Г.Наранчулуун: Өнгөрсөн сараас хойш Замын-Үүд боомтоор 28 мянган бог малыг амьдаар нь экспортолсон. Цаашдаа 500 мянгад хүргэнэ


Г.Наранчулуун: Өнгөрсөн сараас хойш Замын-Үүд боомтоор 28 мянган бог малыг амьдаар нь экспортолсон. Цаашдаа 500 мянгад хүргэнэ 
Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар өвөлжилт болон малын экспорттой холбоотой мэдээллийг өглөө. 

Өвөлжилтийн бэлтгэлийн талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун "Бүх төрлийн арьс ширийг гадагшаа чөлөөтэй гаргах Засгийн газрын тогтоолын УИХ-аар оруулж баталсан. Энэ намар малынхаа арьс ширийг Турк улс руу гаргах төлөвлөгөөтэй байгаа.

Өвс тэжээлийн үнийг яамнаас зохицуулж чадахгүй. Тиймээс гадагшаа экспортлохыг хориглосон. Энэ жил ногоон тэжээлийг 42 хувиар илүү тариалсан. Одоогоор хадлангийн байдал 43 хувьтай байна" хэмээн танилцуулав. 

Харин ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун малын экспортын талаар "Замын Үүд боомтоор 2022 оны аравдугаар сарын 15-аас он дуустал 25 мянган бог гарсан. 2023 оны хоёрдугаар сарын 15 хүртэл 28 мянган бог малыг амьдаар нь урд хөрш рүү гаргасан. Үндсэндээ 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын жилд 53 мянган мал экспортод гарсан. 

Энэ жилийн хувьд есдүгээр сараас гарч эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 28 ширхэг бог мал экспортолсон. Бидний төлөвлөснөөр нэг сая малыг боомтоор гаргахыг хүсэж байгаа. Гэвч боомтын хүчин чадал хүрэлцэхгүй. Тиймээс 500 мянган бог мал гаргаж чадвал амжилт гэж үзнэ. 

Одоогоор 2-3 компани 20 мянган малыг амьдаар гаргах эрх авсан. Ямар нэгэн байдлаар хүсэлт гаргаж буй компанид татгалзахгүй" хэмээн ярив. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.