Папиллома вирусийн эсрэг вакциныг ирэх сарын 5-н хүртэл хийнэ


Папиллома вирусийн эсрэг вакциныг ирэх сарын 5-н хүртэл хийнэ

 

Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг 2024 оны арваннэгдүгээр сарын /2024.11.28/-наас эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 11 настай хүүхдүүдэд хийж эхэлсэн. Уг вакциныг 14 хоног буюу арванхоёрдугаар сарын 5-ныг хүртэл хийх юм байна.

 Дархлаажуулалтад 2013 онд төрсөн 11 настай охид, хөвгүүд нэг тунгаар хамрагдах бөгөөд сургуульд суурилсан дархлаажуулалтаас хоцорсон тохиолдолд харьяа өрх, сумын эрүүл мэндийн төв дээр хийлгэж болно гэдгийг албаныхан мэдээлсэн юм.

Ерөнхий Боловсролын Сургууль болон өрх, сумын эрүүл мэндийн төвөөс вакцин хийх талаарх мэдээллийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт өгч, вакцин хийх өдрийг мэдэгдсэний дагуу  хүүхдээ вакцин хийлгэх өдөр дулаан хувцаслаж, хоол, цайг нь сайн уулган, вакцин хийлгэсний дараа дааруулахгүй, хүйтэн юм уулгахгүй, тарьсан хэсэг газрыг хөндөж, цохиж, маажихгүй байхыг хүүхдүүддээ зөвлөж хэлээрэй. Мөн хүүхэд зүү тариур, тарилгаас айх тохиолдол байдаг учир хүүхэдтэйгээ ярилцан ойлгуулж тайвшруулаарай.

Дархлаажуулалтыг зохион байгуулах өдөр эмч хүүхдийн биед үзлэг хийж үнэлэн вакцинд хамруулан, вакцин хийлгэсний дараа ажиглалтын өрөөнд  15-30 минут хянана.

ХПВ-ийн халдварын эсрэг вакцин нь бусад вакцины адил вакцин хийсний дараа тарьсан хэсэг газар хөндүүрлэх, хавдах, улайх, загатнах, хөхрөх, халуурах, толгой эргэх, дотор муухайрах,  суулгах, бөөлжих зэрэг зовиур илэрч болох бөгөөд энэ нь өөрөө аяндаа арилна. Эдгээр шинж тэмдэг илэрсэнээр хүний дархлааны систем ажиллаж дархлаа тогтож байгааг илтгэж байгаа юм. Өөр бусад ямар нэгэн шинж тэмдэг 3-аас дээш хоног илэрвэл харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмчид яаралтай  хандана.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.