“Дэлхийн өв болсон газраа сүйдлэхийн оронд Бургастайн боомтыг хөгжүүл”


“Дэлхийн өв болсон газраа сүйдлэхийн оронд Бургастайн боомтыг хөгжүүл”

 

Говийн их дархан цаазат газрыг устган, Нарансэвстэйн боомт нээж, уул уурхайн зам тавихыг эсэргүүцэн Говь-Алтай, Баянхонгор аймгийн зарим сумын Нутгийн зөвлөл, “Хавтгай, мазаалай, их говио аваръя” төрийн бус байгууллагынхан болон иргэдийн төлөөлөл өчигдөр мэдээлэл өглөө. Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ, Алтай, Баянхонгорын Шинэжинст, Баян-Өндөр сумын иргэд хамтран “Хавтгай, мазаалай, их говио аваръя” төрийн бус байгууллагыг байгуулжээ.

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн Г.Галтайхүү “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хурал Саудын Араб улсад болж буй. Эл хуралд Монгол Улсыг төлөөлөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэллээ. “Газар нутаг бидний ирээдүй” сэдэвт хурлын үеэр Ерөнхий сайд “Хүн төрөлхтний ирээдүй болсон газар нутгийнхаа төлөө бид нэгдэх ёстой. Тиймээс нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө байх ёстой” гэлээ. 1957 оны Ардын их хурлын тэргүүлэгчдийн 84 дүгээр зарлигаар баталсан Их говийн дархан цаазат газар буюу Алтайн өвөр говийг 1991 онд ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэсэн. Гэтэл Засгийн газрын 2024-2028 оны ажлын төлөвлөгөөнд тус газарт Нарансэвстэйн боомтыг сэргээн байгуулахаар тусгаж, үүнийг нь наймдугаар сарын 27-нд УИХ-ын тогтоолоор баталжээ. Нарансэвстэйн боомтыг нээснээр дэлхийн өвд бүртгэгдсэн уг газрын дундуур 300 гаруй километр авто зам тавих гэнэ. Ингэснээр онгон дагшин байгалийн экосистем алдагдаад зогсохгүй иргэдэд ч хор хөнөөлтэй” гэв.

“Хавтгай, мазаалай, их говио аваръя” төрийн бус байгууллагынхан “Их говийн дархан газар нь ховор модлог ургамал, амьтан, жигүүртэн, хэвлээр явагчдыг хайрлан хамгаалж устахаас нь сэргийлдэг. Энд мазаалай, хавтгай зэрэг амьтныг судалж, эрдэм шинжилгээний ажил хийдэг. Эдгээр амьтныг судлахаар дэлхийн олон судлаач ирж, Монголоос өөр хаана ч байхгүйг нь хэдийн тогтоочихсон. Бас дэлхий дээрх хамгийн онгон дагшин байгаль бол Алтайн өвөр говь гэдэг. Гэтэл өдгөө Нарансэвстэйн боомтыг нээж, дэлхийн өв болсон газраа сүйдлэх нь. Уг нь эл боомтыг 1992 онд нээж, нэг жил ажиллуулаад хаасан байдаг. Учир нь тухайн газрын экосистем эвдэгдэж, амьтдын тархац нутаг хумигдан, хулгайн ан газар авсан юм. Мөн олон газар зам гаргаснаар тоос, шороонд дарагдаж, булаг, шандууд ширгэсэн. Энэ мэт олон асуудлаас үүдэн уг боомтыг хааж байлаа. Гэтэл өдгөө дахин ашиглалтад оруулах нь. Ингэснээр Говь-Алтай төдийгүй баруун аймгийнхны амьжиргаа дээшилнэ гэсэн. Гэвч бид үүнд итгэхгүй байна. Жишээ нь, нэг километр зам тавихад хэдэн тонн ус шаардлагатай билээ. Зам тавихын тулд наанадаж гүний худаг гаргана, эсвэл булаг,  шандаас зөөнө. Ингэснээр их говийн усны түвшин багсана. Улмаар ан амьтан оршин тогтнох нөхцөлгүй болно шүү дээ. Уг нь энэ говь 380 гаруй төрлийн амьд бодгальтай, дэлхийд ховорд тооцогдож буй газар. Гэтэл шийдвэр гаргах түвшний хүмүүс нь үүнийг үл тоон, иргэдийн төлөө гэх нэрийн доор Нарансэвстэйн боомтыг ашиглалтад оруулах гэж байна. Үнэхээр л иргэдийн эрх ашгийн төлөө юм бол манай сумд байдаг, 30 гаруй жил ажиллаж буй Бургастайн боомтыг хөгжүүлэх шаардлагатай” гэсэн юм.

У.ЦЭЦЭГСҮРЭН

https://www.unuudur.mn/a/272627


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.