Т.Бадамжунайгийн охин ТӨХ-ны Тамгын газрын дарга болох уу


МАН-д албан тушаалын төлөөх тэмцэл нэлээн хүчтэй өрнөж байна.  Намдаа хэн их мөнгө хандивласнаасаа шалтгаалан эрэмбэ дараа, албан тушаалын зэрэг дэв нь өөр байгаа талаар эх сурвалжууд мэдээллэж буй юм. Тус нам доторхи "бялуу хуваалт”-ыг хариуцлагатайгаар зохион байгуулж байгаа хүн нь цагтаа "МАН-ын гол санхүүжүүлэгч” хэмээн цоллуулж явсан, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай юм байна. Өөрөөр хэлбэл, тэрээр хэн хэдэн төгрөг намдаа өгснийг нь харгалзан үзэж, ямар албан тушаалд томилохыг шийдэж буй "нууц ноёнтон” болоод байгаа нь нэгэнт ил болжээ.

Нийслэл болон "Эрдэнэс Тавантолгой” зэрэг нэр нөлөө бүхий газарт дандаа Жунайгийн мэдлийн хүн очиж байгаа гэсэн мэдээлэл бий. Өнгөрсөн сарын 11-ний өдөр Засгийн газрын шийдвэрээр Төрийн өмчийн хорооны даргаар томилогдсон Ц.Ням-Осорыг ч Т.Бадамжунайгийн хүн гэлцэж байна. Харин сүүлд авсан мэдээгээр "Т.Бадамжунайгийн төрсөн охин Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга болох нь” гэсэн "бор шувуу” нисч эхэлжээ.

Т.Бадамжунайн хийж буй албан тушаалын томилгоог тойрсон хөөрхөн хоржоонтой яриа хүртэл гарсан байна. Юу гэхээр, МАХН-ын дарга Н.Энхбаяр түүнтэй уулзах хүсэлт тавьж гэнэ. Гэтэл Т.Бадамжунай уулзах зав байхгүй хэмээн гэдийсээр байгаа явдал аж. "Худал үгийг мянга дахин давтахаар үнэн болдог” гэдэгчлэн дээрх мэдээлэл үнэн байхыг үгүйсгэх аргагүй.

"Хөрөнгө чинээтэй, хэнээс ч юу ч, гуйхгүй сүрхий нөхөр шүү” гэх тодорхойлолттойгоор МАХН-ын дээдсийн дунд ядах юмгүй хөл тавьсан энэ хүнийг анх М.Энхболд Н.Энхбаяр дээр хөтөлж ирсэн юм гэнэлээ.

Үнэндээ Т.Бадамжунай гэх нэр 1999 оноос улс төрийн хүрээнд яригдах болсон. Хотын менежер хийж, УИХ-д нэр дэвшиж,  ялж, бас болоогүй Солонгост казино тоглосон хэргээр том асуудалд орж байсан түүнийг хоёр охинтой гэлцдэг. Бага охин нь Солонгосын иргэнтэй гэр бүл болсон хэмээх шуугиан дэгдэж, инжинд нь Монголын газар нутгаас өгчихлөө” гэхчилэн бичиж байсан удаатай.

Том охиных нь хувьд тун сүүхээтэй, "сахал” хочит Эрдэнэбилэг хэмээх эртэй ханилжээ. Т.Бадамжунайгийн хүргэн Эрдэнэбилэг манай томоохон банкны нууц эздийн нэг. Түүний халаасанд "Улаанбаатар”, "Капитрон” гээд томоохон банкуудын хувьцаа байдаг гэж ярьцгаадаг юм билээ. Үүнээс гадна Зайсангийн аманд том хотхон бариулж, их хэмжээний ашиг олсон Бадамжунай хүргэнийхээ ажлыг тун их дэмждэг гэж олон хүн ярьдаг.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

medee.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.