхүүжилтийн “50 хувийг УИХ-ын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна” гэснээс өөрөөр зориулалтыг нь заасан зүйл алга. “Тэрийг нь тэнд, энийг нь үүнд” зарцуул гэж нэгбүрчлэн хэлсэн зүйлийн ч “зүгийг нь буруу болгодог” манайхан ийм бүдүүн тойм заалтыг мөрдөх нь юу л бол. Санхүүжилтийн талыг нь тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулж буй, эсэх нь ч эргэлзээтэй. Учир нь нам санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэн баталгаажуулж, олон нийтэд мэдээлэхээр хуульд заасан ч хянах эзэнгүй, тайлан гаргалаа гэхэд ямар байгууллага хүлээж авч, шалгах тухай зохицуулалтгүй, хариуцлагын тогтолцоо сул тул үүнийг хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй гэхэд болно. Намын бүтцийн байгууллага нь санхүүжилтээ хянаж, “онош” тавьж, хариуцлага тооцохоор байгаа нь ч амьдралд үл хэрэгжих нөхцөл юм.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар ч намууд санхүүгийн тайлангаа олон нийтэд ил тод мэдээлэх үүрэгтэй ч үүнийгээ биелүүлдэггүй. Үндэсний аудитын газар 10 гаруй жилийн өмнө (2007 онд) төсвөөс намуудад олгож байгаа санхүүжилтэд гүйцэтгэлийн аудит хийж, төсвийн ерөнхийлөн захирагчаар дамжуулаагүй, 50 хувийг нь тойрогт зарцуулаагүй гэх мэт зөрчил илрүүлэн, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад зөвлөмж хүргүүлсэн ч байдал өнөө хэр хэвээр. Тэгж яривал Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон Шилэн дансны зэрэг цөөнгүй хуульд заасанчлан улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага хүртэл санхүүжилтээ ил тод мэдээлэх үүрэг хүлээсэн ч улс төрийн намууд үүнээс мөн ангид явж ирсэн. Ер нь намын санхүүжилт олон нийтэд битгий хэл, гишүүддээ ч хаалттай байдаг аж.
Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулаад жил гаруй болж буй. Ажлын хэсгийн түвшинд анх УИХ-д суудалтай, эсэхээс нь үл хамааран намуудыг төрөөс 100 хувь санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзэж байсан ч сонгуулиар авсан саналд нь үндэслэн төсвөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж буй одоогийн зарчмаа хадгалахаар санал нэгдсэн сурагтай. Ингэхдээ намуудын санхүүжилтийг шилэн, ил тод, нээлттэй байлгах, хяналтыг нь сайжруулна гэж байгаа ч “Чухам яаж” гэдэгт хариулах тодорхой зүйл одоогоор алга. Мөн зөвхөн УИХ-д суудалтай, эсвэл сонгуулиар сонгогчдын тодорхой хувийн саналыг авсан нам гэх зэргээр босго тогтоох, эсэх нь ч бүрхэг байна.
Парламентад суудалгүй намуудад төрөөс санхүүгийн ямар ч дэмжлэг олгодоггүй нь тэд цөөн этгээдээс томоохон санхүүжилт авах, улмаар улс төрийн шийдвэрт нөлөөлөх, өөрт ашигтай байдал бий болгохоос гадна олон намын тогтолцоог үгүй хийх сөрөг талтай. Өөрөөр хэлбэл, УИХ-д авсан суудлын тоогоор санхүүжүүлэх нь сонгогдсон цөөн намыг л дэмждэг. Гэхдээ босго тавихгүй бол намууд борооны дараах мөөг шиг олшрох аюултай. Гуравхан сая хүн амтай атлаа гучин хэдэн намтай манай улсад энэ нь нэмэр бус, нэрмээс болно. Улс төрийн намын зорилгоо умартаж, өнөөг хүртэл сонгуульд оролцолгүй явж ирсэн нь ч бий. Ардчилал, сонгуульд туслах олон улсын хүрээлэнгийн хийсэн дээр дурдсан судалгаанд хамрагдсан орнуудын дунд парламент дахь намуудын суудлын тоог харгалзахаас илүүтэй саналын хувь, хэмжээг нь бодолцож, төсвөөс санхүүжилт олгодог нь олон аж. Ташрамд дурдахад, Унгар, Болгар, Австри, Францад нэг, Япон, Канад, Мексик, Латвид хоёр, Норвегт 2.5, Орос, Чех, Польш, Литвад гурав, Австралид дөрөв, Туркт долоон хувь ба түүнээс дээш сонгогчдын санал авсан намууд төсвөөс дэмжлэг авах эрхтэй болдог юм байна.
Б.Номин
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Сэтгэгдэл