Дэлхийн банктай хамтран “Нийгмийн хариуцлагыг бэхжүүлэх” төсөл хэрэгжүүлнэ


Дэлхийн банктай хамтран “Нийгмийн хариуцлагыг бэхжүүлэх” төсөл хэрэгжүүлнэ

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсоныг хүлээн авч уулзлаа.  Уулзалтын эхэнд  ноён Жеймс Андерсон,  цаг гарган  хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийнхээ талаар товч мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн банктай хамтран хотын тээвэр, хөрөнгө оруулалтын бодлого, газрын харилцаа, хот төлөвлөлтийн менежментийн чиглэлээр хамтран ажиллаж, хэд хэдэн  зөвлөмж гаргасан. Мөн өнгөрсөн жилээс эхлэн "Нийгмийн хариуцлагыг бэхжүүлэх” төсөл эхлүүлж Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй гэсэн 3 том дүүргийг тус  төсөлд хамруулан ажиллаж байна.  Энэ төсөл нь  нь боловсрол, эрүүл мэндийн салбарт нийгмийн эргэх хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэсэн гэдгийг тэрээр хэллээ.  Төслийн үр дүнд иргэд тэр дундаа нийгмийн эмзэг давхаргын хүмүүсийн дуу хоолойг төрийн шийдвэр гаргах явцад оролцуулах, тэдний амьдралын түвшин дээшилж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг адил тэгш хүртэх боломж бүрднэ гэдгийг тэрээр онцлов.  

 

Нийслэлийн Засаг дарга С.Батболд "Бидний олж харж чадахгүй, хэрэгжүүлж чадахгүй  байгаа зүйлсийг олж харан зөвлөмж болгон хүргүүлж байгаа та бүхэнтэй бид хамтран ажиллах болно. Дэлхийн банкнаас гаргасан эдгээр зөвлөмж нийслэлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдана. Би ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө өчигдөр НИТХ-д өргөн барьсан. Энэ хөтөлбөртөө Дэлхийн банк, НҮБ, Азийн сан зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх хэд хэдэн заалтууд бий. Нийгмийн үйлчилгээ хүн бүрт тэгш, хүртээмжтэй хүрэх ёстой гэсэн зарчмыг би баримтлан ажиллаж байна.  Тиймээс та бүхэнтэй хамтран хэрэгжүүлэх "Нийгмийн хариуцлагыг бэхжүүлэх” төсөл хотод, хотын иргэдэд бодит үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.



Уулзалтын төсгөлд Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон Монгол Улс Дэлхийн банкны гишүүн орон болсны 25 жилийн ойд зориулсан Хүндэт тэмдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод гардуулан өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.