Зөвхөн шүүхийн зөвшөөрөлтэйгөөр цагдан хорих хууль хэрэгжиж эхэллээ


2022 оны аравдугаар сард НҮБ-аас дур зоргоор баривчлахын эсрэг  олон улсын шинжээчид Монгол Улсад ирж, хүний эрхийн зөрчилд судалгаа, шинжилгээ хийгээд явсан.  Тэд Монгол Улсад хүний эрх хэд хэдэн салбарт ноцтой  зөрчигдөж байна гэж дүгнэсэн билээ.  Тухайлбал,  шүүхийн шийдвэргүйгээр 48 цаг цагдан хорьж байгаа нь  хүний эрхийн томоохон зөрчил хэмээн үзсэн.  Мөн хүний үгээ хэлэх,  үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдах тохиолдол нэмэгдэж байна гэж дүгнэсэн байдаг.   Энэхүү дүгнэлтээс хойш нэг жилийн дараа буюу өнгөрсөн есдүгээр сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 54 дүгээр чуулган Женев хотноо болж, Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлыг дахин  хангалтгүй хэмээн үнэлэв.   Тэгвэл ХЗДХ-ийн асан сайд Б.Энхбаяр НҮБ-ын зөвлөмжийг хангах, хүний эрхийг баталгаажуулах хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барьж,  УИХ энэ оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар баталсан байдаг. Уг хуульд хүний эрхийг хангахтай холбоотой оруулсан зохицуулалтууд ирэх наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх юм.  Хэрэгжих эхлэх хуулийн онцлох заалтуудыг хүргэж байна.

Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлахтай холбоотой орсон зохицуулалт

 

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах” гэсэн 31.5 дугаар зүйлийг “Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах” болгон бүхэлд нь өөрчлөн найруулжээ.

-Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах үндэслэлийг нарийвчлан тодорхойлж, “хойшлуулшгүй” тохиолдолд гэсэн хэт ерөнхий зохицуулалтыг хассан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулах болон хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах үндэслэл, нөхцөлийг тусгасан.

-Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагаанд прокурор хяналт тавих, мөрдөгчийн тогтоолыг батлах, шүүхэд даруй хүргүүлэх, эсхүл тогтоолыг үндэслэлгүй гэж үзвэл батлахаас татгалзах тухай шийдвэр гаргах, шүүх уг асуудлыг хянан шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан.

-Хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагааны талаар баривчлагдсан хүн баривчлах ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах эрхийг нээж өгсөн.

-Хойшлуулшгүйгээр явагдсан баривчлах ажиллагааны талаар гомдол гаргаагүй бол баривчлах ажиллагааны үндэслэл, үр дүнг хянуулахаар холбогдох материалыг 30 хоногийн дотор шүүхэд хүргүүлэх зохицуулалтыг шинээр тусгасан.

-Сэжигтнийг баривчлах хугацаа 48 цаг байх бөгөөд сэжигтэнд ямар хэрэгт холбогдуулан баривчилж буй талаар мэдэгдэж, түүнд тайлбар мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгч авах эрхтэйг тайлбарлах.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Баривчлах хугацааг тоолох” 31.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт сэжигтнийг мөрдөн шалгах байгууллагад хүргэх, зайлшгүй эмнэлгийн туслалцаа үзүүлэх, эрүүлжүүлэх, өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзахад зарцуулсан хугацааг энэ хуулийн 31.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүхийн зөвшөөрлөөр баривчилж саатуулах хугацаа 48 цагаас хэтэрч болохгүй” хугацаанд оруулан тооцохгүй байхаар нэмж тусгасан байна.

 

Хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагааг хүчинтэйд тооцох шүүхийн харьяалалтай холбоотой орсон зохицуулалт

 

-Шүүх хязгаарлалт тогтоох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах асуудлыг хянан шийдвэрлэх ажиллагааг хуанлийн өдөр бүр шөнийн цагаас бусад цагт тасралтгүй хэрэгжүүлнэ.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлд заасан үндэслэлээр сэжигтнийг баривчлах тохиолдолд прокурорын саналыг гэмт хэрэг гарсан газрын харьяалах шүүх

-Сэжигтнийг хойшлуулшгүй баривчилсан тохиолдолд саналыг тухайн баривчлах ажиллагаа явагдсан газрын харьяалах шүүх, хэрэв баривчлагдсан сэжигтнийг 24 цагийн дотор уг хэрэг гарсан газрын харьяалах шүүхэд хүргэх боломжгүй бол баривчлах ажиллагаа явагдсан газрын шүүх хянан шийдвэрлэх.

 

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой орсон зохицуулалт

 

-Эрүүгийн хуульд хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авна.

-Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлийг нарийвчлан хуульчилсан. тухайлбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан, эсхүл оргон зайлахыг завдсан.

-Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 1 сар хүртэл байна. Тиймээс 1-30 хүртэл хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сонголттойгоор авч эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

-Яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээ таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт зургаан сар, эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сараас, эрүүгийн хуульд хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй.

-Мөрдөгч яллагдагчийг үргэлжлүүлэн цагдан хорих тухай саналаа хугацаа дуусахаас 7-оос доошгүй хоногийн өмнө прокурорт хүргүүлэх, прокурор цагдан хорих хугацааг сунгах тухай саналаа даруй шүүхэд хүргүүлэх, шүүх прокурорын саналыг хугацаа дуусахаас 4-өөс доошгүй хоногийн өмнө хянан хэлэлцэж, цагдан хорих хугацааг сунгах, эсхүл сунгахыг татгалзах тухай шийдвэр гаргаж байх.

-Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хугацааг нь сунгахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж дуусах хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.