Хөрс боловсруулалт усжуулалт нь хөрс боловсруулалтын үндсэн зорилго нь зохих хэмжээний нягтрал сийрэгжилттэй, жижиг үрлэн бүтэцтэй, тэгш гадаргуутай, өндөр үржил шим бүхий зузаан үеийг бий болгоход оршино. Хөрс боловсруулалтыг гүн ба өнгөц гэдэг бөгөөд гүн боловсруулалт нь 25 см гүнд, өнгөн боловсруулалт нь 15 см гүнд хийхийг хэлнэ. Сийрүүлэлт нь хөрсний агааржуулалтыг сайжруулан үндэсний системийг хөгжүүлж, шим тэжээлийг авах усыг чөлөөтэй гүйдэг байхаар байлгадаг болно. Хөрс бордох болон хөрсний боловсруулалт нь хөрсийг үржил шимээр баялаг байдлыг хангахад чухал үүрэгтэй. Хавж боловсруулах арга байдаг ба гүн хаван сийрүүлэгчээр үндсэн боловсруулалтыг 30 см хүртэл гүнд сийрүүлдэг. Гүн хаван сийрүүлэхэд сүрэл болон ургамлын үлдэгдэл газрын гадаргуу дээр үлдэж, хөрсийг салхинд хийсэхээс хамгаалдаг. Мөн өвөл цас тогтож, хөрсний чийгийн нөөцийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Гүн хавсан хөрс хаврын цасны усыг гүйцэд шингээж авна. Хөрс боловсруулалтыг цомхтгох нь хөрсийг аль болохоор цөөхөн боловсруулах, машины нэг явалтаар олон үйлдэл хийхийг хэлнэ. Мөн зарим шаардлагагүй боловсруулалтыг хасах зэргээр цомхтгосон технологийг хэрэглэж болно. Тарилтын өмнөх боловсруулалт нь таримлын үрийн ургаж, соёолоход тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Дулаан, чийгшил, хөрсний бүтэц, үржил шимийг сайн тохируулах нь сайн ургац авахад зайлшгүй шаардлагатай.
Хөрс сайжруулах техникийн болон биологийн аргуудыг маш сайн ашиглахын дээр ерөнхий орчинг нь бүрдүүлэх нь чухал. Үүний хүрээнд төрөл бүрийн шилмүүст болон навчит мод, бут сөөгийг бүлэглэн салхины дундаж хурд газрын налууг тооцон блоклон тойруулалт, амьд хашаа, салхины хамгаалалтын зориулалтаар ба хөрс сайжруулагч болгон тарьж жимс жимсгэний аж ахуй, газар тариалан, үйлдвэр аж ахуй болон мал аж ахуйтайгаа хослуулан хөгжүүлэх нь урт хугацаанд маш тогтвортой ирээдүйтэй. Усны урсац сайжруулах дренаж хийхэд ашигладаг усыг өөртөө шингээдэггүй керамзит ба жижиг дайрга чулуунуудыг дэвсгэр хийж шуудуу татан усжуулалтыг оновчтой бөгөөд зардал багатай болгох нь хамгийн чухал асуудал юм. Үүний тулд наандаж гол мөрнүүдийн усны урсцыг тохируулж хиймэл нуур усжуулалтын далан шуудуу байгуулж жимс жимсгэнэ, ногоо, аж ахуй, газар тариаланг байнгын усжуулалттай болгож бага талбайгаас баталгаатай өндөр өгөөжтэй ажиллаж сурах нь илүү ирээдүйтэй. Жижиг хэмжээнд айл өрхүүдийн хувьд дээврийн борооны усаа цуглуулах хоолой хийх, хашааныхаа газрын налуу уналтыг тооцоолон шуудуу хийх, мод ургамалаа тогоолж ус хуримтлуулах нь эдийн засгийн ач холбогдолтой. Мөн айлууд саарал усаа ахин усалгаандаа ашигладаг байх цэвэрлэх байгууламж хийх хэрэгтэй. Хөрс ус ургамал гэсэн гурвал нь бие биенээ нөхцөлдүүлдэг эргэх холбоо бүхий цогц систем гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.
Хөрс хамгаалах нөмөрлөх арга нь ерөнхийдөө салхины нөлөөллөөс болон чийг алдалтаас хамгаалахад чиглэсэн байдаг. Өндөр ургасан мод бут нь өөрөө сүүдэр үүсгэж хөрсний хэт халалтаас сэргийлнэ, салхи шуурганаас хамгаална, орчны чийгшил нэмэгдүүлнэ, хөрсний шим сайжруулна, шавьж амьтан ургамлын амьдрах орчин бүрдүүлэх зэрэг сайн талтай байдаг. Хайлаас, шар хуайс, хус, боролзгоно, бургас, улиас, гүйлс зэрэг бутлаг болон навчит моднууд нь нэг талаар өргөн тархсан чимэглэлийн ургамал бөгөөд нөгөөтээгүүр тайралт, хэлбэржүүлэлт, хяргалтыг маш сайн даадаг учир амьд хайс, хашлага, салхины хамгаалалтын үе хийхэд олон улсад өргөн ашиглагддаг. Тариалалт, ногоон байгууламж, аж ахуй зэргийн эргэн тойронд тарьсан мод нь салхинаас хамгаалах болон сүүдэрлэж хөрсний чийг алдагдахаас хамгаалах маш чухал хүчин зүйл болдог. Салхи нь хөрсний хуурайшилтыг үүсгэдэг тул ургацыг бууруулах эрсдэлтэй юм. Салхинаас хөрсийг хамгаалах нь туйлын чухал бөгөөд хөрсний элэгдэл болон уур амьсгалын гэнэтийн нөлөөллийг бууруулдаг.
Амьд хайс, хашлага, салхины хамгаалалтын үе хийж аж ахуйг хөгжүүлэх нь мөн тарьж буй мод ургамал, тариа ногооны навч нь мөчрийг хугалах, гэмтээх хүчтэй, хуурай салхи шуурганаас сэргийлэх болон цочир хүйтрэлтээс хамгаалахад нэн тустай байдаг. Салхи, хуурайшилт, хүйтнээс хамгаалах таримал мод нь уур амьсгалд зохицсон хүнсний ногооны тариалалтыг бий болгох хөрсний бүтцийг сайжруулан элэгдэл эвдрэлээс хамгаалж ус, шим тэжээл алдагдахаас сэргийлдэг. Зам дагуу болон бүлэглэн цэцэрлэгжүүлэлт болон амьд хашаа болон хамгаалалтын зориулалтаар шилмүүст, навчит, болон бутлаг модыг эгнүүлэн хашаа үүсгэн тарьж болно. Манай орны нөхцөлд улиас, шар хуйас, хайлаас зэрэг нь мөчрөөр болон үрээр амархан үржүүлдэг бөгөөд хөрс голдоггүй ямарч хөрсөнд сайн ургадаг, усалгаа бага шаарддаг, халуун ба хүйтэнд тэсвэртэй зэрэг давуу талыг нь ашиглан цаашдаа цэцэрлэгжүүлэлт, ойжуулах ажилд, цэцэрлэгт хүрээлэн төгөл байгуулах, хөрсний нуралт эвдрэлээс хамгаалах, гудамж талбай тохижуулахад мод, сөөгтэй хослон тарихад тохиромжтой бөгөөд үзэмжтэй. Шилмүүст моднууд нь өөрөө бас хөрс сайжруулагч ба салхины хамгаалалтын үүргүүдийг давхар гүйцэтгэх ба агаар чийгшүүлэх чанарыг ашиглан жимс жимсгэнийн аж ахуй, газар тариалан болон мал аж ахуйтайгаа хослуулан хөгжүүлэх, тариалан болон бүх төрлийн аж ахуйд салхины хамгаалалтын нэг үе болгон ашиглаж болно.
Хөрсний хучилт хийж хамгаалах нь арга гол төлөв том хэмжээний газар ашигладаг газар тариалан болон жимсний модны, хүнсний ногооны аж ахуйд хэрэглэхэд тохиромжтой. Хучилт нь чийгийн улаан зэрэг хөрсний организмын үйл ажиллагааг сайжруулдаг. Тэд хөрсөнд жижиг болон том нүх гарган, борооны ус болон усалгааны усыг хөрсөнд нэвчихэд тусалдаг. Хучилтын нимгэн давхарга нь хөрсний чийгийн ууршилтыг их хэмжээгээр багасгадаг. Хучилт нь нарны гэрлийг сүүдэрлэж хөрсийг хэт халахаас сэргийлдэг. Өнгөцхөн хэсэг нь хуурай хөрсийг сийрүүлж өгөх нь доод давхаргын чийгийг алдахаас хамгаалдаг. Энэ нь хатсан газрыг эвдэж, ус нэвчих боломжийг олгодог. Хөрсөн дэх чийгийг сайн хадгалж үлдэх нь усалгааг багасгаж зардал хэмнэх, ургац нэмэгдүүлэх боломжтой болгодог. Хучилт нь навч, өвс, мөчир, газар тариалангийн үлдэгдэл, бууц, буудайн үлдэгдэл, сүрэл зэрэг ургамлын гаралтай зүйлсээр өнгөн хөрсийг бүрхэх үйл явц юм. Хүчилт хийсэн материалууд дараа нь хөрсөнд холигдож органик бодисын агууламжийг нэмэгдүүлэн сийрэгжүүлэлт болон шим тэжээл бүхий ялзмаг үүсгэдэг. Хөрсний органик бодис нь тогтвортой ширхэглэг бүхий бүтэцтэй сайн хөрсийг бий болгоход тусалдаг. Тиймээс хөрсний хэсгүүд нь амархан салхи усаар зөөгдөхгүй болдог учир хучлага нь хөрс элэгдэхээс сэргийлэх маш чухал үүрэгтэй.
Хучилтыг органик болон органик бус гэж ерөнхийд нь ангилдаг. Хучаасгүй хөрсний чийгийн 90 хувь нь ууршиж алга болдог. Юугаар хучсанаас хамаараад хөрсний чийгний ууршилтын түвшин өөр өөр байдаг бөгөөд органик хучаас дундажаар 50 хувь ууршилтыг бууруулдаг. Дан ганц хучилт гэхгүйгээр бусад хөрс хамгаалах аргуудыг аль болох цогцоор нь бүрдүүлж байж илүү үр дүнтэй байж арга бүр бие биенээ дэмждэг. Манай оронд газар тариалан, жимс ногооны аж ахуйд үр тарианы үлдэгдэл болох сүрэл болон ногооны хаягдал, газар тариалангийн үлдэгдэл болох өвс, навч, чулуу, элс, модноос тайрсан бут, бусад хаягдлууд, ойн газрын ялзарч боловсруулагдсан хаягдал, үрдэс зэргийг ашиглаж хөрсний хучилт хийж болно. Мөн хүлэмж ба дуслын усалгааны системтэй хослуулан нимгэн зориулалтын гялгар хальсаар хучин хөрсний чийг алдагдлыг бууруулж болдог. Энэ нь төв усны савнаас усыг цоолсон хоолойгоор тариалангийн талбайд ургамал болгонд тасралтгүй хэмнэлттэйгээр дусахаар хуваарилдаг. Тариаланч ямар ч усалгааны системийг сонгоходоо хөрсний бүтэц, хөрсний усны тогтвортой байдлыг хангах арга хэмжээг хослуулан хэрэглэвэл илүү өндөр үр өгөөжтэй. Сүүлийн үед манайд нутагшуулан тарьж байгаа олон төрлийн жимсний моднууд нь өвөл хучиж өвөлжүүлэх нөхцөл шаарддаг. Мөн хүлэмж нь манайд маш сайн тохирсон дулаан ба чийг хадгалагч нэг төрлийн хучилт юм.
Мөн хөрс сайжруулах ерөнхий аргууд нь техникийн болон биологийн гэсэн ерөнхий чиглэлд хуваагдана. Биологийн аргаар хөрс сайжруулахад хучилт хийх, салхи хуурайшилт, хүйтнээс нөмөрлөх, био ялзмаг хийх чийгийн улаан хорхой ашиглах, компост бордоо бэлтгэх, ойжуулж цэцэрлэгжүүлэх зэрэгт суурилсан хөрсийг илүү байгалийн үйл явцын дагуу эко орчин бүрдүүлж органик байдлаар сайжруулан хамгаалахад чиглэгдсэн байдаг. Дээрх аргаас гадна хөрсийг сайжруулах хамгийн сайн арга нь биологийн аргаар сайжруулах буюу чийгийн улаан хорхойгоор сайжруулах юм. Хэвийн нөхцөлд га талбайн чийгийн улаан хорхой 220 тонн хөрсийг хөндөж, сайжруулна. Чийгийн улаан хөрсийг их хэмжээгээр нүхэлж сийрүүлдэг нь усалгааны усыг хөрсөнд нэвчихэд тусалдаг ба ялгадсанд ургамал хооллох ашигт бодис агуулагдаж байдаг. Техникийн арга нь ерөнхийдөө далан шуудуу барих, усжуулалтын систем хийх, ус чийг хадгалах байдлыг нэмэгдүүлэх, хуурайшилтаас хамгаалах, хөрсний бүтцийг ерөнхийд нь өөрчлөн сайжруулах, ашиг шимт бордоогоор бордох, төрөл бүрийн нэмэлт бүтээгдэхүүнтэй хольж сийрэгжүүлэх, хортон шавьж ургамлаас чөлөөлөх, хашаа хамгаалалт хийж мал хүний өртөлтийг бууруулах зэрэг маш олон хүний хүчин зүйлээс хамаарсан арга хэрэгслүүд ордог.
Мод ургамал тарьж байгаа хүн дан хар шороонд л ургамал ургана гэж боддог нь бас өрөөсгөл юм. Учир нь ердийн нугын хар шороо нь шим тэжээл сайтай боловч хүнд нягт шаварлаг, амархан нягтарч ургамалын үндэс тэлэх нөхцөлгүй болгодог учир дангаар нь хэрэглэж болохгүй. Ургамлын бүтцээс хамаараад 20-50 % байх ба заримдаа бараг хэрэглэхгүй. Бууц, аргал, хомоол, биоялзмаг зэрэг нь сийрэгжүүлэг төдийгүй эрүүл органик бороо юм. Дараагийн байх зүйл нь бүдүүн ширхэгтэй хүнд нягт голын элс хөрсний бүрэлдэхүүний нэг хөсөг болдог ба барилгын нарийн элс тохиромжгүй байдаг. Элсэрхэг болон бор хөрс нь хөрсийг сийрэгжүүлэх, ус нэвтрэх чадвар сайжруулах, үндсийг ялзралаас хамгаалах сайн талтай боловч ургамалд тэжээл өгөхгүй. Хүлэр нь бүх төрлийн ургамалд тохирч хөрсийг сийрэгжүүлэх, агаар нэвтрүүлэх, шохойжилт хлороос сэргийлэх, ургамлын бактериас хамгаалах үүрэгтэй бөгөөд нийт хөрсний бүрэлдэхүүний 25-35 хувьд байна. Залуу ургамалд 50 % байж болно. Модны нүүрс нь үндсийг ялзралаас хамгаална, бага хэмжээгээр хэрэглэнэ. Бүдүүн үндэстэй ургамалд тохиромжтой. Хөрсөнд нэмэлтээр синтетик нийлэг зүйлсээр баяжуулсан перлит, керамзит, галолит зэрэг нь агаар нэвтрүүлэх чадварыг сайжруулах зорилгоор элсийг орлуулан хэрэглэж болно.
Шим тэжээлт ялзмаг үүсгэх аргыг компост гэх ба энэ нь маш олон зүйлсийн органик нийлмэл хольцыг даршлан ялзмагжуулан бэлдэж ургамал ургахад хэрэгтэй бороо гарган авах гэсэн утга илэрхийлсэн Compost гэсэн Англи үгнээс гаралтай ухагдахуун юм. Ногоо, жимс, цэцэг, мод бут зэрэг бүхий л амьтан ургамлын гаралтай хаягдлыг даршлах аргаар боловсруулан бэлтгэсэн, ургамалд ашиглагдах хэлбэрийн шим тэжээлийн бодис агуулсан, агааржилт сайтай, чийг барих чадвартай, хөвсгөр бараан өнгөтэй органик нэгдлийг хэлнэ. Зөв боловсруулсан компост бичил элементүүд болон органик бодисоор баялаг тул хэрэглэх шороондоо холиход түүний бүтцийг сайжруулж, хөвсгөр хөнгөн болгож, агаар чийгийн зохистой харьцааг бүрдүүлэгчийн үүргийг гүйцэтгэнэ. Өөрийнхөө хэрэгцээг хангах, экологийн цэвэр, таримал ургамалд бүрэн ашиглагдах бордоо гарна. Үүнийг хийхэд маш энгийн бөгөөд хашааныхаа жижиг хэсэгт нүх ухаж бэлдэх эсвэл хайрцаг сав хийн түүн дотроо ахуйгаасаа гарсан органик хог хаягдлуудаа цуглуулан хийж даршилснаар өөрөө аажимдаа задарч шим тэжээл сайтай органик ялзмаг бүхий хөрс буй болдог бөгөөд үүнийг хар шороо болон бусад холимогуудтай хольж мод ургамлынхаа хөрсөнд хольж ашиглах нь өндөр үр дүнтэй.
Үүнд ордог зүйлс гэвэл хамгийн түрүүнд модны холтос, зоргодос, үртэс, навч, жижиглэсэн мөчир гишүү зэрэг нь олдоц сайтай, хүчиллэг ихтэй, агаар нэвтрүүлэх чадвар сайн боловч тэжээллэг чанар муу байдаг ба жижиглэж ялзмаг болгоод хүлрийг орлуулж болно. Дараагийн хамгийн чухал зүйл нь шинэ биш, дор хаяж хагас жил болон өнжсөн малын бууц ашиглана. Үүнд өнжсөн бууц, адууны хомоол, хоргол, сангас гэх зэрэг нь орох ба тэжээллэг чанарыг сайжруулах үүрэгтэй байдаг. Гуравдугаарт ургамлын гаралтай үлдэгдэл болох хөвд, био ялзмаг, түүхий ногоо, арилгасан хальс, жимсний халс, гол, хадсан өвс, зэрлэг ургамал зэрэг болно. Дөрөвдүгээрт амьтны гаралтай үлдэгдэл болох өндөгний хальс, малын жижиглэсэн яс, махны үйрмэг, ясны гурил, ноолуур, тэжээмэл амьтдын үс ноос зэрэг болно. Тавдугаарт ахуйн гаралтай органик хог хаягдал болох цайны шаар, кофены үлдэц, хоолны үлдэгдэл, картоон хайрцаг, жижиглэсэн сонин, цаас, ноорог, хэрэглэсэн салфетка, болон бүх төрлийн будаггүй цаасан материал, натурал хөвөн, ноосон ба торгон даавууг жижиглээд компост бордоо бэлдэж болно. Хэрэв та мод тарих нүхэндээ компост бордоо бэлдэж хийвэл ямар ч ургамлын ургалт сайжрахын дээр таны хог хаягдал маш багасаж эдийн засгийн үр ашигтай болно. Айл бүр компост бордоо буюу шим тэжээлт хөрс бэлдэн хийдэг болох хэрэгтэй.
Ойжуулалт болон цэцэрлэгжүүлэлт хийх нь хөрс хамгаалах үндсэн арга нь юм. Ойн үндсэн бүрдүүлэгч гол ургамал нь шилмүүст мод, түүн дотроо шинэс мод голлох бүрэлдэхүүн хэсэг болж ус, хөрсийг хамгаалахын зэрэгцээ ойн олон төрөл, зүйлийн амьтан, шувууны амьдрах орчин, хүнс, тэжээлийн бааз, нөөц нь болдог. Гол мөрний эх, усны ундаргыг бүрдүүлж, усны урсацыг зохицуулах, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, хүчилтөрөгч үйлдвэрлэх, нүүрстөрөгчийг бууруулах, хөрсийг тогтоон барьж элэгдэл, эвдрэлд орохоос хамгаалах, гадаргын болон гүний усны эргэлтийг тэнцвэржүүлэх, уур амьсгалыг зөөлрүүлэх, амьтан ургамлын амьдрах орчныг бүрдүүлэх зэргээр экосистемийн тэнцвэрт байдлыг хангахын зэрэгцээ үйлдвэрийн түүхий эдийн нэг чухал нөөц болж байдаг тул экологи, нийгэм, эдийн засгийн олон талын ач холбогдолтой. Мөн ойн амьтан, ургамал, шувуу, шавьж, бичил биетэн, хаг, хөвд, мөөг, тэр ч бүү хэл хүний амьдрах орчин болдог. Хөрсөнд ургамал ургана, ургамлаар өвсөн тэжээлтэн хооллоно, өвсөн тэжээлтнээр араатан жигүүртэн хооллоно. Тодорхой хугацааны дараа бүгд л газарт шингэж хөрсний органик, шим тэжээл болдог. Шилмүүст болон навчит ой нь хөрсийг хамгийн сайн хамгаалахын зэрэгцээ агаарыг төрөл бүрийн нянгаас цэвэрлэж, агаарыг цэвэршүүлж хүчилтөрөгч ялгаруулдаг. Мод нь агаарын чийгшлийг 10% ихэсгэдэг бөгөөд бусад ургамлын ургах орчинг бүрдүүлэхэд голлох нөлөөтэй ба амьтад шувуудыг хоргодох байр суух мөчир нь болж өгдөг.
Хэрвээ уулын модыг хэт ихээр нь хяргаж таствал хөрс эвдрэлд орж усаа тогтоон барьж чадахгүй нүцгэрсэн уул, талд л үер буух эрсдэлтэй болдог. Урд хөршид гэхэд иимпортолж авсан хушны самраараа ямар их ой үүсгэж хэдэн мянган га газраа ногооруулан ойжуулж хэдхэн жилийн дотор томоохон асуудал болоод байгаа элсний нүүдлээ зогсоосон ногоон хэрэм барьж байгаагаас бид суралцах ёстой. Монголын шилмүүст ой байхгүй байсан бол дэлхийн уур амьсгал, усны горим, хуурайшилт ямархан юм байх бол гэж төсөөлөхөд бэрхтэй. Харин говийн нөхцөлд элсний нүүдэл хамгаалахад түүн дээр ургадаг томоохон бутлаг болон модог ургамлууд болох тоороной, заг, хайлаас, харгана, хармагны бут нь салхинд хийссэн элс шороо, ургамлын органик үлдэгдлийг өөртөө хуримтлуулж довцог үүсгэн говийн элсний нүүдлийг тогтоон барьж бусад ургамлаа ургах нөхцөлийг бүрдүүлж бусад олон амьтад, мөлхөгчид, ургамал, шавьжны хорогдох, байр амьдрах, орчин идэш тэжээл нь болдог говийн хуурай эко системд хөрс хамгаалахад маш том үүрэгтэй оролцдог.
Хөрс бэлтгэл, арчилгаа, мод бут тариалалтын хувьд ихэнх мод чийглэг, ялзмагаар баялаг, хүчиллэг, хөнгөн хөрсөнд тун сайн ургадаг. Аливаа зүлэг цэцэг ургамал нь мод бутныхаа нөмөр нөлөөнд ургадаг жамтай бөгөөд эдгээр нь цогцоороо нийлж байж хөрсөө эргээд хамгаалдаг. Тиймээс эрс тэс хуурай уур амьсгалтай салхи шуурга хүйтрэлт ихтэй манай орны хувьд мод бутнаас салхины хаалт хамгаалалт хийж эгнүүлэн хашаа хийж тарих хэрэгтэй. Харин ямар мод тарьж байгаа болон модны ургалтын хэмжээнээс хамаарч хашааныхаа зай талбай, ус чийг, хоорондох зайг нь бодолцон тарина. Хүн болон машин явах хэсгийг болж өгвөл хатуу хучилт хийж мод бутыг эгнүүлэн тарьж үлдсэн газрыг зүлэгжүүлэх нь тоос шороо босохгүй зүлэг өвс халцрахгүй, зэрлэг ургамал ургахгүй байх давуу талтай. Аливаа мод нь нялх байхдаа бусад моднуудынхаа нөмөрт тэсвэртэй ургадаг. Ихэнх мод намгархаг устай хөрсөнд тохиромжгүй бөгөөд хөрсний гүний усны нэвчилт нь 1 метр байх хэрэгтэй.
Модны суулгах тогоо нь ихэнх мод бутанд дунджаар 60*60 см хэмжээтэй, суулгах нүхийг 5х5 м зайтай ба доош 80см гүн нүх ухаж хөрсийг маш сийрэг, шим тэжээллэг байхаар бэлдэх нь үндэс хурдан тарж бэхжин цаашдын сайн ургалтад нөлөөлдөг. Харин ухсан нүхэндээ заавал хөрсний бүтэц болон агууламжийг зохист харьцааг бүрдүүлж хөнгөн, ялзмагтай, шим тэжээлтэй, сийрэг байхаар болгож бэлдэх нь аливаа мод ургамлын цаашдын ургалтад сайн нөлөөтэй. Модыг ганц нэгээр нь эсвэл бүлэглэж, мөн шуудуулж эгнүүлэн тарьдаг ба энэ нь усжуулалтын систем болон усалгааг оновчтой болоод хялбар байдлаар шийдэхтэй уялдуулдаг гэсэн үг. Мод тарих нүхэндээ 50 хувьд нь хар шороо, 30 хувьд нь элс, 20 хувьд нь хөх бууц сайтар хольж хөрсөө бэлдэнэ. Бэлдсэн хөрсний гол хэсэгт модныхоо үндсийг тараан байрлуулж, шороогоор хучиж, гишгэлэн шороог нягтруулж, агаар орохгүйгээр чигжиж өгнө. Тарьсан модны үндэс нугалраагүй шулуун, үндэсний үзүүр доош чиглэсэн байх ёстой. Мод тарихад зориулан ухсан нүхэнд ялзмагт шороонд малын бууц, хар шороо, элс зэргээр багсармал бэлдэж хийж өгөх бөгөөд мөн эрдэс бордоо, фосфор, суперфосфат, кали, азотын бордоог хийнэ. Модыг тарьсан өдөртөө 60-80 литр, сөөгийг 20-30 литр усаар заавал услах шаардлагатай. Сийрүүлэлт нь өнгөн хөрсийг сулруулж, хатсан хөрсийг эвдэж, давхар бордож, өнгөн хөрсний бүтцийг сайжруулан ургамалд хэрэгтэй үржил шим болон чийг хадгалалтыг нэмэгдүүлэхэд оршино. Бас сийрүүлэлт нь зэрлэг ургамал устгах аргаар хэрэгжүүлж болдог. Сийрүүлэлтийг байнга хийх нь борооны болон усалгааны дараах хөрсний нягтшилаас сэргийлэх, сийрүүлэлт хийгдэхгүй бол үндэс боогдож ургамал сайн ургахгүй байх талтай.
Хөрсийг хүний хүчин зүйлээс хамгаалах маш олон аргууд байдаг. Хөдөө орон нутагт хамгийн түгээмэл тохиолддог нь өргөн уудам нутагтай зориулалтын асфальтан зам байхгүйгээс үүдэн хөдөө орон нутагт маш их дур дураараа гаргасан шороон замууд байдаг нь хөрс эвдэгдэх нэг хүчин зүйл юм. Мөн атар газар эзэмшиж байна гээд маш их хэмжээний атар газрыг хагалж орхих нь эргээд нөхөн сэргээгдэхгүй зэрлэг ургах, шороо нь хийсэх зэргээр хөрс талхлагддаг. Гялгар уутан болон хуванцар саван хаягдал нь байгальд шингэхгүй олон жил болж хөрс бохирдуулагч нэг томоохон хүчин зүйл болдог. Түүнчлэн төрөл бүрийн шилэн хаягдал нь бохирдол үүсгэхийн дээр нарны гэрэлд ойлт өгч гал түймэр гарах том хүчин зүйл болоод байгаатай хүн бүр тэмцэх хэрэгтэй байна. Хөдөө орон нутагт мал сүргийн бүтэц их алдагдсан, бие биетэйгээ уралдан тоо толгойн хойноос хэт их хөөцөлдсөнөөс бэлчээр талхлагдаж өвс ургамалыг гүйцэд үрлэж ургуулаагүйгээр даац хэтрүүлэн удаан хугацаагаар ашиглах нь бэлчээрийн ургамал өөрөө нөхөн сэргээгдэхгүй болдог.
Модыг шинжлэх ухааны үндэслэлгүйгээр хэт ихээр огтлох, тарвага үнэг хярс шувуудыг хэт ихээр агнах нь байгальд экосистемийн тэнцвэр алдагдаж үлийн цагаан оготно хэт үржих зэргээр бэлчээр талхлагдаж байна. Байгаль бидэнд элэгдэж эвдрэлд орсон хөрс ус чийг тогтоон барих боломжгүй больж гэнэтийн үер усны аюул нэмэгдэх, хуурайшиж, элсний нүүдэл газар бүрт ажиглагдан мод ургамал ургахгүй болж, тэр хэрээр амьтан ургамал ховордож, амьтад ундлах, өвс ургамал нөхөн төлжих орчин бүрдсэн жижиг баян бүрдүүд устаж байгалийн өөрийн экосистем тогтвортой ажиллах боломжгүй болж байгааг газар бүрт сануулж байна. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа өнөөг хүртэл хүнс, ахуйн хог хаягдал болон химийн, биологийн, цөмийн хаягдлаа хүртэл газрын хөрсөнд л булшилдаг. Хөрсний химийн процесс урт удаан хугацаанд тасралтгүй явагдаж байдаг ба хөрс нь өөрийгөө тодорхой хэмжээгээр цэвэршүүлэх чадвартай байдаг. Харин хот суурин газруудад нүхэн жорлон болон угаадасны нүхийг ил хийж хөрсийг маш ихээр бохирдуулах нь эргээд хүний эрүүл мэндэд нөлөөлж байна. Мөн ямар нэг байдлаар эвдрэлд орсон хөрсийг мод зүлэг тарьж зүлэгжүүлэхгүй бол эргээд хог хаягдал бөөгнөрч зэрлэг урган энэ нь хүмүүст элдэв харшил үүсгэх нөхцөл үүсгэж байна. Мөн ахуйгаас болон үйлдвэрээс гарч буй хогийг ил задгай ямар ч ангилахгүйгээр хаях нь маш том хөрс бохирдуулагч болдог. Түүнчлэн химийн болон аюултай хог хаягдлуудыг ялангуяа маш сайн ангилж устгал оруулдаг байх зохицуулалт байх нь зүйтэй.
Салхины хамгаалалт буюу ойн зурвас байгуулах нь шороон шуургыг бууруулах шинжлэх ухаанд аль хэдийн баталчихсан шилдэг арга юм. Газрын доройтлыг олон хэлбэрээр тодорхойлж болхоос хамгийн түгээмэл нэг хэлбэр бол шороон шуурга бөгөөд энгийнээр бол шороон шуурга гэдэг нь үзэгдэх орчин 1 километрээс бага болох үйл явц юм. Шороон шуурга хэдий байгалийн үзэгдэл гэж тооцогддог ч газар ашиглалтын буруу үйл ажиллагаа буюу хүний нөлөөтэйгөөр үүсч том асуудал юм. Шороон шуурганы талаарх судалгаанаас үзэхэд түүний шалтгаануудын 20-25 хувийг газрын муу менежменттэй холбож үзсэн байдаг. Тухайлбал, хөрсийг буруу ашигласнаас хөрсний бүтэц өөрчлөгдөж суларсан нарийн ширхгүүд ямар ч салхины нөлөөнд туугдан агаар мандалд дэгдэнэ. Өнөөгийн байдлаар шороон шуурганы нөлөөнд дэлхийн 155 улс өртөөд байгаагийн, 45 улс нь шороон шуурганы эх үүсвэрийн бүс нутаг хэмээн тодорхойлсон байдаг. Тэдгээрийн нэг нь Монгол улс юм. Судалгааны дүнгээр Монгол орны төв хэсгийн хээрийн бүсийн бэлчээрийн хөрстэй 1 га газраас 1 жилд 2-110 тн шимт хөрс ус салхины элэгдлээр алдагдаж байна. Дунджаар 1 жилийн дотор 1 га газраас 19.28 тонн хөрс эвдрэлд орох буюу хөрсний өнгөн хэсэг 1.61 мм-ээр нимгэрч байна. Байгалийн хөрсний эвдрэлийг 6.7 т.га жил байвал хэвийн гэж үздэг бөгөөд хээрийн хөрсний элэгдэл байвал зохих түвшингөөс 2.8 дахин илүү байна.
Салхины хамгаалалт гэхлээр хана хэрэм босгох ажил биш бөгөөд ойн зурвасыг 5-10 эгнээ мод тарьж бий болгодог. Мэдээж мод болгон өөрийн биологийн онцлогтой учир өндөр ургадаг мод, дундаж өндөртэй мод, нам бут сөөг гээд ээлжлэн эгнээ үүсгэн тарина. Энэ ногоон ханыг хөндлөн харвал яг л тор мэт зарим газраа нүхтэй зарим газраа навч, мөчрөөрөө халхалсан байдаг. Энэ нүхний хэмжээ хир байхаас хамаарч ойн зурвасыг нягт, сийрэг, сиймхий бүтэцтэйгээр байгуулна. Манай орны бүс нутагт сиймхий бүтэцтэй тарилтыг илүүтэй зөвлөсөн байдаг. Ойн зурвас буүхий хаалт нь элсний нүүдлийг сааруулах, хүчтэй салхины сөрөг нөлөөллийг бууруулахад онцгой үүрэгтэй. Тухайлбал салхин талд өндрийн шатлал бүхий ойн зурвас байгуулснаар салхины урсгалын хурдыг 15 м хүртэл зайд 80 гаруй хувиар бууруулах боломжтой байна. Хөрс нь хур тунадас болон борооны усыг өөртөө шингээн барих чадвартай байдаг. Энэ нь тухайн хөрсний механик бүрэлдэхүүн (элс, тоос, шавар), нягтшил, сүвшил, хээрийн чийг багтаамж, нэвчилт зэрэг үзүүлэлтүүдээс шалтгаалан хур борооны усыг өөртөө шингээх хэмжээ, хугацаа харилцан адилгүй байдаг. Өөрөөр хэлбэл хөрсгүй, хөрс хэт их эвдэрч талхлагдсан газарт үер буух эрсдэл өндөр байдаг.
Сэтгэгдэл