Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2023 оны төгсгөлд нийтийн тээврийн жолооч нарын цалинг 1000 ам.доллар болгоно гэж мэдэгдсэн. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас НИТХ-д 2024 оны төсөвт тодотгол хийх тогтоол өргөн барьж, нийтийн тээврийн жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгохыг батлуулсан. Тогтоолын дагуу нийтийн тээврийн жолооч нар гуравдугаар сарын 1-ээс нэмэгдсэн цалин буюу 3.5 сая төгрөгийн цалин авч эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хотын дарга Х.Нямбатаар ТҮК-ийн ажилтнуудын цалинг жолооч нарын адил 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөгт хүргэнэ гэж мэдэгдсэн. Тэр бээр энэ талаараа “ТҮК-ийн ажилчдын цалин хөлсийг 3.5 саяд хүргэх тооцоо, судалгааны ажил дууссан. Зургаадугаар сарын 1-ээс шинэчилсэн цалингийн системээр явах бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн ТҮК-ийн ажилчдын хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс хариуцах хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэсэн юм. Гэвч УИХ-ын гишүүн Т.Доржхандаар удирдуулсан ХҮН намынхан жолооч болон ТҮК-ийн ажилтнуудын цалинг нэмснийг эсэргүүцлээ. Тодруулбал ХҮН намын нарийн бичгийн дарга Ц.Лут-Очир өөрийн твиттер хаягтаа “Гадаад, дотоодын хоёр их сургуулийн мастерын зэрэг, докторын зэрэг хамгаалсан судлаач багшийн цалин 3 сая төгрөгийн цалин авч байхад Х.Нямбаатар жолооч, ТҮК-ийн ажилчдын цалинг 3.5 сая болгож, сэхээтнүүдийг доромжиллоо” гэжээ.
Х.Нямбаатар ТҮК-ийнхний цалинг нэмж байгаа нь сэхээтнүүдийг доромжилсон үйлдэл гэв
2024/04/17 18:04
Сэтгэгдэл