Буудалд орох уу, манайд очих уу


Буудалд орох уу, манайд очих уу

 

Хэдэн жилийн өмнө архидан согтуурсан хоёр залуухан бүсгүйн амь насыг хөнөөж толгойг нь тасласан цочирдмоор гэмт хэрэг гарч байлаа. Олон нийтийн сүлжээнд ил болсон бичлэгээр бол алуурчин ба хохирогч бүсгүй нар хамтдаа нэгэн баар цэнгээний газар ууж суусан байдаг. Ингээд тэндээсээ гарч хотын захад ирснээр хэдхэн цагийн дараа бүсгүй хэрцгий согтуугийн гарт амиа алдсан.

 

Тухайн хэргийн нөхцөл байдлыг нарийн мэдэхгүй. Гэхдээ олон нийтийн сүлжээнд хэрвээ тэд цааш тэр баарандаа суугаад тасарцгаасан бол бүсгүй амьд үлдэх байсан гэсэн эмзэглэл явж байлаа. Суух цаг нөхцөөх баар нь хааснаар гэртээ очих, буудалд суух сонголттой болсон хөлчүү залуус хээр гадаа архидах, олон нийтийн ямар ч хяналтгүй нөхцөлд ууж согтууран гэмт хэрэг зөрчил гарах нөхцөл нэмэгдэж байгааг энэ хэргийн сургамж гэж нийгмийн сүлжээгээр шуугисан. Туйлшрал гэж бодлоо ч тойрч яриад байхааргүй л хүчин зүйл. Учрыг нарийсгавал дээр дурдсан аллага үйлдсэн этгээд цааш ууж суух баар сав олдоогүй тул бүсгүйг аваад гэртээ үргэлжлүүлэн уухаар хотын зах руу явсан. Тэндээ нэмж согтууран ухаанаа алдсан талаар шүүх хурал дээр мэдүүлсэн гэдгийг онцолж байлаа.

Ийм таагүй оршил нуршихын учир юу билээ.

 

Хотын шинэ захирагч С.Батболд шөнийн цэнгээний газруудын цагийг буцаагаад 00.00 цаг хүртэл болгох захирамж гаргаж байгаа. Энэ талаараа тэрбээр "Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шөнийн цэнгээний газрууд 04:00 цаг хүртэл ажилладаг захирамжийг хүчингүй болгох захирамж гаргана” хэмээн сар орчмын өмнө мэдэгдсэн юм байх. Баар уушийн газрууд 04:00 цаг хртэл ажилладаг байх, нэг бол 00:00 цаг хүртэл ажилладаг байхын сайн мууг хэлэлцэх нь үнэндээ утгагүй. Ууж согтуурахаа хэтрүүлбэл аль ч цаг нь адилхан онцгой нөлөөгүй. Архидан согтуурахад хязгаарлалт болохгүй.

 

Дархан хотын дэлгүүр хоршоо буудал бүх үйлчилгээ шөнийн 00:00 цагт хаалгаа барьдаг. Тэглээ гээд Дарханчууд гэмт хэргийн гаралт буурсан үзүүлэлтээр улсдаа нэгдүгээр байрт орж, хэрэг зөрчилгүй хот болж цом шагнал авч байсныг санадаггүй ээ. Харин ч вокзал орчимд нь "найрка” гэх хорт архи уух бүлэг залуужин хүрээгээ тэлж, согтуурхсан залуус найруулсан архи өвөртлөн хямд буудал хэсэн архидах нь нэмэгдсэн гэдэг. Үндсэндээ буудлын орлого огцом нэмэгдэж нөгөө талд түрээсийн дарамтад хоолоо залгуулдаг баар уушийн газрууд орлого нь хумигдаж хаалгаа барихад хүрнэ. Үйлчилгээний цагийг хязгаарласнаар архидалт нүдэн дээр багасдаг байж болно. Ард нь нүднээс далд улам хортой далд хэлбэрээр тэлж л байгаа.

 

Нийгэмд бугшсан архинд донтохын суурь шалтгаан ядуурал, ажилгүйдлээ шийдээгүй цагт архи ба архидалттай тэр тусмаа борлуулалттай нь тэмцээд нэмэргүй гэдгийг бид харин ч сайн мэдэхээр туршлагатай даа. Архитай тэмцэж, хориглож алт магнаг болгож үзэж байлаа. Эргээд архиндаа дарлуулаад үлдсэн. Нийгэмд баян ядуугийн ялгаа арилж, эрх тэгш байдал тогтох хэрээр архидах үзэгдэл аяндаа алга болохыг цаг хугацаа харуулж байгаа.

 

Аливаа зүйлийг хэрэглээ шаардлагыг нь боож хаах тусам сүүдрийн эдийн засаг тэлж, авилга хахуулийг гааруулдаг гэдэг. Хотын даргын захирамжаар бүх баар цэнгээний газрууд 00:00 цагт нам хааж хөлтэй баасан гарагт хот нам жим. Боломжтой нь буудалд боломжгүй нь гэртээ бүгсэн байна гэвэл үнэндээ үлгэр л дээ. Танил талтай "Цагдаа” артай нь өндөр такстай "баар”-аа шөнөжин ажиллуулна. Жоохон балгаад даварсан хотын залуус тэнд нь байдгаа гөвж, цөөн хүмүүс албан тушаалтнуудын хөрөнгөжих бололцоо л нэмэгдэнэ. Тэр мөнгө орлогоос өнөөх хомсдоод байгаа төсөвт нэг төгрөг ч орохгүй. Баар цэнгээний газрууд эрт хаадаг бол "Буудалд орох уу, манайд очих уу” гэдэг л сонголтод хөтөлнө. Харин "нэмж уухгүй, гэртээ харих уу” гэдэг эрүүл сонголт руу хөтлөх зам биш шүү, Хотын даргаа.

 

Б.Хэгжүүн

Эх сурвалжийн линк: http://www.shuud.mn/content/read/473582.htm


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.