Балканы хойгт шинэ дайн дэгдэх түгшүүр нэмэгдэж байна


Балканы хойгт шинэ дайн дэгдэх түгшүүр нэмэгдэж байна 
2008 онд Сербиэс тусгаар тогтнолоо зарласан Косово нь хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн Балканы улс. Тэгвэл хилийн  дагуу Сербийн арми төвлөрч байгаа нь ОХУ-ын хөрш Украинд хийсэн дайралттай адил довтолгоонд бэлтгэж байгаагийн илрэл гэж  Косово анхааруулав.

АНУ-ын шахалтын хариуд Серби  ньөнгөрсөн амралтын өдрүүдэд хил дээр төвлөрүүлсэн цэргүүдийнхээ ядаж заримыг нь эргүүлэн татсан гэж мэдэгдэв. Гэсэн ч Европт шинэ дайн дэгдэх магадлал нэмэгдсээр байгааг энэ үйл явдал харууллаа гэж ажиглагчид сэрэмжилж байна.

Одоогийн хурцадмал байдал бол Косовогийн ээдрээт түүхэн дэх ээлжит нэгэн үйл явдал юм. 1990-ээд онд Югослав задрахад Косово муж тусгаар тогтнолоо олж авахыг эрэлхийлсэн боловч Сербийн зүгээс бүс нутгийн хүн амын дийлэнх хувийг бүрдүүлдэг  албаничуудын эсрэг харгис хэрцгий арга хэмжээ авсан юм. Энэ нь НАТО-г 1999 оны Холбоотнуудын цэргийн ажиллагаанд оролцоход хүргэсэн бөгөөд гол агаарын дайралтаар Сербийн цэргийг мужаас хөөн гаргажээ.

Үүнээс хойш НАТО-гийн энхийг сахиулагчид Косовод байнга байрших болсон ч Серби болон Косовогийн засгийн газрын хооронд дайсагналцсан хэвээр байна.

Хамгийн сүүлд долоо хоногийн өмнө хуягт техникээр тоноглогдсон серб үндэстний зэвсэгт этгээдүүд Косовогийн сербүүд зонхилох бүс нутгийн Банжска тосгон руу дайран орж, Сербийн үнэн алдартны шашны сүмүүдэд бэхлэлт хийснээс зөрчил сэдэрчээ. Үүний хариуд Косовагийн цагдаа нар сүмийн ойр орчмын газрыг бүсэлсэн бөгөөд тэдний хооронд зэвсэгт мөргөлдөөн болж нэг цагдаа, гурван зэвсэгт этгээд амь үрэгдэв.

Цус урсгасан энэ хэрэг явдал нь Косово дахь үндэстний цөөнх сербчүүдийн эрх мэдлийг баталгаажуулахын зэрэгцээ Косовогийн засгийн газрыг бүх улс даяар эрх мэдлээ тогтоох бодлогыг эсэргүүцэж буйн илрэл юм. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын хойд хэсэгт орших Косовогийн сербүүд орон нутгийн сонгуулийг бойкотлосон. Гэсэн ч албани угсаатны хүмүүс хотын дарга нараар сонгогдсоноор Косовогийн зэвсэгт цагдаа болон нутгийн сербүүдийн хооронд ширүүн мөргөлдөөн гарчээ.

Дараа сард эвслийн цэргүүд болон орон нутгийн цагдаа нар Сербийн эсэргүүцэгчдийн эсрэг тулалдсан эмх замбараагүй байдлын улмаас НАТО-гийн 30 энхийг сахиулагч шархадсан.

Үүний цаана Косово, Сербийн хооронд дахин мөргөлдөөн гарах төлөв улам бүр нэмэгдсээр байна. Косовагийн засгийн газар Сербийг сүмийн мөргөлдөөнд оролцсон зэвсэгт этгээдүүдийг дэмжих зэргээр улс орны хурцадмал байдлын галыг бадраасан гэж буруутгажээ. Гэхдээ Серби энэ үйл явдалд яг хэрхэн оролцсон нь тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд Белград оролцоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Гэвч Косово-Сербийн улс төрийн нам болох Серб Листийн улстөрч Милан Радоичич зэвсэгт бүлэглэлийг зохион байгуулахад оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Улмаар ерөнхий нөхцөл байдлын хариуцлагыг Косовагийн албаны хүмүүс хүлээх ёстой гэж Серби мэдэгдэв.

Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррелл мөн Косово улсын хойд хэсэгт сербчүүдэд илүү автономит эрх олгохыг хүсэхгүй байгаа нь байдлыг улам дордуулсан гэж үзэж байна. Европын холбооны зуучлалаар байгуулсан хэлэлцээрийн дагуу Косово нь Сербийн цөөнхөд илүү их бие даасан байдал олгох ёстой.

Гэсэн ч Сербийн сүүлийн үеийн цэргийн арга хэмжээ нь Косовод төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа НҮБ-ын 193 орноос  Косовогийн тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрсөн 99-ийн нэг болох АНУ-ын засгийн газарт түгшүүр төрүүлсэн нь тодорхой.

Косовотой хил залгаа нутгуудад Сербийн цэргийн хүчнийг байршуулсан талаар яг одоог хүртэл баримт байхгүй ч Косовагийн албаныхан үүнийг сүүлийн жилүүдэд байгаагүй хамгийн том ажиллагаа гэж тодорхойлж байна.

Косовогийн Гадаад хэргийн сайд Доника Гервалла-Шварц  "Сүүлийн жилүүдэд ийм төрлийн цэрэг төвлөрүүлж байгаагүй. Тэдэнд байгаа зэвсэг, танкууд нь бидэнд таагүй мэдрэмжийг төрүүлдэг. Учир нь олон улсын хамтын нийгэмлэг хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг бид мэдэхгүй" гэж  Германы "Deutschlandfunk" телевизэд өнөөдөр ярьжээ. Гервалла-Шварц үүнийг  2022 оны хоёрдугаар сард ОХУ-аас бүрэн довтолгоог эхлэхээс өмнө Украины хилийн орчимд армиа төвлөрүүлж байсантай зүйрлэж байна.

Косовогийн Гадаад хэргийн сайд Европын холбооноос Белградын эсрэг өөрийн нэр дэвшигчийн статусыг царцаах зэрэг арга хэмжээ авахыг уриалав. Серби, Косово хоёр Европын холбоонд элсэх хүсэлтээ гаргасан ч одоогоор тэднийг гишүүнээр элсүүлэх хугацаа тодорхой болоогүй байна. Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ, Сербийг Европын холбоонд элсүүлэх эрсдэлээс сэргийлэхийн тулд армиа Косовогийн хилээр гарахгүй гэжээ.

АНУ-ын засгийн газраас өнгөрсөн баасан гаригт  Сербийн талд дахин анхааруулга өгч, Косовогийн хилийн дагуу Сербийн арми хуримтлагдаж байгаа нь бүс нутгийг тогтворгүй болгож байна гэж мэдэгджээ. НАТО мөн Косовод энхийг сахиулах хүчний нэмэлт хүчийг илгээнэ гэж мэдэгдэв.

АНУ-ын засгийн газраас илгээсэн мессежийн хариуд Сербийн Ерөнхийлөгч Вучич өнгөрсөн амралтын өдрүүдэд цэрэг, техник хэрэгслийнхээ багахан хэсгийг эргүүлэн татсан байна. Үүний зэрэгцээ тэрээр Косовогийн хил дээрх цэргүүдээ өндөржүүлсэн бэлэн байдалд оруулаагүй гэж мэдэгдээд "Бидэнд хоёр, гурван сарын өмнө байсан цэргүүдийн тал нь ч байхгүй" гэж мэдэгджээ. Сербийн цэргийн оролцоо үнэхээр цөөрсөн эсэхийг АНУ хараахан тогтоогоогүй байна.

Украинд маш их анхаарал хандуулж, барууны олон нөөцийг энэ мөргөлдөөнд ашигласан тул Европт дахин дайн гарах нь илүү аюул дагуулах нь тодорхой байна. Уламжлал ёсоор Сербийн ойрын холбоотон ОХУ-ын хувьд ийм анхаарал сарниулах нь таатай байх болно.

Европт Балканы бүс нутаг аль эрт хорин жилийн өмнө томоохон мөргөлдөөн гарч болзошгүй газар гэсэн таагүй нэр хүндтэй байсаар ирсэн. Ийм нөхцөлд Сербийн хүчин Косовотой хиллэдэг хилийн дагуу цэргээ төвлөрүүлсэн өнөөгийн нөхцөл байдал нь цуст зөрчил үүсгэх эрслэл гэдэг нь тодорхой байна.

ЭХ СУРВАЛЖ: THE WAR ZONE



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.