Манай улсад бодлого тодорхойлдог улс төрийн хоёр том хүчин байдаг. Нэг нь АН, нөгөөх нь МАН юм. МАН ч олон жилийн суурь хүмүүжлээрээ өнөөдөр "алхаж" явна. Харин АН-ынхан өнөөдөр нэлээд бужигнаантай хөл толгой нь мэдэгдэхгүй улс таваргаж явна. Өнгөрсөн баасан гарагт АН-ын ҮЗХ хуралдахаар товлоод байсан ч хуралдсангүй. Шалтгаан нь Гүйцэтгэх зөвлөл хуралдаад орон нутгийн сонгуулийн өмнө ҮЗХ явуулах нь буруу, эхлээд сонгуульдаа оролцох нь зүйтэй гэж шийдсэн учраас хурлаа хойшлуулав. Яг үнэндээ орон нутгийн сонгуулийн харин ч шинэ даргаа сонгож намын үйл ажиллагаагаа тогтворжуулахгүй бол иргэд сонгогчид нь хэнд итгэж итгэл хүлээлгэх билээ.
Улс төрийн намын дарга гэдэг бол хамгийн хариуцлагатай хийгээд иргэд сонгогчидтойгоо шууд тулж байдаг танил дүр юм. Уг дүрд хамгийн сайн тохирох буурь суурьтай, мэдлэг боловсролтой, итгэлтэй хүнийг даргаараа тавьсан нам урагшаа нэг алхам илүү явдаг нь үнэн. Гэтэл түр даргаар удирдуулж улс төрийн томоохон сонгуулиудын нэгд орох гэж байгаа нь ихээхэн эрсдэл үүсгэнэ гэдгийг та ч, би ч, АН-ынхан ч мэдэж байгаа. Гагцхүү фракцууд нь тохироондоо хүрч чадахгүй, хэнийг намын даргад сонгох эсэх дээрээ хэл амаа ололцохгүй хоорондоо тэмцэлдэж байгаа тул яалтчгүй ийм шийдвэр гаргахаас өөр зам тэдэнд үлдсэнгүй. Нөгөө талаас нь авч үзэхэд АН-ын гишүүд дэмжигчид Гүйцэтгэх зөвлөл, Хяналтын хороо зэргийг хууль бус, дүрэм журмын дагуу ажилладаггүй гэх зэргээр шүүмжилдэг. Мөн аль нэг фракцад үйлчилдэг хэмээн сүүлийн жилүүдэд байнга буруутгадаг билээ.
Сүүлд гэхэд л хяналтын хорооноос зарим гишүүдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шийдвэрийг гаргалаа гэх албан бичиг хэвлэлээр баахан цацагдсан. Гэвч тэр нь үнэн ч юм уу, худал ч юм уу бүү мэд. Түүнийг ойшоож үзэх хүн нэг ч байгаагүй. Энэ мэтээр АН-ын дотоод асуудал зөрчил, тэмцэл, хуйвалдаан хэтэрч тэр нь эргээд өөрсдөд нь муугаар нөлөөлж байна. Өнгөрсөн оны сүүлээр ил болсон намын даргын төлөөх тэмцэл нь сүүлдээ цагаандаа гарч шат дараалсан баривчилгаануудаар үргэлжилж байгаад эцэст нь сонгуульд ялагдаж дууссан. Угтаа бол намын даргын төлөөх тэмцэл Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулах цагаас л эхэлсэн юм. Битүүхэн санаархаж фракцууд тохироо хийж МАН-ын "санаачлага"-ыг дэмжиж засгаа "тонгорсон" түүхтэй.
Одоо АН-ын жирийн гишүүд дэмжигчид хэсэг бүлгээрээ хэдэн арван холбоод болоод намаа шинэчлэнэ, намаа өөрчлөнө гэх зэргээр асуудалд хандаж эхэллээ. Саяхан гэхэд "АН-ын үүсгэн байгуулагчдын холбоо" гэгч байгуулагдаж ҮЗХ-ны хуралд шаардлага хүргүүлнэ, хурал руу дайрч орно гэх зэргээр байр сууриа илэрхийлцгээсэн. Энэ мэтээр АН-ын дотоод асуудал зөрчил тэмцэл туйлдаа хүрч байна. Эхлээд намын даргын төлөөх фракц бүлэг хоорондын тэмцэл байсан нь даамжирч жирийн гишүүд дэмжигчид нь хүртэл хэдэн арваараа хоорондоо тэмцэлдэж эхлээд байна.
Тиймээс асуудлыг яаралтай цэгцэлж, ҮЗХ-гоор нэн яаралтай хуралдуулж намын даргаа томилох хэрэгтэй. Одоогийн байдлаар намын даргад УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас гадна БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Болд, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан, Хотын дарга асан Э.Бат-Үүл нар санаархаж явна.
Сэтгэгдэл