Тэгвэл нийслэлийн Прокурорын газраас Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, мөн хувьдаа завшсан байж болзошгүй хэрэгт буруутган АТГ-аас шалгаж буй юм. Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 онд Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлын албан тушаалаас чөлөөлж байв. Хуулийн байгууллагаас түүний хамаарал бүхий байгууламжид нэгжлэг хийхэд их хэмжээний үнэт чулуу, валют олдсоноос гадна төрийн өмчийг хувьдаа завшсан байж болзошгүй бичиг баримтууд олдсон талаар албан эх сурвалжууд мэдээлж байсан юм.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан Д.Н нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Монгол-Оросын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.П нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас иргэн Ц.С нь өөрийн гэр бүлийн гишүүний тээврийн хэрэгсэлд байршил тогтоогч төхөөрөмж байршуулан, хууль бусаар мөрдөн мөшгисөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар мөрдөж мөшгих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Говь-Алтай аймгийн прокурорын газраас иргэн Г.Б нь хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Ч.Б-ны нэр төрд халдсан, илт худал мэдээллийг цахим сүлжээнд нийтэлж, олон нийтэд тараасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
Сэтгэгдэл