Монгол Ардын Нам(МАН)-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болов.
Уг хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргад Х.Нямбаатарыг томилох, үүнтэй холбоотойгоор түүний оронд Б.Энхбаярыг томилох, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг томилох зэрэг асуудлыг хэлэлцжээ.
Шийдвэрийн талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Ариунзаяа танилцуулахдаа "Хотын даргаар Х.Нямбаатарыг томилох санал оруулсныг Удирдах зөвлөл 100 хувь дэмжлээ. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан Б.Энхбаярыг томилохоор дэмжлээ.
Мөн Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг томилохоор 100 хувь дэмжиж, улс төрийн шийдвэр гаргалаа. Б.Дэлгэрсайхан нь УИХ-д хоёр удаа сонгогдсон" хэмээв.
Ингэснээр Х.Нямбаатар нь УИХ-ын гишүүн болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалаа өгөхөөр болж байна. Энэ нь хувь хүний хүсэл зорилгод түшиглэсэн гэхээс илүү улс төрийн шийдвэр, томоохон үүрэг даалгавар авч ажиллахаар болж буй хэрэг хэмээн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Ариунзаяа тайлбарлалаа.
Сэтгэгдэл