Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд анх удаа том хэмжээний дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрээр системийн авлига, С.Зоригийн хэрэг, шүүхийн хонгил, бүлэглэл, МАН-ын хуваагдал, “Эрдэнэт”-ийн 49 хувь, нийслэлийн газар олголт зэрэг асуудлуудад тодорхой байр сууриудыг илэрхийлжээ. "Улаанбаатараас ярьж байна" ярилцлагаас эшлэн хүргэж байна.
-Би Ерөнхий сайд болоод дөрвөн зүйлийг маш тодорхой амласан. Нэгдүгээрт, цар тахлыг таван туулна. Хоёрдугаарт, эдийн засгийг нээж, тэлнэ. Далд эдийн засгийг ил болгоно. Гуравдугаарт, Авлигатай тэмцэнэ, цахим засаглалыг сайжруулж, ил тод байдлыг хангана. Дөрөвдүгээрт, эдийн засгийн өсөлтийг өрхөөр оруулж, дундаж давхаргыг дэмжиж, үндэсний тогтолцоог бүрдүүлнэ гэж амласан.
-Цар тахлын үеийн санхүүгийн зарцуулалтыг нягтлах ёстой гэсэн үүргийг аудитын байгууллага болон хуулийн байгууллагуудад өгсөн. Баримтаар ямар нэгэн зөрчил илэрвэл энэ асуудалд өршөөлгүй хандах ёстой.
-Авлигын эсрэг тэмцлийн үр дүнд нийгэм, олон нийт авлигыг үл тэвчих, үзэн ядах сэтгэл зүйтэй болсон байна. Үүн шиг том үр дүн гэж байхгүй. Дараагийн нэг асуудал нь эдийн засаг 36 их наядаас ирэх жил бараг 74 их наяд руугаа орох гэж байна. Энэ бол далд эдийн засаг ил болж байгаатай л холбоотой.
-Авлигын тогтолцоо нураагүй байгаа. Нурах тал руугаа л хандаж байна. Өмч хувьчлал хийсэн нь зөв, хийгдсэн арга нь буруу байсан. Уул уурхайн лицензийг олгосон нь зөв, өгсөн аргачлал шударга байсан уу, гэвэл үгүй. Газар мөн үүнтэй адилхан. Энэ нь нийгмийн баялаг хэт цөөнхөд төвлөрөх, тэгш бус байдал үүсгэж байна. Үүнийг засахаас өөр сонголтгүй, нураахаас өөр аргагүй. Нөгөө талаас миний буруу л даа. Энэ асуудлуудыг гарган тавьж, нийгмийн бухимдуулж байгаа нь.
-30 жилийн дотор үүсэн бий болсон авлигын систем гурав, дөрвөн жилийн дотор нуран унахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Үндсэн хуульд бий. Гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар шүүх засаглалын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох ямар ч эрхгүй. “Эрдэнэт”-ийн 49-ийн гэх хэрэг шүүх дээр долоон жил боллоо. Гэтэл зарим хэрэг шүүх дээр нэг жилийн хугацаанд л шийдэгдчихэж байна. Яагаад тэгш хандаж чадахгүй байна гэдгийн хариултыг л олон нийт нэхээд байгаа юм.
-Шүүх засаглалд гүйцэтгэх засаглал шүүмжлэлтэй хандана гэдэг Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд зохисгүй асуудал мөн. Гэхдээ энэ системийн авлига 30 жил бугширчихсан байгаа, хоёр удаа Төв талбайд үүнийг эсэргүүцсэн жагсаалтай нүүр тулсан Ерөнхий сайдын хувьд би эрх зүйт төр, Үндсэн хуулийн тогтолцоог хамгаалахын төлөө л алхмуудыг хийж байна.
-Шүүн таслах үйл ажиллагаанд оролцохгүй ч гэсэн гэмт хэрэгтэй холбоотой баримтуудыг гаргаж тавих субъект бол Засгийн газар мөн.
-30 жилийн дараа би гудамжинд явахдаа чулуу шидүүлчихгүйхэн шиг алхах ийм эрх чөлөөний төлөө л тэмцээд байгаа хүн шүү дээ. Хов болж үлдэхгүйн төлөө би явж байгаа. Ямар ч байсан өнгөрсөн 30 жилийн алдаа, завхралыг би гаргаж тавьсан. Энэ бол ардчилсан нийгмийн алдаагаа засаж байгаа амьд үйл явц. Бүх л улс магадгүй үүнийг туулж, хөгжилд хүрсэн байх.
-Миний цаг хугацаа өнөөдөр үнэлэгдэхгүй. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэн нь ямар эерэг өвийг, хэн нь сөрөг өвийг үлдээв гэдэг нь одоо л яригдаж байна шүү дээ.
-Өнгөрсөн 30 жилд ололт амжилт зөндөө байсан. Нээлттэй гадаад харилцаа, хувийн өмч гээд л. Гэхдээ энэ дундаас нэг дүгнэгдээгүй үлдсэн зүйл нь системийн авлигын асуудал.
-С.Зоригийн хэрэгт тухайн үед юу болж байсан тухай материалуудыг логик дарааллаар нь ил болгож өгсөн. Ямар ч улс төрийн нөлөөгүйгээр ажиллах боломжоор л би хангаж чадна. Хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар нөлөөлөл үзүүлэх гэж оролдвол олон нийтэд зарлана.
-1996 оны ардчилсан сонгуулиар ардчилсан хүчний удирдагчид гарч ирсэн. МҮАН болон Социал демикрат намын эсвэл ялалт байгуулж, 50 суудал авсан. Эвслийн тэргүүн нь Ц.Элбэгдорж байсан. Гэтэл М.Энхсайхан нь Ерөнхий сайд болсон. Энэ нь тухайн үеийн удигдагчдын үзэл санааны том хагарлыг харуулдаг. Тухайн үеийн бүх протоколоор нотлогддог. Өөрөөр хэлбэл, идеологийн зөрчилдөөн нэг үеийнхний дунд байсан.
-1998 оны дөрөвдүгээр сарын 22-нд М.Энхсайханы Засгийн газар огцорч, 23-нд Ц.Элбэгдоржийн Засгийн газар байгуулагдсан. Гэтэл Ц.Элбэгдоржийн Засгийн газар дол дугаар сард нь буюу гуравхан сарын хугацаанд ажиллаад дахиад огцорсон. Энэ Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн талаар 10 гаруй удаа ярьсан байдаг юм. Тухайн үеийн удирдлага Ш.Отгонбилэг агсныг огцруулах асуудлыг болон 80 дугаар тогтоол буюу Сэргээн босголтын банкийг Голомт банктай нэгтгэсэн асуудлыг шийдвэрлээд ерөнхийдөө огцорсон.
-Тухайн үед Ш.Отгонбилэг агсантай холбоотой асуудал Чингэлтэй дүүргийн шүүх дээр явж байсан. Ялж яваад ялагдсан. Нөгөө системийн авлигын асуудал үүнээс үүсэж байгаа юм. Тухайн үед Оюутолгой, Таван толгой гэж байсангүй, Эрдэнэтийг тойрч л авлигын асуудал үүсэж эхэлж байгаа юм. Хэн нь Эрдэнэтийг хянаж байна тэр нь улс төрд хамгийн нөлөө бүхий бүлэглэл байсан.
-Ц.Элбэгдоржийн Засгийн газар долдугаар сард огцорсон. Наймдугаар сард нь “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, Ш.Отгонбилэгийг сольж, Д.Дорлигжавыг захирлаар нь томилсон. Үүнээс хойш том асуудлууд үүссэн. Найм, есдүгээр сараас Да.Ганболдыг Ерөнхий сайдаар санал болгож, шахаж эхэлсэн. Ерөнхий сайд томилогдохгүй, буцаагдаад, гурван сарын хугацаанд улс төр нэлээд халсан.
-Түүний дараа аравдугаар сарын 1-ны Ардчилсан холбооны хурлаар Ерөнхий сайдаар С.Зоригийг томилох асуудлыг хэлэлцэх тов ерөнхийдөө гарсан ч учир битүүлгээр хойшилсон. Ингээд аравдугаар сарын 2-ны өдөр эвслийн удирдлагууд Улаанбаатар зочид буудалд хооллож, С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох албан бус шийдвэр гаргасан байдаг юм билээ. Гэвч тэр орой нь С.Зориг гэдэг улстөрч бусдын гарт амиа алдсан байдаг.
-Сүүлд нь С.Зориг агсныг Чимгээ, Содномдаржаа гэдэг хүмүүс алсан болж, нөгөө талаас энэ хүмүүс хилсээр гүтгэгдсэн болж энэ хэрэг дахиад задарчихлаа. С.Зоригийн тухайн үед хэлж байсан үгнүүд протоколд үлдсэн. Үүнээс харахад, тэр хүн системийн авлига гэдэг зүйл рүү орохоос хамгийн их айж байсан. Бид олон нийтийн ийм их итгэл дээр, хагас зуун жилийн баялгийг буруу хуваарилах гээд байна. Манай журмын нөхөд системийн авлигад идэгдэж эхэлж байна. Үүнийг л тэр ярьсан.
-Энэ хэрэг дээр хэрэв Чимгээ, Содномдаржаа нар С.Зоригийг алаагүй бол яагаад гурван шатны шүүх алсан гэж үзэв гэдэг нь маш том хэмжээний хүний эрхийн асуудал. Ардчилсан Монгол Улсад хэний захиалгаар, хэнд ашигтай учраас ийм шийдвэрийг шүүх гаргав. Үүнийг бодох ёстой.
-Энэ хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг шүүх гэм буруутайд тооцож, Ерөнхийлөгч өршөөлөөр сулласан. С.Зоригийн хэргийг хаахын тулд Б.Хурц болон прокурорууд яагаад зохиомол хэрэг үүсгэсэн бэ гэдэг үнэнээ хэлэх өдөр ирэх байх гэдэгт би итгэдэг. Би гүйцэтгэгч нарыг буруутгахгүй.
-Ц.Элбэгдорж ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчид тамгаа солилцохдоо “Ганцхан С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй, бусад нь надтай хамаагүй” гэж хэлсэн байдаг.
-Ер нь системийн авлига нь 1998 он буюу тухайн үеийн Ц.Элбэгдоржийн Засгийн газрын сэдэл байсан. Гэвч тэр огцорсон, чадаагүй. Яг энэ систем 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноор дахин угсрагдсан. Тэр 1998 онд хийж чадаагүй байсан зүйлээ, Ерөнхийлөгч болоод яг хийсэн.
-2012 онд шүүх дээр нэрийг нь өгөөд л МАН-ыг яг дундуур нь хуваасан. Тэр шүүгчдийн нэр нь Эрдэнэтийн 49, С.Зоригийн хэрэг гээд байгаа шүүгчийн нэр яг адилхан байсан.
-Ерөнхий прокурор нь “Эрдэнэт”-ийн захирал байсан Д.Дорлигжав, шүүгч нар нь Ц.Элбэгдоржийн томилсон шүүгч нар нэмээд гаднаас Б.Хурцыг авчирсан. Энэ системийг бий болгож, хоёр намыг бүхэлд нь мөнхөд хяналтдаа авахыг хүссэн бүлэглэл бий болсон. “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг хүртэл парламентаар оруулахгүйгээр шийдсэн байдаг.
- “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал шүүх дээр яагаад гацаад байна вэ гэхээр Ч.Сайханбилэг гадагшаа гараад явчихсан гэдэг тайлбарыг шүүх хэлээд сууж байна. Долоон жил боллоо.
- Ч.Сайханбилэг яг Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой шийдвэрийг гаргасан уу, үгүй юу гэдэг нь ч эргэлзээтэй. Тухайн үед Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болоход л хийгдсэн тохироо. Ц.Элбэгдоржийн зүгээс тавьсан үндсэн тохироо нь энэ байсан. “Эрдэнэбилэг нарын ийм хүмүүс бидний зүгээс хийнэ. Чи үүнийг хийж чадах уу” гэдэг асуудал. Өөрөө үгүйсгэх байх, гэхдээ бараг уйлж байсан гэдэг. Ерөнхий сайдаа нөгөө бүлэглэл тэгж дарамталж чадаж байсан байна.
-Монголбанк, Сангийн яам, Хөгжлийн банкнаас гурван эх үүсвэрээр дөрөвдүгээр сарын 21-нээс зургадугаар сарын 20-н хүртэл 400 орчим сая ам.долларыг дансанд төвлөрүүлээд гурван гүйлгээгээр Орос руу шилжүүлж байгаа ийм асуудал. Үүнийг парламент хэлэлцэх бүрэн боломжтой байсан. Тухайн үед АН ялагдах магадлалтай гэдгийг Ц.Элбэгдорж мэдэхийн дээдээр мэдэж байсан. Ч.Сайханбилэг ч түүнд сонин биш байсан. Гагцхүү “Эрдэнэтийн 49 хувь”-тай холбоотой энэ хэлцлийг сонгуулиас өмнө Ч.Сайханбилэгээр дамжуулан дуусгах ийм л зорилготой байсан.
-Хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдорж наадмын үеэр дэвдэг ш дээ. Тэр бол С.Зоригийн хэргийг шийдчихсэн, Эрдэнэтийн 49-тэй холбоотой бүх тохироо нь хийгдсэн. Улс төрийн хувьд бүхнээ олж авсан улс төрийн аархал нь дотроос нь гарч байгаа биений хэлэмж шүү дээ.
-2015 онд Сү.Батболд даргын төрсөн өдөр МАН-ыг шүүх дээр хоёр хуваасан. МАХН-ыг шүүх дээр бүртгэсэн. Тэр орой Ерөнхий шүүгч Зориг, Ерөнхий прокурор Дорлигжав, ТЕГ-ын дарга Хурц, ЕТГ-ын дарга Цагаан, АН-ын дарга Алтанхуяг болон бусад хүмүүс Их тэнгэрт уулзсан байдаг. Энд Элбэгдорж “Би та нарт шүүх дээр ялалтыг чинь баталгаажуулж өглөө шүү” гэж хэлсэн байдаг. Тэнд байсан хүмүүс үнэнээ яриасай гэж бодож байна.
-Өнгөрсөн 30 жилийн алдаа оноог дүгнэхэд аль аль намын лидерүүд бодитой болсон зүйлийг үнэнээсээ яриасай. Би бол худлаа юм яриагүй, хэзээ ч баримтгүй зүйл ярьж байгаагүй. Тэр үед хууль зөрчин шүүх дээр шийдвэр гаргаж, хундага тулгаж, үүний тохироо нь юу байсан гэхээр АН сонгуульд ялах, МАХН-тай хамтарч Засгийн эрхийг барих, Оюутолгой, Хөгжлийн банктай холбоотой бонд босгох тэр бондуудыг хувааж авах ийм л тохироо явагдсан.
-Хуулийн байгууллагынхан хоорондоо крантны ус гойжуулж байгаад ярьдаг тийм түвшинд очсон байлаа. Сонгуулийн өмнө хэдэн бичлэг задардаг байлаа. Одоо бол хуулийн байгууллагууд хуулийн хүрээнд ажилладаг, тийм даалгавар өгдөг хүн байхгүй байгаа учраас өнөөдөр сонгууль дөхөж байхад ямар нэгэн бичлэг задрахгүй байгаа биз дээ.
-Манай намаас энэ тоглоомонд оролцсон хүн бол манай М.Энхболд дарга. Дунд нь зуучилсан хүн бол Бадамжунай. Манай Улаанбаатар хотод баригдсан хорооллуудаас стандартаа барьж, зөвшөөрлөө авсан газар бараг байхгүй. Бүгд л авлигаа өгч, байшингаа бариад дараа нь зөвшөөрлөө нөхөж авсан байшингууд л байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 63 (7307)
Сэтгэгдэл