Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэн “Э”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 8 дугаар сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Дээрх этгээд 2018 онд бусадтай бүлэглэн, олон удаагийн үйлдлээр бусдад хүч хэрэглэж, эд зүйлийг нь дээрэмдсэн гэх хэрэгт шалгагдаж байхдаа гадаадад оргон зайлжээ.
Цагдаагийн ерөнхий газраас Интерполын шугамаар болон дотоодод эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийг олж илрүүлэх чиглэлээр БНСУ болон бусад улстай хамтын ажиллаагаагаа эрчимжүүлсний үр дүнд БНСУ-ын Интерполын Үндэсний төв товчооны Оргодол эрэн сурвалжлах баг болон Кёнги Намбу дахь Цагдаагийн газраас уг этгээдийг 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр саатуулан баривчилсан байна. Түүнийг Монгол Улсад албадан авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба хамтран зохион байгууллаа.
Сэтгэгдэл