Миеэгомбын Энхболдын эрх мэдэл хэрээс хэтэрч байна. Гэвч хүний шунал гэгчид хязгаар үгүй нь даанч харамсалтай.
Нийслэлд барилга барих нь битгий хэл ТҮЦ хатгах ч газаргүй болтол нь битүү шавуулсан "гавьяатан”-ыг М.Энхболд гэдэг. Түүнийг хотын дарга байх үед хамгийн их газар олгогдсон байдаг. Тэр тусмаа хотын төвийн гэгдэх сургууль цэцэрлэг, орон сууцны дундах автомашин зогсоол, паркын газар гээд бүгд л түүний гараар эсвэл түүний гэгдэх хүмүүсийн гараар орж, бусдын мэдэлд шилжсэн байдаг билээ.
Ямар сайндаа л "Газрын наймаачин” фракц гэж М.Энхболдыг тойрсон хүмүүсийг нэрлэж байх вэ дээ. Гэвч эдгээр нөхдүүд нийслэлийн газрыг зараад ханасангүй. Одоо эрх мэдэлд шунаж, улс орныг бүхэлд нь "газрын наймаачид”-ын фракц удирдаж эхэллээ.
М.Энхболд уг нь намын дарга. Намын дарга хүн сонгуульд ялалт байгуулсан бол Ерөнхий сайд болж намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг. Гэвч М.Энхболдод Ерөнхий сайд хийх ашиггүй. Тиймээс тэрбээр өөрийн нь үгээр явах, чих зөөлөн хүнийг Ерөнхий сайдад томилчихоод өөрөө алсаас удирдаад суух нь хамаагүй дээр. Ингээд л аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ерөнхий сайдын албан тушаалд арай жулдахаар гэхдээ үгэнд сайн орох Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилж, өөрөө УИХ-ыг удирдаж суугаа юм.
Тэрбээр УИХ-ын даргаар ажиллаж байгаагийн хувьд өнөөдөр хийгдэж буй бүхий л томилгоонд гар бие оролцож байна. Тэгээд аль эрх мэдэлтэй, ашигтай албанд өөрийн талбн буюу хотын фракцын, эсвэл морин спортын холбооныхоныг нь шургуулж байгааг бид нүдээрээ хараад л бухимдаад сууж байна шүү дээ.
Гэтэл энэ намын төлөө өнгөрсөн 4 жилд сөрөг хүчин байх үеэс нь дэмжиж ирсэн олон хүмүүс өнөөдөр ямар ч ажил албагүй сууж байна. МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан төрийн албыг төрлийн алба болгохгүй гэсэн хэрэгжилт хаана байна. Сонгуульд санал авахын тулд сонгогчдыг "молигодсон хэрэг” гээд хэлчихэд хилсдэхээргүй болжээ. Үнэндээ иргэд сонгогчид мөрийн хөтөлбөрийн биелэлтийг Ерөнхий сайдаас нэхнэ үү гэхээс УИХ-ын дарга ёстой падлийгүй зүйл байлгүй дээ. Тиймээс л М.Энхболд ёстой л дур зоргоороо аашилж, томилгоо бүр биечлэн анхаарал хандуулж, өөрт нь хамааралтай, өөрт нь ойр хүн бүрийг албан тушаалаар "шагнаж байна”.
Ингэж өөрийнхөө хүмүүсийг албан тушаалд томилж байгаа нь алсдаа нэг л зорилготой байж мэдэх юм. Тэрбум тэрбумаар албан тушаал худалдана гэх яриа зүгээр л ханш өсгөсөн асуудал. Тэр үнэлгээг давж чадах нь УИХ-ын даргатай уулзана. Чадахгүй бол тухайн албан тушаалд УИХ-ын дарга өөрийн хүнээ томилно. Энэ бол маш энгийн ойлгомжтой асуудал.
Тэгвэл М.Энхболд юунд ингэтлээ бэлтгэж, өөрийн хүмүүсийн хүчийг зузаатгана вэ.
Түүнд одоо хүрч үзээгүй ганц л албан тушаал байна. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээх албан тушаал. Хүний шунал гэгч хязгааргүй гэдэг. Энэ хүн Хотын дарга байж үзлээ. Ерөнхий сайдаар ажиллаж үзлээ, эрх баригч намынн дарга, УИХ-ын даргаар ажиллаж байна. Одоо тэр Монгол Улсын Ерөнхийлөгч болмоор санагдаж л дээ. Тиймээс түүнд найдвартай ар тал хэрэгтэй. Тэр нь мэдээж төрийн албан бүгд түүний мэдэлд байх явдал.
Үүний дараа өрсөлдөгчдөө намнах явдал. Н.Энхбаяртай аль эрт тохироогоо хийчихсэн. Хэрвээ Н.Энхбаяр түүнтэй өрсөлдөнө гэвэл холбоод байгаа хэргүүдээр нь шалтаглаад л дээл нөмрүүлчих шиг амархан зүйл УИХ-ын дарга алга. Тиймээс 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыг оролцохгүй гэдэгт мөрий тавьсан ч болохоор байна. МАХН ирэх сонгуульд Н.Удвал шиг сул хүн илгээж магадгүй.
Тэгвэл сөрөг хүчин буюу АН-аас Э.Бат-Үүл л хүчтэй өрсөлдөгч байж чадна. Ц.Элбэгдоржийн карьер үндсэндээ дуусгавар болж байна. Үдэлтийн арга хэмжээнүүд ч явагдаад эхэлж. Харин АН-д хамгийн өндөр ретингтэй яваа Э.Бат-Үүл л Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь мэдээж юм. Гэвч түүнийг "намнах ажиллагаа” эрчимжлээ. Аль 18 жилийн өмнө болоод өнгөрсөн хэргийг Э.Бат-Үүлд холбогдуулахаар зориуд өнөөдрийг хүртэл хадгалсан уу гэж хардмаар.
Яагаад тухайн үед гарч ирээгүй хурууны хээ, цусны шинжилгээ зэргийг энэ олон жилийн дараа дахин гаргаж, Э.Бат-Үүл сэжиглэх бус яллагдагчаар татаж байна гэдэг л өөрөө асуудлын гогцоо мэт. Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр прокурорын өрөөний гадаа сууж өнгөрүүлж ч мэдэхээр.
Ингээд нам нь "хэлгүй” учраас М.Энхболд номер нэг сонголтоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулах замаа зассаар байна. Магадгүй өрсөлдөгчгүйгээр сонгуульд оролцож ч мэдэх юм. Ойрын үед улс төрд өрнөж буй үйл явцаас ийм л дүгнэлт хийж сууна.
М.Энхболдод ард түмний сонголт хамаагүй. Төрийн бүхий л албыг гартаа оруулсан тэрээр түмний сонголтыг яаж өөрийн талд ашигтайгаар эргүүлж мэднэ. Дээр нь муур багшийг яаж хувилгаан дүрт хувиргадаг технологийг түүний багийнхан маш сайн хийнэ.
Ингээд л Монголын улс төрийн бүхий л оргилд хүрч үзсэн цорын ганц эрхмээр М.Энхболд шалгарч, геннисийн номонд бичигдэн үлдэж ч мэдэх юм. Хүний шуналд хязгаар үгүй гэж л энэ байх даа…
Амар
Medeel.mn
Сэтгэгдэл