- Төрийн эрх мэдлийг авснаас хойш хэдийгээр богино хугацаа өнгөрсөн ч гэлээ иргэд тэднээс хийсэн, бүтээснийг нь л асууна уу гэхээс хийх ажлыг нь хүлцэн сонсох цаг үе биш юм. Хоёр дахь сонгууль МАН-ын хувьд хатуухан сорил болох нь тодорхой байна-
Өнгөрсөн зургадугаар сард болж өнгөрсөн УИХ-ын болон Аймаг, Нийслэлийн ИТХ-ын сонгуулиар МАН эрх баригч, АН сөрөг хүчин болж байраа сольсон билээ. Тэрхүү сонгуулийн дараагаас эхэлсэн эрх баригч намын улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтны томилгоо хараахан дуусч амжаагүй байтал араас нь орон нутгийн сонгууль залган ирлээ. МАН-ын нэр хүнд бүхий улстөрчдийн үр хүүхдүүд, ах дүү, худ ураг, хамаатан садан, хандивлагчдын гэх шалгуураар хийгдэж буй томилгоонууд ил цагаандаа гарч, "мэргэжлийн Засгийн газар байгуулах” мөрийн хөтөлбөрөө мартав уу гэмээр аашилж байгаа эрх баригчдад энэ удаад иргэд ямар дүн тавих бол гэдэг тун сонин?! Хэн эрх мэдэл авсан нь хөгжмөө захиална гэдэг зарчимтай хойно хэлээ хазаад үүнийг чимээгүй өнгөрөөе гэхэд Засгийн болон хотын шинэ удирдлагууд оноо авахаар олигтой зүйл юу хийв гэдгийг дүгнэж цэгнэхэд хангалттай хугацаа өнгөрчээ. Энэ утгаараа ээлжит орон нутгийн сонгууль эрх баригчдад "хийснээ дүгнүүлэх” учиртай "хатуухан даваа” болон харагдаж байна.
Төрийн эрх мэдлийг авснаас хойш хэдийгээр богино хугацаа өнгөрсөн ч гэлээ иргэд тэднээс хийсэн, бүтээснийг нь л асууна уу гэхээс хийх ажлыг нь хүлцэн сонсох цаг үе биш юм. Хоёр дахь сонгууль МАН-ын хувьд хатуухан сорил болох нь тодорхой байна.
УИХ-ын сонгуулиар сөрөг хүчний хувиар эрх баригч асан Ардчилсан намыг муучилж, "эдийн засаг элгээрээ хэвтлээ, эх орон өрөнд баригдлаа” гэсэн мессежээр иргэдийн сэтгэлзүйг эргүүлж, эгээ л аврагчийн дүрд нэг удаа тайзнаа тодроод амжсан МАН одоо орон нутгийн сонгуулиар ямар тактиктай ажиллах вэ гэдэг сонин.
Эх сурвалжийн мэдээллээр бол Ардчилсан намын өнгөрсөн дөрвөн жилийн алдааг адалж, муучлах тактиктай байгаа гэх. Тэртэй тэргүй шавартай хутгалдаж яваа Ардчилсан намыг нэмж өшиглөлөө гээд одоо МАН-д оноо ирэх нь юу л бол. Тэгвэл хийж, хэрэгжүүлэх хөтөлбөрөө ярья гэхээр хэчнээн хүн тэдэнд итгэх вэ?! Мэргэжлийн Засгийн газар байгуулах мөрийн хөтөлбөр нь Миеэгийн Засгийн газар болж хувирсан. Төсвийн орлого тасарч, цалим тэтгэврээ цагтаа өгч чадахгүйд хүрсэн Засгийн газар татвар нэмэх, хүүхдийн мөнгө танах, хамтын тэтгэврийг халах, хүчирхийллийн хуулийг хүчингүй болгох гэх зэрэг хэний ч дэмжлэг хүлээхгүй "хөтөлбөр” дэвшүүлж хөглөсөн. Нийслэлийн Засаг дарга, удирдлагууд л гэхэд асуудлаа барьж авч чадахгүй, нохойн үржил, баарны цаг гэх мэт аар шаархан асуудлаар анхаарал татаад сууж байдаг. Өөрсдийгөө магтахад хэцүү, өрөөлийг муулахад үнэмшилгүй ацан шалаанд орчихоод байгаа МАН-д орон нутгийн сонгууль гэдэг оройтсон бороо болж хувирав уу гэлтэй.
"Өр зээлэнд улсаа өгчихсөн” өнөөх АН-ынхаа араас орох бэлтгэлээ өнөөгийн эрх баригчид базааж, ээлжит бус чуулганаар хэлэлцсэн төсвийн тодотголтой хамт өрийн таазыг 53 хувиас өндөрсгөн 88 хувь болгох шийдвэрийг баталсан. Цаашид хямралаас гарахын тулд нэмж зээл авах замыг сонгож, энэ талаар аль хэдийнэ яриад эхэлсэн эрх баригчид "өр зээл” гэдэг үгийг энэ удаад болгоомжтой хэрэглэхгүй бол дараа нь өөрсдөө ч бас амаа асуулгаж мэдэхээр байна.
Ардчилсан намын хувьд ч ялгаагүй энэ удаагийн орон нутгийн сонгууль "оройтсон бороо”-той л адил. Нэгэнт үнэлүүлж чадаагүй гавьяагаа хоёронтаа давтан яриад яах ч билээ. Өөрсдийн алдаагаа наминчлаад ч өнгөрснийг эргүүлж чадахгүй. Гэхдээ тэдэнд нэг давуу тал бий нь Ардчилсан нам бол сөрөг хүчин. Эрх мэдэл хяналтгүйгээр нэг гарт төвлөрсөн ийм үед иргэд сөрөг хүчнийг дэмжих хандлагатай байдаг нь зүй тогтол. Богино хугацаанд боловч бодлогын хувьд багагүй алдаа хийгээд амжсан эрх баригчдыг рингэн дээр "нүдэх” ганц боломж нь орон нутгийн сонгууль болох биз. Ялсан, ялагдсан хоёр намд орон нутгийн сонгуулиар бодлого, хөтөлбөр ярихаас илүүтэй богино зайн улс төр хийх л сонголт үлдсэн мэт.
Сэтгэгдэл