"Аполлон- 17” хөлгөөр дэлхийд авчирсан Сарны тоосонцрын дээжийг шинжилснээр манай гаргийн дагуул нь өмнө тооцоолж байснаас 40 сая жилийн өмнө буюу дор хаяж 4.46 тэрбум жилийн өмнө үүссэн болохыг тогтоосон тухай судалгааны өгүүлэл "Geochemical Perspectives Letters” сэтгүүлд нийтлэгджээ. "Эдгээр нь аварга том биет дэлхийтэй мөргөлдсөний дараахан үүссэн хатуу бодисын хамгийн эртний дээжүүдийн нэг юм. Одоо бид эдгээр дээжийн насыг мэдэж байгаа тул Сарны насыг тогтоох лавлагаа болгон ашигласан” гэж Чикагогийн их сургуулийн профессор Филипп Хек ярьжээ.
Хек болон түүний багийнхан 1972 онд авчирсан уг дээжийг судлах явцдаа цирконы талстуудыг илрүүлсэн аж. Энэ нь халуун хайлмагаас /лаав/ илэрдэг эрдэс бодис бөгөөд дотор нь байгаа уран, торигийн атомынх нь агууламжаар, мөн задралд орж буй бусад бодисуудаар чулуулгийн насыг тодорхойлдог юм байна. Судалгааны явцад Сарны зарим дээж 4.46 тэрбум жилийн настай болохыг тодорхойлжээ. Энэ нь манай гаргийн дагуул гараг судлаачдийн тооцоолж байснаас дор хаяж 40 сая жилийн өмнө үүссэн гэсэн үг юм.
Түүнчлэн Нарны аймаг үүссэний дараа Дэлхий ба Сар хэрхэн үүссэн талаарх ойлголтыг шинэ өнцгөөс харах боломжийг олгож байна гэж уг судалгааны өгүүлэлд дурджээ. Учир нь манай дэлхий Ангараг гаргаас томгүй Тейа гэдэг гарагтай мөргөлдсөний улмаас сар үүссэн гэсэн эрдэмтдийн гаргасан онол байдаг юм.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл