Нийслэлийн сурагчид сүү уудаг болно


Нийслэлийн сурагчид сүү уудаг болно

 

Ирэх тавдугаар сарын 1-нээс нийслэлийн сурагчид үдийн цайныхаа үеэр сүү уудаг болох нь. “Эрхэт Монгол Медиа Холдинг” групп “Сурагчдын үдийн цайг сүүтэй болгоё” хэмээх сэдвийг өнгөрсөн 2023 оны арваннэгдүгээр сарын турш хөндөн, "Өглөөний сонин", Zindaa.mn сайт, ТВ8 телевизээр нийтэлж нэвтрүүлсэн билээ. Энэ сэдвийн хүрээнд аналитик тойм, нийтлэлүүдээ зориулж, албаны хүмүүс, эрүүл ахуйчид, иргэдийн байр суурийг бүтэн сарын турш олон нийтэд хүргэсэн юм.

Нийслэлийн ИТХ-аас Улаанбаатар хотын 2024 оны төсвийг батлахдаа сурагчдын үдийн цайг сүүтэй болгоход нэг тэрбум төгрөг хуваарилахаар оны өмнө шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл бага, дунд ангийн сурагчдад долоо хоногийн гурван өдөр сүү өгөх хөтөлбөр ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжихээр болжээ.

Нийслэлийн удирдлагын зүгээс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоол хүнсний хангамж, шим тэжээлд анхаарах ажилд холбогдох төсвүүдийг шийдвэрлэж ирсний нэг нь үе шаттайгаар хэрэгжүүлэх “Сүү” хөтөлбөр болоод байна.

“Сүү” хөтөлбөрт эхний ээлжинд Ерөнхий боловсролын найман сургуулийн бага, дунд ангийн 19.300 сурагчийг хамруулах бөгөөддолоо хоногийн гурван өдөрт хүүхэд бүрд 150-200 мл сүү өгөхөөр төлөвлөжээ.Ингэхдээ гурван өдрийн сүүний нэг өдрийг нийслэл, дараагийн өдрийг тухайн сургууль оршин байгаа дүүрэг, гурав дахь өдрийг эцэг, эхчүүд даахаар төлөвлөжээ. Хамгийн гол нь сурагчдад эрүүл ахуйн шаардлага хангаж боловсруулсан үйлдвэрийн сүү өгнө гэдгээ амласан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Төр, хувийн хэвшлийн түншлэл, төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Н.Баярчимэг хөтөлбөрийн талаар танилцуулахдаа “Дэлхийн олон оронд “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн сайн туршлага бий. БНХАУ-д 2000 оноос энэ хөтөлбөрийг эхлүүлсэн. БНСУ уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд цэцэрлэгийн наснаас эхэлдэг. Олон улсын байгууллагын судалгаагаар “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эерэг үр дүн гарсан судалгаа бий. Уг хөтөлбөрт нэг тэрбум төгрөгийн төсвийг НИТХ-аар батлуулсан. Хөтөлбөрт тусгаснаар сурагчдад долоо хоногийн гурван өдөр сүү өгнө” гэлээ.

“Жайка” олон улсын байгууллагын судалгаагаар монгол хүүхдүүдийн өдөрт авах кальцийн хэмжээ 2-3 дахин бага, Д витамины дутагдалтай, ясны сийрэгжилт, шүдний өвчлөл өндөр гарсан байдаг. Тэгвэл “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлаа сайжрах чухал ач холбогдолтой хэмээн нийслэлийн удирдлагууд үзжээ.

Хэдэн жилийн өмнөх тооцоог авч үзвэл Монгол Улсын сүүний хэрэглээ 41,8 сая литр буюу өдөрт нэг хүнд ноогдох сүүний хэмжээ дөнгөж 40 гр байжээ. Энэ нь хүн өдөрт сүүнээс авах ёстой амин дэмийнхээ дөнгөж 20 хувийг авч байна гэсэн үг юм. Энэ нь сүүлийн үед хүүхдүүд дунд түгээмэл тохиолдох болсон “чимээгүй тахал” хэмээх шүд, ясны сийрэгжилт, кальцийн дутагдлын нэг шалтгаан болжээ.

Уг нь сүү, цагаан идээ гэдэг монголчуудын уламжлалт ундаа, хүнс. Долоо хоногийн гурван өдөрт хүүхэд бүрд 150-200 мл сүү өгнө гэдэг нь ч шинжлэх ухааны үндэслэлтэй. Витамин D, уураг, фосфор болон цусны эргэлтийг сайжруулдаг тэжээлүүд зэрэг хүний биед шаардагдах нэг өдрийн шим тэжээл 200 грамм сүүнд агуулагддаг хэмээн судлаачид хэлсэн байдаг. Манай нийтлэлийн бодлогыг дэмжин байр сууриа илэрхийлсэн иргэн “Японд хүүхдийн үдийн цайнд 200 грамм сүү, 200 грамм иогурт шөлний хамт өгдөг” хэмээн хэлж байсан нь үүнтэй тохирч байгаа юм. Япончууд хүүхдийн үдийн цайг ийнхүү шинжлэх ухааны үндэстэйгээр зохицуулдаг ажээ. Гаднын ч, Монголын ч судалгаагаар өдөрт 200 гр сүү гэсэн тогтмол хэмжээ хэлж буйг анзаарсан байх. Ийм хэмжээний сүүг цэцэрлэг, сургуулийн хүүхдийн үдийн цайнд хэрэглүүлээд байвал ирээдүй үе маань эрүүл саруул өсөж бойжиход тун их нэмэртэй болох нь.

Монголчууд цагаан идээ, сүүнээс холдож хүүхэд багачуудаа ясны сийрэгжилтэд өртүүлж, шүдийг нь өвчлүүлж байх зуурт гадаад орнууд эсрэгээрээ сүүнд ойртсоор иржээ.

Бидний даган дуурайх дуртай АНУ-д сүүлийн жилүүдэд үнээний сүүний борлуулалт ихээхэн өссөн гэх судалгаа гарсан байна. Тус улсын иргэд насныхаа онцлогоос хамааран өдөр бүр сүү тогтмол хэрэглэдэг болов. Насны онцлог гэдгийг бас анзаарч үзүүштэй. АНУ-д 1-10 настай хүүхдэд 4 хувийн тослогтой 1-3 аяга (200-300гр) сүү, 11-18 настай хүүхдэд 3.2 хувийн тослогтой 4-5 аяга (300-500гр) сүү, 19-өөс дээш насныхан биеийн онцлогтоо тохируулан 2.5- 0.1 хувийн тослогтой 3 аяга (300-500гр) сүүг хэрэглэх нь эрүүл мэндэд тустай хэмээн үздэг ажээ. Өөрөөр хэлбэл, насныхаа онцлогоос шалтгаалж сүүний тослогийн хувь, уух хэмжээ өөрчлөгдөх учиртай байх нь. Манай зарим хүн “Нас ахих тусам сүү зохихоо больдог. Сүүн бүтээгдэхүүн шингэц муутай, нялх амьтан хэрэглэх зориулалттай учир түүнийг нярай хүүхдээс бусад хүн хэрэглэх нь тохиромжгүй” хэмээн ярьдгийн учир ч үүнтэй холбоотой байж мэднэ. АНУ-д хэрэглэж буйгаас харвал хүн нас ахих тусам сүүний тослогийг багасгаж, уух хэмжээг ихэсгэх нь зохимжтой байдаг аж.
 


Цэвэр сүү нь кальци, Д витамин, элэгний үйл ажиллагааг дэмжих В2 амин дэм, яс, шүдийг хэврэгжихээс сэргийлдэг фосфор болон улаан хоолойн сөргөөг багасгах, цусны эргэлт сайжруулах, холестролыг багасгах тэжээллэг бодис ихээр агуулдаг. Яс бат бэх байх нөхцөлийг хамгийн сайн хангагч нь сүү гэдгийг уламжлалт эрүүл мэндийн салбарынхан хэлдэг. Тараг ууснаар гэдсэнд өнгөр тогтож, гүйлгэж суулгахаас сэргийлдгийг монгол хүн бүр мэднэ.

Монголын уламжлалт асрахуйн ухааны сударт “Үнээний сүүнд таван махбод бүрдмэл. Хүч тэнхээг нэмэгдүүлэн, өнгө зүсийг үзэсгэлэнтэй болгох, хүчирхэгжүүлэх, дуслыг нэмэгдүүлэх болон сэлбэх үйлчилгээтэй. Шинэ сүүг бүлээнээр нь уувал рашаан адил шимтэйн учир хүүхэд болоод өндөр настнуудад маш сайн. Үнээний сүүг түүхийгээр нь уувал төмрийн агууламж өндөр, цусны дутагдал ба уушигны үйл ажиллагаанд сайн нөлөөтэй. Буцалгаж уувал гал чанар бадарч нойр хулжих өвчинд тустай” хэмээжээ. Гэхдээ орчин цагт  түүхий сүүнд бруцеллёзоос эхлээд өвчин эмгэг үүсгэгч байж болохыг анзаарч хөөрүүлж уух нь зүйтэй гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. 

Монголын хэсэг сэтгүүлч 2002 онд өмнөд хөршид айлчлах үеэр Бээжин хотын хаяанд орших Сыжицин тосгоны Газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг компанид очиж үзсэн юм. Тэнд ямаа, үхрийн аж ахуй эрхэлж, бэлчээрийн байсныг суурин маллагаанд шилжүүлжээ. Тухайн үеэс Бээжин хотын цэцэрлэг, сургуулийн бага ангийн сурагчдад үдийн завсарлагаар нь сүү уулгадаг заншилтай болж эхэлснийг аж ахуйн удирдлага танилцуулж байв. Бээжингийн багачуудын сүүний хэрэглээг хангахын тулд ойрын үед 60 мянган толгой үнээтэй болох учиртайг тухайн үед тайлбарлаж байсан. Ямар боловч 1990-ээд оны сүүлээс БНХАУ томоохон хотуудынхаа хүүхэд багачуудад сүү уулгадаг болсноор өдгөө хот газрын хятад залуус нуруу өндөр, царай цэвэр, шүд тэгш цагаан болсон нь илт анзаарагддаг. Н. Баярчимэг зөвлөхийн ”БНХАУ-д 2000 оноос “Сүү” хөтөлбөрийг эхлүүлсэн” хэмээсэн нь үүнийг хэлсэн биз ээ.

Цагаан идээ бараг хэрэглэдэггүй асан гадаад орнууд сүүлийн үед сүүнд ойртсоноор залуусын эрүүл мэнд, царай төрх, үс зүсэнд өөрчлөлт орж, эрүүлжиж байхад монголчууд яг эсрэгээрээ сүүний хэрэглээгээ эрс багасгаж, хөдөө орон нутагт бог мал бүү хэл, үнээгээ ч саахаа бараг больж, төл нь эхлээр явах болсноор хүүхэд, залуусынхаа эрүүл мэндийг сүйтгэж буйгаа бодох цаг нэгэнт иржээ. Нийслэл хотын сурагчдыг үдийн цайндаа сүүтэй болгохоор шийдсэн нь хойч үеийнхээ эрүүл мэндэд тустай сайн үйлсийн эхлэл болж буй нь маргаангүй.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.