Төрийн байгууллагууд дотооддоо цэцэрлэгтэй болох санаачлага Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн. Эхний ээлжинд Гадаад харилцааны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам цэцэрлэг байгуулах үүрэг авав. Мөн Хотын дарга С.Батболд албан байгууллагууд дэргэдээ цэцэрлэгтэй болъё гэвэл дэмжинэ гэдгээ өчигдөрхөн мэдэгдлээ.
Энэ санаачлага үнэхээр хэрэгжиж чадвал сургууль, цэцэрлэгийн гачигдлаас гардаггүй манай улсад том ололт болно. Гэвч шийдвэр, зөвшөөрөл нь гараад удаж байгаа ч ам ажил хоёр нь зөрөх нь элбэг. Тус бүртээ 70-80 хүүхдийн цэцэрлэг байгуулахаар болсон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамдын цэцэрлэг өнөөг хүртэл сураггүй байна. Засгийн газрын шийдвэр гараад багагүй хугацаа өнгөрлөө. Хэдийгээр давчуу хугацаа ч байшин барьж, газар чөлөөлөх ажил шаардахгүй. Яамныхаа бэлэн байрыг чөлөөлөөд тохижуулахад л болох байсан.
Ямартай ч бусад яамыг уриалж Гадаад харилцааны яам хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн нээлтээ хийж багачуудаа хүлээж авав. Тус яамныхан АСЕМ-ын бэлтгэл алба байрлаж байсан байрыг стандартын дагуу засварлаж, гурван анги бүхий 75 хүүхдийн цэцэрлэг болгон чөлөөлжээ. Цэцэрлэгийн тохижилтын ажилд сайдаасаа эхлээд шавар зуурч, хана шохойдож ажилчид нь нийтээрээ нэг өдрийн цалингаа хандивлах зэргээр тал бүрээс нь илбэж байгаад тохижуулжээ. Ц.Мөнх-Оргил сайд хана шохойдож шавар зуурч байгааг хэвлэлийнхэн хангалттай мэдээлсэн. Үүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд Н.Номтойбаяр, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ц. Дашдорж нар ч бас харсан баймаар.
Байр чөлөөлж цэцэрлэг тохижуулахад багагүй мөнгө шаардах нь мэдээж. Гэхдээ төсөв мөнгөний асуудлыг Гадаад харилцааны яам шийджээ. Тодруулбал, ойролцоогоор 80 гаруй сая төгрөгийн зардал гарч байгаа. Засгийн газраас 70 сая төгрөг баталж өгсөн ч мөнгөө бүрэн өгөөгүй аж. Тиймээс ажилчдын хандив тусламжаар буюу сайд, дэд сайд сарын цалингаа, газрын дарга нар 200- 300 мянган төгрөг, гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын ажилтнууд нэг өдрийнхөө цалинг хандивлаж 10 гаруй сая төгрөг цуглуулсан байна.
Харин бид Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг хэд хэдэн удаа зорьж очсон ч тоймтой хариу өгсөнгүй. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамныхан "Бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор хэвлэлд мэдээлэл өгөх хүн алга. Цэцэрлэгийн талаар сураг алга” гэсэн юм. Харин санхүүгийн албаны эх сурвалж "Төсөв суугаагүй учраас энэ жилдээ ашиглалтад орох боломжгүй” гэсэн хариултыг өглөө.
Уул уурхай хүнд үйлдвэрийн яам "Газрын тосны лабораторийн байрыг цэцэрлэг болгох шийдвэр гаргасан. Гэхдээ тоног төхөөрөмжийг хааш нь шилжүүлж хэрхэн тохижуулах хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байна. Ирэх оны төсөвт мөнгийг нь суулгасны дараа шийдэгдэх байх. Манай яаманд төсөв өгөөгүй. Манайх өөрсдийн боломжоор шийдэх боломжгүй "гэсэн юм.
Хичээл эхэлж сургууль, цэцэрлэгт хүүхэд нь багталцахгүй болсон энэ үед яамдын цэцэрлэгт багадаа 230 хүүхдийг "шингээнэ” гэж тооцсон. Гэвч сайд Н.Номтойбаяр, Ц.Дашдорж нарын цэцэрлэг хэзээ биелэлээ олохыг хэлэхэд бэрх байна. Эцэст нь хэлэхэд Мөн "2017 оны нэгдүгээр сараас ашиглалтад орох орон сууцны болон оффиссын зориулалттай барилгууд 1-2 давхартаа заавал хүүхдийн цэцэрлэгтэй байх шинэ стандарт нэвтрүүлнэ” гэсэн ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын мэдэгдэл ядаж ирэх жилийн өдийд биелэлээ олж, сугалаагүй хоцорсон хүүхэд, эцэг эхчүүдийг баярлуулах болтугай.
С.Уянга, М.Баасандэлгэр
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл