Төсвийн цоорхойгоор ядуурлыг ТЭЖЭЭЖ байна


Төсвийн цоорхойгоор ядуурлыг ТЭЖЭЭЖ байна

 

Эрх баригчид “эдийн засаг сэргэлээ” гэж цээжээ дэлдэж байхад төрийн ордны цаана хэдхэн километрийн зайд иргэд ядуурлаар амьсгалж байна. Айл бүрт нэг ажилгүй, архичин, халамжаар амьдралаа залгуулж яваа өрх захаас авхуулаад олон. Хэдийгээр цалин, тэтгэвэр, халамж нэмсэн ч урд хормойгоороо хойд хормойгоо нөхөхөөс хэтрэхгүй. Өмнө нь ч тэр, нэмсэн нэртэй цалингаа иргэд нь хүнс, хэрэгцээндээ хүргэх гэж аргаа бараад, сургаар нь мах, гурилын үнэ өсдөг бичигдээгүй хуультай. Одоо ч хэвээрээ. Удахгүй цалин, халамж, тэтгэвэр нэмэгдэнэ.

2024 оны төсөвт тусгасны дагуу инфляцтай уялдуулан төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувь, халамж 50 мянган төгрөг, тэтгэврийг 100 мянган төгрөгөөр ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс нэмэгдүүлэхээр болж байна. Зэрэгцээд үнэ хөөсөрч, инфляц дахин өсөхийг таамаглах аргагүй. Цалин, тэтгэвэр халамжийг нэмснээрээ Монголд өнөөдөр ядууралгүй орны тоонд багтах байлаа. Өнөөдөр гурван хүний нэг нь ядуу. Улсын хэмжээнд 914 мянган иргэн ядуурлын шугамаас доогуур амьдарч байгаа нь эдийн засгийн 7 хувийн өсөлт ч бодит байдал дээр өрх бүрийн хаалгаар орсонгүй бололтой.

УИХ-аас 2024 оны төсвийг батлахдаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилт бүхий зургаан үндсэн багц арга хэмжээг тусгасан. Үүний нэг нь 1 ядуурлыг устгах бодлого. Төсвийн орлогын 80 хувь татвараас бүрддэг ч эргээд татвар төлөгчдийн мөнгө эрүүл мэнд, боловсролд бус байшин барилга, хөшөө дурсгал, халамж тэтгэвэрт үрэгдэхийн хэрээр дундаж давхарга бүдгэрсээр.

2022 оны байдлаар ядуурлын түвшин 27.1 хувьтай бол хүн амын 10 хувь нь буюу ядуурлын шугам руу гулсахад ойрхон байна гэж ҮСХ-оос энэ онд мэдэгдсэн. Жилээс жилд данхайж буй төсөв нь монголчуудын халаасыг тэмтэрч “ядуурал”-д хөтлөх болжээ. Өөрөөр хэлбэл, алдагдалтай төсөв улсын өр, иргэдийн халаасанд инфляцаар шууд нөлөөлдөг.

-ТӨСВИЙН ОРЛОГО ТАСРАХАД ЭРСДЭЛ ҮҮСНЭ-

2011 оноос хойш хэвшил шахуу болсон төсвийн алдагдал 2023 онд 1.5 их наядаар хэмжигдэж буй. 2024 оны төсвийг түүхэндээ анх удаа 27 их наядаар баталсан нь ирэх жил инфляц өсөх эрсдэлтэй болохыг мэргэжилтнүүд сануулсаар өдий хүрлээ. Эдийн засгийн макро үзүүлэлтийг Банк санхүүгийн академийн гүйцэтгэх захирал Г.Бумчимэг “2024 онд төсөв нэлээд өндөр тэлэлттэй гарахаар байна. Энэ нь бодлогын зөв зохицол биш. Төсөв өндөр, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэх нь бодит салбарт оруулах хувь нэмэр байхгүй нөхцөл байдлыг үүсдэг. Орлого болон эдийн засгийг өөдрөг байхаар төсөөлж байгаа ч төсвийн орлого тасрахад эрсдэл нэлээд үүсэхээр төлөвлөж байсан зардлуудаа оны эцэс рүү гаргаж чадахгүй байх эрсдэл байна. Мөн инфляц өсөх илүү эрсдэлтэй” гэсэн юм.

Айлаар зүйрлэвэл төсөв бол орлого. Харин үүнийг хэрхэн, юунд зарцуулж байгаа нь ойлгомжгүй байдал нь мөн л улс орныг хүнд байдалд чирнэ гэдгийг Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовска хэлсэн үгэндээ сануулсан.

Тэрбээр “Төсөв иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг ч мэдээлэлгүй бол мөнгөн хэрхэн яаж үрэгдсэнийг мэдэхгүй. Төсвийн суурь нь санхүүжилт. Энэ нь маш оновчтой хүртээмжтэй байх ёстой. Гэвч хүн амд хэрэгтэй санхүүжилт гарахгүй байна. Төсөв тогтвортой хөгжлийн зорилтод чиглэхгүй байна” гэж Үр дүнд суурилсан төсөвлөлт хэвлэл мэдээллийн өдөрлөгийн үеэр тодотгосон.

Өнгөрсөн Баасан гарагт болсон энэхүү өдөрлөгт салбар салбарын төлөөлөл оролцсоноороо онцлог байлаа. УИХ болон Сангийн яам, НҮБ, МУИС, хэвлэл мэдээллийнхэн нэгэн дор цуглаж төсвийн алдаа оноог хэлэлцүүлсэн. Энд яригдсан чухал сэдэв нь ядуурлыг бууруулах тухай. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовскагийн хэлсэнчлэн төсөв тогтвортой хөгжлийн бодлоготой уялдахгүй байгаа нь анхаарал татаж буй. Уг нь манай улс тогтвортой хөгжлийн зорилтод ядуурлыг бууруулна гэж “амласан” ч өнөөдөр хэрэгжилт хангалтгүй байгаа нь захын дэлгүүрийн өрийн дэвтэр, хоосон хөргөгч, гудамжны мухарт хэвтэж буй согтуу ч харуулна.

Өнөөдрийг хүртэл бид төсөв гэх мөнгөний авдраа хямгадах бус тал бүрээс нь ухсаар ёроолыг нь барж байна. Үр дүнд суурилсан төсөвлөлт хийхийн тулд дотоод аудитын хяналтын тухай хуультай болохоос эхлээд эрхзүйн орчны шинэчлэлт чухал гэж УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлсэн. Тэрбээр “Зөвхөн төсөв биш. Орхигдож буй зүйл нь ядуурал болон ажилгүйдэл. Улс орны тэргүүн зорилт ядуурлын асуудал. Өнөөдөр үр дүнд суурилсан төсөвлөлт хангалтгүй байна. Учир нь төсвийн үр ашигтай зарцуулалтыг хянах тогтолцоо сул. Үндэсний аудитын газар дангаараа хяналт тавих боломжгүй. Иймээс дотоод аудитын хяналтын тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэн батлуулна” гэсэн юм.

Үргэлжлүүлэн түүнээс төсвийн үр ашиггүй зарцуулалтад хэрхэн хяналт тавьж ажиллаж байгаа талаар асуухад “2024 оны төсөвтэй уялдуулан энэ оноос хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ бүрийг коджуулах байдлаар хяналт тавьж байна. Энэ нь та бүхний хэлсэнчлэн барилга байшинд хэрэггүй мөнгө үрэгдэхгүй гэсэн үг. Магадгүй бид үр ашиггүй зардлыг, шаардлагагүй болсон газарт дахин их засвар хийдэг аль эсвэл шинээр баригдсан сургуулийн гадна тохижилтын ажлыг хийх зэргээр тодорхой хийдэл засвар орон зайг байхгүй болгох үүднээс коджуулах хууль эрхзүйн орчныг бүрдүүлж энэ оны төсвөөс хийгдэнэ” гэсэн юм.

Нөгөөтээгүүр, улс орны нэн тэргүүний зорилт атал уриа лоозонгийн шинжтэй болсон ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад төсвийг нэг жилээр тодотгох нь хангалтгүй болохыг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг ярьж байлаа. Тэрбээр “Зөвхөн нэг жилээр бус дунд хугацаандаа 3 жилээр төлөвлөх нь үр дүнд суурилсан төсөвлөлтийг болгох хэрэгцээ байна. Үгүй бол зөвхөн нэг жилийн хугацаанд үр нөлөөг нь тооцож чадахгүй. Энд ямар нэгэн үр нөлөө гарахгүй. Жишээ нь, ажлын байрыг нэмлээ гэхэд нэг жилийн хугацаанд ядуурал буурсан үр нөлөөг нь тооцож харж чадахгүй. Бид урт хугацаанд төлөвлөдөг, эргээд хэмжиж чаддаг төсвөө тавьж чаддаг байх ёстой” гэж байлаа.

Нэг үгээр хэлбэл, өнөөдрийг хүртэл төсөв алдагдалтай иргэд нь ядуу, орлого нэмэгдэхгүй амьжиргаа дээшлэхгүй байгаа нь ерөөсөө урт хугацааны бодлого хэрэгжилтийн явцад байгаа онож чадахгүй байгааг ч Төсвийн байдлын зөвлөл хатуухан сануулсан. Тус зөвлөлийн дарга, эдийн засагч Н.Энхбаяр зүйрлэхдээ хуушуурыг вареньтай холихтой ижил гэж “хошигнож” амжсан.

 

https://ubn.mn/p/58020


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.