Мал аж ахун салбарын нэгдсэн системд доорх дэд сангууд холбогдсон. Үүнд:
- Малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх систем нь малыг ҮСХ-ны А данс дээр үндэслэн нэг бүрчлэн эсвэл бөөн дүнгээр малчин өрх, малын төрөл, удам гарваль, нас, хүйс, тоо зэргийг бүртгэнэ. Уг бүртгэлийг сум, дүүргийн ХАА-н тасгийн мал зүйч мэргэжилтэн хариуцна. Энэ системийг ашигласнаар нэгж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэн малын чанарыг сайжруулна, малын тоо толгой, шилжилт хөдөлгөөн, гарал үүсэлд хяналт тавина, малчин дэмжлэг урамшуулалд хамрагдах, хөрөнгийн үнэлгээ хийлгэх, төрийн урамшуулалд хамрагдах боломж бүрдэнэ, малын хулгайн гэмт хэргээс сэргийлнэ.
- Малын удам зүйн үнэлгээний систем нь малд удам зүйн үнэлгээ хийж, бүртгэлжүүлэх систем юм. Энэ системийг ашигласнаар эцэг мал, гойд ашиг шимт малд удам зүйн үнэлгээг хийж, бүртгэнэ, малын удам гарваль, ашиг шимийг тодорхойлох, үржлийн малыг галбир, бие цогцос, үр төлийн чанараар үнэлэх, чанар, стандартын шаардлага хангасан үржлийн малыг олон нийтэд таниулна.
Систем нь цахим хуудас /https://muz.gov.mn/ болон програм /http://muz.mofa.gov.mn/-аас бүрдэнэ. Програм хангамж нь үржлийн малын үнэт чанарыг удам зүйн түвшинд олон улсын үнэлгээний аргачлалын дагуу боловсруулж хийж, сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсын түвшин тус бүрээр тодорхойлон гаргана. Цахим хуудасны удам зүйн үнэлгээ цэс нь програмаас гарсан үр дүнгээс Монгол Улсын гойд ашиг шимт малын мэдээллийг олон нийтэд хүргэх болно. Удам зүйн үнэлгээгээр үнэлэгдсэн гойд ашиг шимт малын мэдээллийг үржлийн үнэт чанараар, гарал үүслээр, он дараалал тус тус сонгон харах боломжтой. - Сүргийн эргэлтийн тооцоолох систем нь малчин өрхийн мал сүргийн бүтцэд ХААИС-ийн эрдэмтэн, багш нарын боловсруулсан аргачлалын дагуу сүргийн эргэлтийг тооцоолох систем юм. Сум, дүүргийн ХАА-н тасгийн мэргэжилтэн, мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгжийн мэргэжилтэн уг системийг ашиглан малчдын мал сүргийн бүтцийг ашигтай байх тооцооллыг бодож өгнө. Ингэснээр эдийн засгийн эргэлтэд оруулах малын төрөл, тоо хэмжээ тодорхой болж, малчин өрхийн үйлдвэрлэх малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, толгой тутмаас авах ашиг шимийг тодорхойлж, тухайн жилд тэжээх, онд оруулах малын төрөл, тоо хэмжээ тодорхой болж бэлтгэх шаардлагатай тэжээлийн норм, норматив гарна.
- Тэжээлийн тогтвортой менежмент DSS мэдээллийн сан нь Монгол Улсын мал аж ахуйн салбарын тэжээлийн дэд салбарын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид тогтвортой хөгжүүлэх, төлөвлөхөд зөвлөмж өгөхөд чиглэгдсэн мэдээллийн цахим хуудас /http://fodder.mofa.gov.mn/, хиймэл дагуулын зураг болон түүний гаралтай бүтээгдэхүүнүүдийг боловсруулан WMS/WCS дата cube сервер дээр түшиглэн бэлчээр, тэжээл, бусад хүчин зүйлийн өнөөгийн болон олон жилийн дундаж үзүүлэлтийн зураглал гаргах DSS систем /https://dss-mongolia.org/MN/-ээс бүрдэнэ. Энэ системд судалгааны үр дүнд бэлчээрийн олон жилийн даац багтаамжийн мэдээлэл, мал аж ахуй, тэжээлийн ургацын мэдээллийг зураглан оруулсан. DSS сервер нь вэб аппликейшн бөгөөд дурын интернэт вэб хөтөч дээр ажиллуулах боломжтой.
Сэтгэгдэл