Нийслэлийн Байгаль орчны газраас санаачилж, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр “Улаанбаатар хотын хөрсний доройтол ба эрүүл ахуй” сэдэвт хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгээр нийслэлийн хөрсний өнөөгийн байдал, цаашид хэрхэх тухай асуудал дэвшүүлсэн юм.
Улаанбаатар хотын хөрснөөс авсан дээжийн 88 хувьд нь нянгийн бохирдол илэрч, их хэмжээгээр бохирдсон нь тогтоогдсоныг судлаачид хэллээ. Хотжилтоос үүдсэн хөрсний бохирдол, эрүүл ахуйн асуудалд эн тэргүүнд анхаарлаа хандуулж ажиллахгүй бол аюулын харанга дэлдэж байгааг ч онцлов. Нийслэлийн хэмжээнд эвдэрсэн газрын тооллого судалгааг ч мөн хийсэн байна. Барилгын салбарт ашиглагддаг ашигт малтмалын олборлолтоос хотын ойр орчмын газрын хөрс ихээхэн эвдэрч сүйджээ.
Эдгээр судалгаанд үндэслэн нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотын ногоон байгууламжид бохирдлыг сайтар шингээдэг мод, бут тарих, ургамлын төрөл зүйл нь цөөрсөн зарим газруудад зөгий үржүүлэх аргаар нөхөн сэргээлт хийхээр төлөвлөжээ. Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга хэлэхдээ “Ургамлын төрөл зүйл нь цөөрсөн, ядмаг болсон газруудад зөгийг ашиглана. Загвар төслийг Их, Бага Баяны орон нутгийн хамгаалалттай газар буюу Сэлбэ голын эсав газарт хэрэгжүүлсэн нь амжилттай болсон. Ирэх жилээс хувийн хэвшил, зөгий үржүүлэгчдийг дэмжиж, хамтарч ажиллана. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс голын хамгаалалтын бүсэд амьдарч буй айл өрхүүдийг битүүмжлэлгүй жорлон ашиглахыг хориглосон” гэв.
Нийслэлийн хөрсний бохирдолд хамгийн ихээр нөлөөлж буй нь нүхэн жорлон болон хог хаягдлын асуудал гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Гэр хороололд 800 мянган айл өрх амьдарч байгаагийн 95 хувь нь нүхэн жорлон ашигладаг. Одоогийн байдлаар хотын хэмжээнд нийт 190,000 нүхэн жорлон байдаг. Улаанбаатар хотын хөрсөнд хамгийн их бохирдол илрэх дундаж гүн нь 2.8 метр байгаа нь нүхэн жорлонгийн дундаж гүнтэй ойролцоо гэсэн судалгаа гарчээ.
Нүхэн жорлон хөрсний бохирдол үүсгээд зогсохгүй гүний усыг эмгэг төрөгч бичил биетээр бохирдуулж байгааг судлаачид хэлсэн. Мөн хог хаягдлын менежмент хангалтгүй байгаагаас хөрс ихээр бохирдож байна. Тиймээс хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ялгах, ангилах тогтолцоог нэвтрүүлэх, шат шатанд хяналтын тогтолцоог бий болгох шаардлагатай байгаа талаар хэлэлцүүлэгт оролцогчид асуудал дэвшүүллээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Ч.ЗОТОЛ
Сэтгэгдэл