Бид амьдралдаа олон эерэг дадал зуршлуудыг хэвшүүлэхийг хүссэн ч тэр бүр амьдралын хэв маягтаа шингээж чадалгүй өнгөрөөсөн байдаг. Жишээ нь, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, эрүүл мэнддээ илүү их анхаарал хандуулах, хайртай дотнын хүмүүстээ цаг зав гаргах гэх мэт илүү дээр БИ-г бүтээхийн төлөө бидний хүсдэг зүйл олон байх.
БИДНИЙ ЭРМЭЛЗДЭГ ДАДАЛ ЗУРШИЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Мэдээж үүнийг шинжлэх ухааны үүднээс тайлбарласан олон тодорхойлолт байдаг. Тэдгээрээс хамгийн сонирхолтой санагдсан нэг тодорхойлолтыг хуваалцъя.
Дадал зуршил гэдэг бол товчлол /shortcut/ юм. Өөрөөр хэлбэл олон зүйл бодолгүйгээр, богино хугацаанд автоматаар шахуу хийж чаддаг зүйлсийг хэлнэ гэж Pennsylvania их сургуулийн зан төлөвийн шинжлэх ухаанч Katy Milkman хэлсэн байна.
Сайн дадал бол хүний амьдралд алхам, алхмаар эерэг өөрчлөлт авч ирж, нэг л мэдэхэд өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон байдаг.
Цаг хугацаа хамгийн чухал
Зөв дадлыг шинээр бий болгоход хэзээ эхлэх вэ гэдэг маш чухал. Ялангуяа аливаа үйлдлийн үр дүнг тэр даруй мэдрэх нь цаашид дадал, зуршил болж чадах эсэхэд чухал нөлөөлдөг байна. Үр дүн нь хурдан мэдэгдэхгүй учраас өглөө эрт гүйнэ гэдэг эхний 1, 2 долоо хоногтоо бидэнд хүндрэлтэй санагддаг. Харин үүний оронд буйдан дээрээ хэвтээд зурагт үзэх нь ая тухтай мэдрэмжийг бидэнд шууд мэдрүүлдэг тул илүү хялбар санагдаж, дадал болоход амархан байдаг.
Иймд шинэ зүйлийг дадал болгон хэвшүүлэхийг хүсвэл хэзээ, ямар зорилготой эхэлж, ямар үр дүнд хүрэх вэ гэдгээ маш сайн тодорхойлон төлөвлөгөөгөө нарийн гаргах нь зөв болж байна.
Тогтмол гэхдээ уян хатан
Google компанийн 2500 ажилтныг 2 группт хуваан 1-р группийн гишүүдийг фитнест өдөр бүр тогтсон цагт явах, харин 2-р группт хүссэн цагтаа буюу боломжтой үедээ явах боломжийг олгожээ. Үр дүнд нь хатуу цагийн хуваарьтай фитнест явсан ажилчид цагтаа очиж чадахгүй байх, хоцрох шалтгаануудын улмаас бүр мөсөн явахаа больсон тохиолдлууд нь өндөр байсан бол уян хатан цагийн хуваарьтай ажилчид фитнестээ тогтмол явсан байна. Үүнээс харахад дадал зуршлыг бий болгоход тогтмол хэдий ч уян хатан хандах нь чухал болж байгаа юм.
Дадлыг хэвшүүлэхэд хэр их хугацаа шаардлагатай вэ?
Яг үнэндээ үүнд тогтсон хугацаа байхгүй гэж Cambridge-ийн их сургуулийн сэтгэл судлаач Benjamin Gardner хэлсэн байдаг. Заримдаа хэдэн долоо хоног, заримдаа хэдэн сар ч зарцуулах тохиолдол гарна. Гэхдээ хамгийн оновчтой хугацаа бол 60 хоногийн дотор дадал болдог гэсэн судалгаа байдаг. Иймд багадаа 2 сар өөртэйгөө тулж ажиллах шаардлагатай байх нь.
Сайн дадал зуршлууд бидэнд яагаад хэрэгтэй вэ?
Дадал зуршил бидний тархины бүтээмжийг нэмэгдүүлдэг гэвэл та итгэх үү? Тархи бидний өдөр тутмын үйл ажиллагаа, үйл хөдлөлийг удирдах үүрэгтэй эрхтэн юм. Харин зарим зүйлсийг тогтмол давтамжтайгаар дээр дурдсанчлан автоматаар хийдэг болж чадвал тархины ачааллыг багасгаж, тархины хүчийг өөр чухал чалленжууддаа зарцуулах боломж үүснэ.
Та бүхний амьдралд эерэг нөлөө үзүүлэх зарим дадал зуршлыг санал болгож байна.
- Эрүүл мэнддээ илүү их анхааран дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллох
- Дэлгэцийн цагаа багасгаж, хайртай дотнын хүмүүстээ илүү их цагийг зарцуулах
- Санхүүгийн төлөвлөгөө гаргаж, сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийхгүй байх
- Ирээдүйнхээ төлөө санхүүгийн дархлаа тогтоож, ХУРИМТЛАЛЫГ зуршил болгох
- Хоббиндоо цаг гаргаж, стресс бухимдлаас хол байх
- Дахин боловсруулах хэрэглээг дэмжиж, эх дэлхийгээ хайрлах
Эерэг дадлыг бүтээх эрүүл амьдралын хэв маягт тань амжилт хүсье!
Нийтлэл бичсэн: А.Анхил
Сэтгэгдэл